82 настай Валли Фанк Жефф Безостой сансарт нисэхээр сонгогджээ

Twitter Print
2021 оны 07-р сар 02-нд 10:55 цагт
Мэдээний зураг,

60 жилийн турш сансарт нисэх мөрөөдлөө орхиогүй 82 настай Валли Фанк энэ сарын сүүлээр Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безостой хамт сансарт нисэхээр сонгогджээ.

1960 онд Америкийн "Меркури 13" нэртэй эмэгтэй сансрын нисгэгчдийг бэлтгэх хөтөлбөрт сайн дураараа оролцож байсан ба тэрээр энэ сарын сүүлээр Blue Origin компанийн Нью Шепард сансрын хөлгөөр сансарт ниссэнээр сансарт ниссэн хамгийн өндөр настай хүн болох юм.

Blue Origin компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос Валли Фанкийг Нью Шепард сансрын хөлгийн сансрын анхны аялалд урьж буй бичлэгээ өөрийн инстаграм хуудаснаа байршуулжээ. Валли Фанк Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос, Жефф Безосын дүү Марк болон Нью Шепард сансрын хөлөг онгоцоор аялах тасалбарыг 28 сая ам. доллараар худалдан авсан, нэр нь үл мэдэгдэх нэг хүний хамтаар Blue Origin компанийн сансрын анхны аялалд оролцоохоор болж байгаа юм.

Энэ сарын 20-нд хөөрөх Нью Шепард сансрын хөлөг онгоц дэлхийн гадаргуугаас дээш 100 гаруй км өндөрт хөөрөх, энэ үеэр хөлөг онгоцоор зорчигчид жингүйдлийг мэдэрч, эх дэлхийг сансраас тольдох боломжтой аж. Нийт аялал ойролцоогоор 11 минут үргэлжлэх ба хөлөг онгоц тусгай шүхрийн тусламжтайгаар дэлхий дээр газардах аж.

1939 онд Нью Мехикод төрсөн Валли Фанк онгоц жолоодож 19 600 цаг ниссэн туршлагатай бөгөөд 3000 хүнд хувийн жижиг онгоцноос эхлүүлээд зорчигч болон ачаа тээврийн том онгоцыг хэрхэн жолоодохыг заажээ.

Тэрээр Америкийн Үндэсний Тээврийн Аюулгүй Байдлын зөвлөлийн агаарын тээврийг хариуцсан анхны эмэгтэй байцаагч, АНУ-ын Иргэний Агаарын Тээврийн албаны анхны эмэгтэй байцаагч болж байсан туршлагатай нэгэн аж.

Түүнээс гадна тэрээр 1961 онд эмэгтэй сансрын нисгэгчдийг бэлтгэх хөтөлбөрт сайн дураараа хамрагдаж, бие бялдрын болон сэтгэл зүйн олон хүнд шалгалт, сургалтыг амжилттай давж байжээ.

Валли Фанкийн хувьд сансарт нисэх мөрөөдлөө хэзээ ч хаяж байгаагүй ба Virgin Galactic компанийн сансрын хөлгөөр нисэх тасалбарыг худалдан авахад 200 мянган ам. доллар зарцуулж байжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-us-canada

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.