
"Хөөрхөн зүрх" сан эмзэг бүлгийн хүүхдүүд, өвчинд шаналсан болон амьдралын нөхцөл бололцоо муу, алслагдсан дүүргүүдэд амьдардаг хүүхдүүдэд аль болох өчүүхэн ч гэсэн гэрэл гэгээ нэмэхийн төлөө зорилгоор нэгдсэн хэсэг залуусын санаачлан байгуулсан буяны байгууллага билээ. Эдгээр залуусын цуглуулсан хандив тусламж гэр хороололд номын сан, хүүхдийн эмнэлэг сувилалуудад хэрэгцээтэй зүйлс болон очдог.
“Хөөрхөн зүрх” сан энэ удаа Эх үрсийн баяраар эхлүүлсэн нэгэн том ажлынхаа ард гарчээ. Тэд Эх нялхсын эмнэлэгийн Хагалгааны тасгийн хоёр ариун цэврийн өрөө, хагалгааны өмнөх хүлээлгийн өрөө, гадна талбайг засаж шинэчилж өгчээ. Тэд энэ буянтай сайхан ажлыг "Хөөрхөн зүрх"-тэй найз нөхөд, хүмүүсийн тусламжаар бүтээсэн аж. Энэ нийгэмдээ өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах, зовсон зүдэрсэн, өвчинд шаналсан хүүхдүүдийн амьдралд өчүүхэн ч гэсэн гэрэл гэгээ нэмэх гэсэн тэдний хүсэл зорилгыг дэмжиж олон хүмүүс хандив туслалцаа өгчээ. Ийнхүү тэд зорьсон ажлынхаа ард гарч, Эх нялхасын эмнэлэгийн хагалгааны тасагт хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүддээ ая тухтай орчинг хүлээлгэн өглөө.
Тус сангийн үйл ажиллагааг дэмжигсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүсийн төлөө сэтгэл үйлсээрээ нэгдэх хүмүүс олон байгааг харуулж буй юм.
“Хөөрхөн зүрх” сангийн хамт олон болон хөөрхөн зүрхтэй бүх хүмүүст уншигчдынхаа өмнөөс “БАЯРЛАЛАА”.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505