Ерөнхий сайдаас давж дуугарсан дэд сайдад асар том амбийц байгаа бололтой

Twitter Print
2014 оны 07-р сар 08-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан УИХ-ын гишүүн Х.Баттулгын ил захидлын хариуг илгээж олон нийтэд түүнийгээ дэлгэсэн. Үүнд “Bank of China-ийн салбарыг Монголд нээх талаар Засгийн газрын түвшинд асуудал яригдаагүй шүү” гэдгийг онцолсон байв. Тэрбээр Х.Баттулга гишүүний бүх асуултад хариу өгсөн ч хамгийн их санаа амирлуулсан нь энэ л дээ. Гэтэл ердөө маргааш нь Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Bank of China-г бүү улстөржүүл. Битгий хард. Монголд орж ирж л байвал ашигтай шүү дээ” хэмээн “сөгдөх” нь холгүй өмөөрч ярилцлага өгсөн байх юм. Эндээс ерөөсөө Bank of China-ийн салбар нээх асуудал дээр Засгийн газар, Ерөнхий сайд гэхээсээ илүү Эдийн засгийн хөгжлийн сайд О.Чулуунбатын ашиг сонирхол, улайрал,амбийц хамгийн өндөр байсан нь тодорхой болж байгаа биз.

Гэвч монголчууд О.Чулуунбатыг “сайн танина”. Бас эдийн засаг “гадарладаг” хүмүүс Хятадын төрийн банкны нөлөөг, тодорхой хэлбэл Bank of China-г “доторлоно” л доо. Гаднын банк Монголд орж ирэхээс айгаад, дутуу ухамсарлаад байгаа юм биш. Монголчууд 20 жилийн өмнөх үеийг бодвол гартаа доллар, юань бариад үзчихсэн. Манай улсад “Чингис хаан”, “ХААН”,“Тээвэр хөгжлийн банк”-аас эхлээд гадны хөрөнгө оруулалттай банкууд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ.

 Онцлог нь тэд бол хувийн хэвшлийн банкууд. Харин Bank of China бол Хятадын төрийн банк. Тэд төрийн бодлогоо хэрэгжүүлэх, өгсөн даалгаврыг биелүүлэхийн тулд бага байтугай (-) ашигтай байсан ч хамаагүй. Тийм ч учраас манай өчүүхэн жижиг зах зээл дээр тоглох гэж ичгүүргүй орж ирж байгаа юм. Үүнийг О.Чулуунбат банкирын хувьд ч эдийн засагчийн хувьд ч хамгийн сайн мэдэж буй. Мэдсээр байж улайран зүтгэхийн цаана Хятадын төрийн даалгавар байна уу, аль эсвэл ашиг хонжоо бүхий амлалт авсан уу гэдэг л асуудал юм. Энэ талаас нь бид түүнийг хардах эрхтэй. Тэр ч өөрөө хардуулах үндэслэлтэй нэгэн билээ.

Наад зах нь Монголбанкны ерөнхийлөгч байхдаа төв банкнаас 10 сая ам.доллар гаргаад ОХУ-ын “Транс” банк руу шилжүүлээд алдчихсан, оролцсон гол холбоотноо олохыг ч хичээгээгүй  О.Чулуунбатад бид яагаад дахин итгэх ёстой юм бэ. Энэ бол ердөө 13 жилийн өмнөх явдал. Нэг алдаж болно. Хоёр дахиа алдахдаа Гандирс хороолол барина гэж 250 сая ам.долларын өрийн бичиг Монголбанкнаас гаргаж улсаа хохироохдоо Чалмерс гэгч америктай хуйвалдсан. Түүнийг Тагнуулын ерөнхий газар яаж ч илрүүлж чадахгүй байхад урьд нь түүнд залилуулж байсан бизнесмэн залуу тусалсан юм билээ. Банкны хяналт шалгалтын мэргэжилтнүүд тагнуулынхантай хамтарч хамаг аргаа шавхаад, эцэст нь бүх тактикаа зэрэг хэрэглэж байж илрүүлсэн түүний хэрэг хуучирсан гэж үү. Ер нь О.Чулуунбат яагаад гадныхантай, тэр тусмаа луйварчидтай нь ганзага нийлээд, эсвэл “хам хэрэгтэн” болчихоод байдаг юм бол. Энэ нь түүний өнөөх л “Хамааралтай баян амьдрах арга” уу.

Bank of China-г тэр буруу үнэлээгүй ээ. Түүнээс өмнө дэлхий үнэлчихсэн. Харин Хятадын төрийн банк учраас л гурван “А” байтугай 30 “А” зэрэглэлтэй байсан ч Төлөөлөгчийн газар нээхээс хэтрүүлж болохгүй байгаа юм. Ядаж энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд Ерөнхий сайд нь дэд сайдыг даваад дуугарчихаж болно биз дээ. Түүнээс биш гадны ямар ч банк оруулахгүй, хамтрахгүй гээгүй. Хувийн банк бол өрсөлдөөний зарчим нь шударга. Харин төрийн бодлого агуулсан төрийн банкнаас айхгүй байхын аргагүй.

Хамтарсан Засгийн газрын үед Японы “Сумитомо мицуй”, “Токио Мицубиши”  банкууд манайд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсч баримт бичгүүдээ Монголбанкинд ирүүлж байсан. Тус улсын “Софтбанк” манайд салбараа нээх нь гэсэн яриа ч байв. Аргагүй шүү дээ, эдийн засгийн 17.3 хувийн өсөлт дэлхийг алмайруулж байсан үе.  Тиймээс ч дэлхийн шилдэг 20-д багтдаг банкны хоёр нь Монголын Ерөнхий сайдын өмнө бөхийсөн нь тэр.

“Стандарт” банк, IMG банк, “Сумитомо”, Газпром”, Bank of China банкуудаас Монголын төр ямар сонголт хийж байв. Ерөөсөө л төрийн банк буюу О.Чулуунбат дэд сайдын хаацайлж хэлсэнчлэн Төрийн оролцоотой Public company-аас болгоомжлоод байгаа биз. Энэ “алтан зарчим”, төрийн залгамж чанар, бодлогоо  зөрчөөд нэг дэд сайдад хөтлөгдөн шийдвэр гаргах хүн Ерөнхий сайд Н.Алтанхуяг биш байх гэж найдаж  байна. Тиймээс ч Засгийн газрын түвшинд яриагүй шүү гээд мэдэгдчихлээ. Одоо Засгийн газраас “гадуур” О.Чулуунбат гэдэг хувь хүний ашиг сонирхол болж хувирах нь. Ихээр бодоход Монголбанкны ерөнхийлөгч асан гэдгээс өөр ямар эрх мэдэл түүнд байгаа вэ. Хэрэв Ерөнхий сайд үнэхээр мэдэгдэлдээ итгэлтэй байгаа бол, Засгийн газрын түвшинд ”, Bank of China-ийн салбарыг нээх асуудал огт яригдаагүй нь үнэн бол Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатаас болгоомжлох хэрэгтэй бололтой. Эсвээс түүнээс авсан зөвлөгөө, саналыг нь сонссон төдийхөн хүртэл өөрт тань, цаашилбал Засгийн газарт тань гай болж мэдэх юм биш үү.

C.Чулуун

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.