
Зураг дээр Малайзийн Karex үйлдвэрийн ажилчин бэлгэвчний найдвартай, аюулгүй байдлыг шалгаж байна
ДЭЛХИЙ ДАЯАР БЭЛГЭВЧНИЙ ХОМСДОЛД ОРОХ АСУУДАЛ ҮҮСЧЭЭ. ШИНЭ КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРЫН УЛМААС ҮЙЛДВЭРЛЭЛ НЬ БАГАСААД БАЙГАА ЮМ БАЙНА.
Шинэ коронавирусын халдвар тархсанаас үүдэн, үйлдвэрүүд хаагдаж, тээвэрлэлт тасалдсантай холбоотойгоор дэлхий даяар бэлгэвчний хомсдол бий болоод байгаа юм байна.
Дэлхийн хамгийн том бэлгэвч үйлдвэрлэгч болох Малайз улсын "Karex" компани үйлдвэрлэлийн хэмжээгээ аль хэдийн багасгахаас өөр аргагүйд хүрсэн ба үүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын зүгээс "гамшигийн байдал"-д хүргэж болзошгүй хэмээн анхаарууллаа.
Дэлхийн хамгийн том резин үйлдвэрлэгч бөгөөд бэлгэвчний гол үйлдвэрлэгч орон болох Малайз улс өнгөрсөн сард Зүүн Өмнөд Азиын улс орнуудын дотор хамгийн олон тооны коронавирусын халдварын тохиолдолтой улсын нэг болж орхисон тул улсын хэмжээний хөл хорио тогтоох шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрчээ (4 сарын 12-ны байдлаар халдварын тохиолдол 4683, эдгэрсэн 2108, нас баралт 76, одоо эмчлүүлж буй 2499 тохиолдол).
Дэлхий даяар борлуулагддаг бэлгэвчний тавны нэгийг үйлдвэрлэдэг "Karex" компани ч үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь хязгаарлагдахад хүрч, 3 сарын дундаас 4 сарын дунд хүртэлх үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх жилүүдийнхээс 200 саяар цөөн байх төлөвтэй болсон аж. Тус компани олон байгууллага, засгийн газруудад бэлгэвчийг дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийлүүлдэг боловч Малайз дахь 3 үйлдвэрээ хэсэг хугацаанд хаахаас өөр аргагүй байдалд орсон бөгөөд тус компаний удирдлагуудын үзэж байгаагаар цаашдаа бэлгэвч нийлүүлэх асуудал хүнд байдалд орж, "Дэлхий ертөнц бэлгэвчний дутагдалд орох” байдалд хүрээд байгаа юм байна.
НҮБ-ын Хүн амын сангийн мэдээлж байгаагаар шинэ коронавирусын нөлөөнөөс болж тус байгууллагад нийлүүлэгддэг бэлгэвч өмнөхтэй харьцуулахад ердөө 50-60%-тай л байгаа юм байна. НҮБ-ын Хүн амын сангаас “бэлгэвч болон бусад жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн дутагдал нь төлөвлөгдөөгүй жирэмслэлтийг ихэсгэхэд хүргэж, насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүд, хамтрагч, гэр бүлийн хүмүүсийн хувьд эрүүл мэнд, нийгмийн хувьд сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй байгаа бөгөөд энэ нь аюултай үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин, ДОХ вирусийн халдварыг нэмэгдүүлж болзошгүй юм” хэмээн анхааруулж байна.
Нөгөө талаар үйлдвэрүүд зогсолт хийж, тээвэрлэлтийн хязгаарлалт зэргээс болж бэлгэвч үйлдвэрлэл будилаантай болж байгаа хэдий ч эрэлт нэмэгдсээр байгаа бололтой.
3 сарын 25-ны өдөр коронавирусний тархалттай тэмцэхийн тулд Энэтхэгийн бүх хүн ам болох 1.3 тэрбум хүнийг гэрийн хөл хорионд оруулсны дараах долоо хоногт Энэтхэгт бэлгэвчний борлуулалт 25-35%-иар нэмэгдсэн гэсэн мэдээлэл байна.
Халдварын тархалттай холбоотойгоор дэлхий даяар улс орнуудад гадуур гарахыг хязгаарлаж, хөл хорио тогтоож байгаатай холбоотойгоор хойшид ч бэлгэвчний эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ.
Коронагийн гар хөл хүрэхгүй газаргүй болжээ.
Эх сурвалж: https://www.theguardian.com/
Ойдовын Батгэрэл Ph.D
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.