1072 хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнээс 425 мянга нь л дансаа баталгаажуулжээ

Twitter Print
2020 оны 05-р сар 04-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараах болсон.

Ногдол ашгийг энэ сарын 1-нээс эхлэн иргэдэд олгох байсан ч, тодорхой шалтгааны улмаас хойшлоод байгаа аж. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр “Хэдийгээр манай компани бэлтгэл ажлаа бүрэн хангасан хэдий ч хувьцаа эзэмшигч 2.512.00 иргэн хувьцааны дансаа нээх, банкны дансаа хувьцааны данстайгаа холбох, холбосон банкны данс нь идэвхитэй ажиллаж байгаа эсэх мөн хувьцааны дансаа нээлгээгүй иргэдийн ногдол ашгийг банкны дансаар нь хэрхэн өгөх, хүүхдүүдийн ногдол ашгийг яаж өгөх гээд хянаж цэгцлэх ажил их бий. Энэ ажил хийгдээд бараг дууссан, давхардал үүсгэхгүй, иргэдийг гээгдүүлж хохироохгүй байх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Гааль, татварсанхүүгийн мэдээллийн технологийн төв” зэрэг газрууд мэдээллээ хоорондоо солилцох, тулгах ажил хийгдэж байна” гэв.

Мөн ““Эрдэнэс-Тавантолгой”  ХК-ийн Хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.768. Үүнээс хувьцааны дансаа нээлгэсэн 1.718.296 иргэн байгаа бол банкны дансаа баталгаажуулсан 425.000 мянган иргэн байна. Хэрэв И баримт апп хэрэглэж, НӨАТ-ын буцаан олголт авдаг бол энэ дансаараа авах боломжийг бас бүрдүүлсэн. Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ. Эдгээрийн алинд нь ч хамаарахгүй буюу хувьцааны дансаа нээлгээгүй, И баримт апп хэрэглэдэггүй иргэдийн ногдол ашгийг шилжүүлэх ажилд хүндрэл гарч байгаа. Тиймээс И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэнэ” гэлээ. 

Ногдол ашиг гэж юу вэ?

Ногдол ашиг гэдэг нь компани тайлант хугацаанд олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ тараахыг хэлнэ. Компани ашгаа тараахын оронд шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр дотооддоо ашиглаж болох тул компани жил бүр ногдол ашиг тараахгүй байж болно.

Ногдол ашиг авснаар хувьцааны тоо хэмжээнд өөрчлөлт орох уу?

Ногдол ашиг авснаар хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааны тоо хэмжээнд өөрчлөлт орохгүй. Зүйрлэж хэлбэл, хүн өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслүүлснээр түрээсийн орлоготой болох бөгөөд энэ нь тухайн үл хөдлөх хөрөнгөө худалдаж байгаа зүйл биш юм.

Ногдол ашгаа хэрхэн авах вэ?

"Эрдэнэс таван толгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр компанийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус компанийн зүгээс ногдол ашгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ХХК-д байрлах иргэдийн үнэт цаасны дансаар дамжуулан тараах тухай мэдэгдсэн.

Үнэт цаасны данс хэрхэн нээлгэх вэ?

Хэрэв иргэн үнэт цаасны данс нээлгэхийг хүсвэл юуны түрүүнд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн цахим хуудас эсвэл 158989 дугаарт регистерийн дугаараа латин үсгээр бичиж илгээснээр өмнө нь үнэт цаасны данс нээлгэж байсан эсэхээ шалгаж болно. Үнэт цаасны данстай бол дахин нээлгэх шаардлагагүй.

Хувьцаа эзэмшигч үнэт цаасны дансаа нээлгээгүй байсан ч ногдол ашгийн мөнгөн хөрөнгө “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дээр хадгалагдах бөгөөд ногдол ашгийг хуваарилах ажиллагаа нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх тул шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс мөн Монгол Улсын Засгийн газраас хуулийн этгээдүүдийг “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т хэсэгчлэн шилжүүлсэн байгаа энэ үед өөртөө болон бусдад эрсдэл үүсгэхгүй, хэт яаравчлахгүй байдлаар үнэт цаасны дансаа нээлгэх ажлаа зохион байгуулахыг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвлөсөн.

Үнэт цаасны дансыг 2018 оноос эхлэн цахимаар нээх боломжтой болсон тул иргэд заавал үнэт цаасны компани дээр биеэр очихгүйгээр дансаа нээлгэж болно. Уг дансыг хөрөнгийн биржид бүртгэлтэй аливаа компанийн хувьцааны арилжаанд оролцох, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржид бүртгэгдсэний дараа арилжаалах үед ашиглана. Үнэт цаасны данс нээлгэх компанийг сонгохдоо тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх, үйлчилгээний чанар, хүртээмж, үнэ өртөг зэргийг харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа худалдах боломжтой юу?

-Одоогоор боломжгүй юм. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 350 дугаар тогтоолын дагуу, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг түүний хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдэх хүртэл бусдад худалдах, шилжүүлэхгүй байхаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржид арилжаалагдаж эхлэх хүртэл бусдад шилжүүлэх, худалдах боломжгүй бөгөөд хөрөнгийн биржээр хувьцаа нь арилжаалж эхлэхийн тулд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нээлттэй хувьцаат компани хэлбэрээр Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн байх, Санхүүгийн зохицуулах хорооноос хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн байх шаардлагатай юм.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь хаалттай хувьцаат компани буюу Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа тул иргэд өөрийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг бусдад худалдах, шилжүүлэх боломжгүй байна.

ас барсан хүний хувьцааг өвлөж авч болох уу? 

-ЭТТ компанийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ. Харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авна.

-Хувьцааны тоо ширхэг яагаад зөрүүтэй байна вэ?  

  • 1068ш хувьцаатай бол-2011 онд эрүүл мэндийн даатгалын  8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 9 хувьцаа хасагдсан.

  • 964ш хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100,142 төгрөг авсан бөгөөд 108 ширхэг хувьцаа хасагдсан.

  • 857ш хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200,284 төгрөг авсан бөгөөд 215 ширхэг хувьцаа хасагдсан.

  • 750ш хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан бөгөөд 322 ширхэг хувьцаа хасагдсан.

  • 527ш хувьцаатай бол- 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 545ш хувьцаа хасагдсан.

  • 544ш хувьцаатай бол-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 528ш хувьцаа хасагдсан.

  • 536ш хувьцаатай бол- 2011/03/11-2012/04/11 хооронд нас барсан, Монгол улсын харъяатаас гарсан иргэдэд хамаарна. 

-Дансаа хаана, яаж нээлгэх вэ? 

-Өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед иргэд гадуур гарах шаардлагагүйгээр онлайнаар данс нээлгэх боломжтой болсон. Одоогоор 11 брокерийн компани онлайнаар дансаа нээж байна. Монголд үйл ажиллагаа явуулж буй брокерийн компанийн мэдээллийг ЭНДЭЭС авах боломжтой.

Г.Ганаа 

Холбоотой мэдээлэл: 1072 хувьцааны ногдол ашгаа авахад юуг анхаарах вэ

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.