Дан.Нямаа - “Мөрөөдлийн цэцэгтэй нас”, “18 нас” дуунууд нэг шүлэг, хоёр аялгуутай

Twitter Print
2020 оны 07-р сар 17-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

Энд тэнд хүмүүс сонирхоод байдаг хоёр дууныхаа тухай бичилхэн хууч хөөрөе. Хоёр аялгуутай нэг шүлэг л дээ. Алиных нь ч нэрийг сонссон хүмүүс мэддэг л дуунууд.

Эхнийх нь "18 нас" дуу. Камертон хамтлагийн нэрийн хуудас болсон дуу. Хөгжмийг нь Никитон хамтлагын ахлагч С. Батчулуун зохиосон байдаг. 1990 -ээд оны эхээр нэг продакшнаас дууны шүлгийн уралдаан зарласан юм. Тэр уралдаанд л зориулж бичсэн шүлэг л дээ. Уг уралдаан зарлагдаад л сураггүй болсон. Сүүлд Камертон хамтлаг дуулаад олон жил болчихсон хойно нь бараг 2000 оны эхээр чиний шүлгээр хийсэн дууг дуулж байна гэж хүний амнаас сонсож мэдсэн хэрэг. Чихэвч хийж үг, үгээр нь сонсож байж л итгэсэн билээ.

Алиманхан сарны болорхон туяанд гэдэг үгийг л Алтанхан нарны болорхон туяанд гэж дуулаад байх аж. Бидний үеийнхэн бол сарны туяанд л болзохыг мөрөөддөгсөн... Тэрнээс бусад нь бол бичсэн үгээр минь аж. Хамгийн эхний бадгийг бол ор тас хаяжээ. "18 нас " дуунд хаягдсан тэр бадаг минь харин "Мөрөөдлийн цэцэгтэй нас" дуунд бүтнээрээ дуулагддаг билээ. 2000 оны дундуур шиг санагдана, Рок попынхоны нэг хөгжмийн наадмын үеэр надад "18 нас" дууны шүлэг бичсэний учир "Mongolian GOLDFN songs" гэсэн бичиг бүхий алтан пянзны дүрстэй цом гардуулж билээ. Шагнал гардуулах ёслол дээр би "18 нас" дууны шүлгээ бүтнээрээ уншсансан... Тэгэхэд "Камертон" хамтлаг Америк, Европоор тоглолт хийж яваа учир энд хараахан хүрэлцэн ирсэнгүй гэж хөтлөгч хэлж байсан, тэдэнтэй уулзах боломж тэнд л байсан байж магадгүй юм. 

Камертон хамлагийнхан анхны цомог дээрээ "18 нас дуу"-ны шүлгийн зохиогчийг Нямдорж гээд биччихсэн байдаг, 1996 онд миний "Амьдрал аа би чамд хайртай" тоглолтон дээр "18 нас" дууг дуулахаараа ирэхдээ цомогоо дурсгасан юм, тэгэхэд л нэрийг минь буруу биччихсэнийг мэдсэн хэрэг. Тэгээд цаашдаа цомогоо гаргахдаа Данзангийн Нямаа гэж бичээрэй гэж аминчилсан юмсан, хожмын цомгууд дээрээ зассан байлгүй дээ. Лав л энд тэндэхийн караоке дээр Нямдорж гээд гарч ирээд байх юм гэж түүгээр үйлчлүүлэгчид надад гомдол гаргах нь бий... Одоо харин "18 нас " дууны шүлгээ унших ажааму.

Үгийг Дан.Нямаа

Хөгжмийг С.Батчулуун Камертон хамтлаг.

18 нас

Шүүдэрхэн тунгалаг гэрэлт ододтой

Шөнөжин эрмэлцэх мөрөөдөж хоноод

Алиманхан сарны болорхон туяанд

Анхны болзоонд зогсмоор санагдаад

Аяа, миний

18 нас

Ахин ирэхгүй ч

Мөнхийн гэрэлтэй нас!

Доторхон нууцлагхан гэгээн хүсэлдээ

Дотнохон, танилхан царайг ургуулаад

Үүрээр түүнийхээ улаахан уруулаар

Үнсүүлж зүүдэлж, сэрмэгцээ ичингүйрээд

Аяа, миний

18 нас

Ахин ирэхгүй

Мөнхийн гэрэлтэй нас!

"18 нас" дууны минь орхигдсон бадаг доор байна.

Анхилхан ялдамхан мөрөөдлийн цэцэгс

Аглагхан сэтгэлийн нугад дэлгэрээд

Уяхан бодлын ягаахан бороо

Улаахан,цэнхэрхэн дэлбээнд сондорлоод

Аяа, миний

18 нас

Ахин ирэхгүй

Мөнхийн гэрэлтэй нас!

1990 он.

"18 нас " дууны шүлгээ 1990-ээд оны эхээр байх хөгжмийн зохиолч Д.Хатанбаатарт үзүүллээ. Тэрээр уншиж үзээд аятайхан шүлэг юм, ганцхан дахилтыг нь солих хэрэгтэй. 18 нас минь гэсэн дахилттай дуу арван наймаас ч олон бий... Би аялгуу хийе гэв. Тэгээд л тэр дор нь дахилтыг Мөрөөдлийн цэцэгтэй насныхаа Нууцыг хэнд задлая даа гэсэн үгээр зассан юмсан, дууны аялгуу ч тун түргэн гарсан, Монголын радиогийн алтан санд тэр үеийн Хөгжим бүжгийн дунд сургуулийн сурагч Б.Цолмонгийн дуулснаар орсонсон...

Энэ дуу гарсан даруйдаа л тун түргэн тархсан, зарим нэг хүүхдийн зуслангийн сүлд дуу ч болсон гэсэн шүү. 2010 оны үед Өмнөговь аймагт явж байхад тэндхийн дунд сургуулийн багш нар дуулж өгснийг дурснам. Дахилтыг нь бид ингэж дуулдаг байлаа гэж надад үглэж үзүүлсэн. Мөрөөдлийн цэцэгтэй насныхаа нууцыг хэзээ, хэнд, хэдийд, хэрхэн яаж задлая даа гэдэг байв шүү гээд инээцгээхэд нь охин хонгор насных нь гэрэлт цагаан шувууд жиргэн нисэж байх шиг санагдсан шүү. Одоо Мөрөөдлийн цэцэгтэй нас дууны шүлгээ сонирхоно уу.

Үгийг Дан.Нямаа

Хөгжмийг М.Хатанбаатар Дуучин Б.Цолмон

МӨРӨӨДЛИЙН ЦЭЦЭГТЭЙ НАС

Анхилхан ялдамхан мөрөөдлийн цэцэгс

Аглагхан сэтгэлийн нугад дэлгэрээд

Уяхан бодлын ягаахан бороо

Улаахан,цэнхэрхэн дэлбээнд сондорлоод

Мөрөөдлийн цэцэгтэй насныхаа

Нууцыг хэнд задлая даа!

Шүүдэрхэн тунгалаг гэрэлт ододтой

Шөнөжин ирмэлцэж мөрөөдөж хоноод

Алиманхан сарны болорхон туяанд

Анхны болзоонд зогсмоор санагдаад

Мөрөөдлийн цэцэгтэй насныхаа

Нууцыг хэнд задлая даа!

Доторхон нууцлагхан гэгээн хүсэлдээ

Дотно танилхан царайг ургуулаад

Үүрээр түүнийхээ улаанхан уруулаар

Үнсүүлж зүүдэлж сэрмэгцээ ичингүйрээд

Мөрөөдлийн цэцэгтэй насныхаа

Нууцыг хэнд задлая даа!"

1992 он

Д.Нямаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.