
Эрдэмтдийн үүрэг бол эргэлзээг тайлж, Үнэнийг нягталж түмэнд мэдлэг болгох түгээх. Тэгвэл монголчуудын цагаан сартай холбоотой ямар эргэлзээ байдаг вэ? Эрдэмтэн судлаачид ямар асуудлыг тойрч, эсвэл бүрхэгдүүлдэг вэ?
1. Чингис хаан намар тэмдэглэдэг байсан цагаан сарыг хавар руу шилжүүлсэн нь тухайн үеийн ямар түүхэн баримт, сурвалжаар нотлогддог вэ? Одоогоор ийм баримт, сурвалж байхгүй. МНТ-ны эхний 10 бүлэг Чингис хааны нас эцэслэсний хойтон шар хулгана жил буюу 1228 онд, сүүлийн 2 бүлэг нь Өгэдэй хааныг нас барахын өмнө 1240 оны үед бичигдсэн, цэг хатгасан огноогоо тодорхой тэмдэглэн үлдээсэн боловч жарны тухай, цагаан сарыг намраас хаварт шилжүүлсэхээр Их хаан зарлигласан тухай огт дурдаагүй.
2. Монголчууд түүх, түүхэн үйл явдлын он цагийг тооцохдоо рабжун буюу XVII жарны тооллын систем ашигладаг. Энэ жил XVII жарны усан бар жил. Тэгэхээр жарны эх нь 1026 (1027) он гэсэн үг. Тэр үед монгол, түвэдүүд цаг тооллоо адилтган жарны тоолол эхлүүлэх боломж байсан уу? Ийм хэмжээнд хүртэл соёлын харилцаа хөгжихөд багагүй хугацаа шаардагдах ёстой. Хамаг Монгол улсыг анх байгуулж, Алтан улс, Тангуд, Баруун Ляо улстай сайн харилцаа тогтоох гадаад бодлого хэрэгжүүлсэн Хабул хаан 1084, зарим эрдэмтдийнхээр 1101 онд төрсөн. Түүнээс өмнө бие даасан ханлигууд буюу аймгууд оршиж байсан гэж үздэг. Тэд 1026 онд нэгдсэн бодлогоор жарны тоололд шилжих ямар ч боломжгүй. Нийтийн тооллын өмнө оршиж байсан, монголчуудын өвөг дээдэс Хүннү гүрэн 12 жилийн цаг тоололтой байсан нь хөдөлбөргүй үнэн. Тэд жарны тоооллын системийг ашиглаж байсан нотолгоо байхгүй ч энэ нь үгүйсгэж болно гэсэн үг биш.
3. Монголчууд Хубилай хаанаас хойш буддын шашныг нийтээрээ тасралтгүй шүтсэн үү? Үгүй. Уламжлалт бөө мөргөлөө нийтээр шүтэж байсан. 1585 онд Тахай балгаснаа Эрдэнэзуугийн сүм баригдсан нь Их Монгол улсын үеэс хойш Халхын нутагт баригдсан анхны сүм болсон. Өндөр гэгээн 1649 онд Түвдэд очиж жил хагас болж ирнийхээ дараа Төвхөн, Сарьдагийн хийдүүдийг байгуулсан. Ар Монгол 1691 онд Манжид дагаар орсны дараа Манжийн хаан засаг захиргааны шинэчлэлт хийж, хошуу болгонд 40 ламтай хийд байгуулах зарлиг буулгаснаас хойш сүм хийдүүд олноор баригдаж эхэлсэн. Одоогийн Улаанбаатарын анхны хийд Дамбадаржайлинг 1764 онд Манжийн хааны зарлигаар барьсан. Засагт хан аймагт гэхэд л 1696 онд анхны хийд байгуулагдсан. Тийм болохоор Чингисийн үеэс түвэд зурхайгаар Цагаан сараа тэмдэглэж ирсэн гэх нь үнэнд үл нийцнэ. Намрын сард цагаан сараа тэмдэглэх ёс нэлээд хожуу хүртэл үргэлжилснийг тодлох баримтууд бас чиг олддог.
Уламжлалт монгол тоолол гэж байсныг Н.Нагаанбуу нарын судлаачид уг нь хангалттай нотолсон, ном бүтээлүүд ч нэлээд гарсан. Харамсалтай нь манай судлаачид тэдгээрийг эшлэх, дурсах дургүй. Уг нь түүхээ үнэн зөвөөр нь мэддэг байя гэж үүнийг өгүүлж байгаа болохоос тэрхүү тооллыг сэргээн хэрэглэе гэж уриалах бодол надад алга. Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө билээ. Үнэнийг үнэнээр нь өгүүлээд, өнөөдрөөрөө амьдрах нь зөв байх. Түүхийн янз бүрийн баримтуудыг өнөөдөр рүү чирч ирэн хэрүүлийн алим дэгдээх нь ямар ч утгагүй асуудал учраас зүгээр л үнэнийг олж тогтоогоод, өнгөрсөн түүхээ үнэн зөвөөр нь бичээд, өнөөдрийн шашин хоорондын маргаан мэтгэлцээнд ашиглахгүй орхимоор байна.
Б.Галаарид
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.