“Гурван зүйл өгүүлсү” буюу “Эгэл жирийн амьдрал”

Twitter Print
2020 оны 01-р сар 04-нд 16:14 цагт
Мэдээний зураг,

Өмнөх аяллаасаа хойш гурван сарын дараа ажил аяллаар Япон яваад ирлээ. Бага сага ажил амжуулж, сонин хачныг үзэж харж явав.

Энэ удаагийн аялалаас гурван зүйл сэтгэлд үлдэв. Эхлээд, 83 настай эмээгийн тухай. Соробангийн багш маань эхнэртэйгээ хамт намайг Шиобара хэмээх халуун рашаан руу дагуулан явлаа. Бидэнтэй хамт 83 настай эмээ явав. Эхлээд би 83 настай гэж төсөөлсөн ч үгүй. 70 гаруй л настай болов уу гэж бодож байлаа. Хөнгөн шингэн гэж жигтэйхэн. Надаас өчнөөн юм асууж шалгаагаад “амар заяа үзүүлдэггүй ээ”. “Та нутагтаа малтай юу” л гэнэ, зурагтаар Монгол хүн бүр малтай байдаг гэсэн, утаа яаж байна, (сүмочдын талаар сурвалжилж ирсэн сэтгүүлчид телевизээр утаатай Улаанбаатарыг харуулсан юм уу даа) л гэнэ.

Монгол сүмочдын хэнийх нь буруу хэнийх нь зөв бэ, зодолдолгүйгээр тохиролцож болоогүй юм байх даа, л гэнэ. Гэтэл манай багш хэлж байна аа, энэ эмээгийн нөхөр нь бидэнд их тусалдаг байсан, хэдэн жилийн өмнө нас барсан юм. Энэ Маки сан өнөө өглөө манайд дугуйгаараа давхиад л ирсэн. Саяхан хүртэл машин унадаг байсан. Охидууд нь Токиод амьдардаг учраас гэртээ ганцаараа байдаг юм. Тэгээд л хүнтэй тааралдахаараа юм яриад салдаггүй юм, тэгээд ч өөрөө бас их яриасаг хүн, гэж хэллээ. Маки эмээ идэж байгаа хоолныхоо зургийг аваад л “энэ зургийг ач хүүдээ явуулна” гэж байв. Хараад байх нь ээ, өвчин зовлонгүй, цаашдаа яана аа, гэх мэтээр санаа зовох юм энэ хүнд алга аа. Гайхаж бахархмаар ч юм шиг, бас, өрөвдмөөр ч юм шиг...

Дараа нь,100 настнуудын тухай. Япончууд урт насалдаг. Яахав, ингэж амьд явах бас ямаршуу байдаг юм бол доо, гэж бодогдохоор, хүний гарт орчихсон хүмүүс харагдаж л байдаг. Телевизээр нэвтрүүлэг гарч байна аа. 100 настнуудын тухай. Маш олон хүн 100 насалчихсан хэрнээ биднээс дутахгүй ажиллаж хөдөлмөрлөж байна. Арав гаруй хүний тухай гаргаж байна. Дэлгүүртээ кассны машины ард зогсчихсон мөнгө хураагаад л, тооцоо хийгээд л, ... Яг л тавь жартай хүмүүс шиг л ажиллацгааж байна ... Нэвтрүүлгээр тэдний залуу нас, ямар ажил хөдөлмөр хийж байсан тухай ... үзүүлж, хамгийн аз жаргалтай үе хэзээ байсан бэ, гэх мэт янз бүрийн юм асуугаад л. 

Tumurbaatar Deleg-н зураг.

Нэг асуултанд 100 настнууд бүгд ижилхэн хариулт өгч байв. Асуулт нь бол “100 жил хэр зэрэг хурдан өнгөрсөн бэ, эсвэл удаан өнгөрөв үү” гэсэн асуулт. Бүгд л, японоор “ат тоиү ма” буюу монголоор “зурсхээд л өнгөрсөн” гэж хариулж байв. 100 насалчихаад “100 жил маш хурдан өнгөрлөө” гээд яриад зогсож байгаа хүмүүсийг хараад их юм бодогдож, сэтгэл их хөдөллөө. Үүнийг уншигч та хэдэн настай вэ, өнгөрсөн амьдрал чинь зурсхийж өнгөрсөн үү, гэх мэтээр бодоод үзээрэй. Дүгнэлт, ажилтай, зүтгэлтэй, амьдралаа харамсах юмгүй, завгүй өнгөрөөсөн хүмүүс л цаг хугацааг мэдрэхгүй байгаа байх.

Эцэст нь, Японд сурч буй Монгол залуустай уулзсан тухай. 10 гаруй жилийн өмнө бол би Монгол залуустай уулзаж, яриа хөөрөө их өрнүүлдэг байсан. Одоо ийм уулзалт хийхээ больсон. Харин энэ удаа Сайтама мужийн Кавагоэ хот дахь Яматэ хэмээх япон хэлний сургуульд сурч буй залуустай уулзаж бага зэргийн яриа хийж, зөвлөгөө өглөө. Би хоёр зүйлийг л сануулж ярьж хэлж өглөө. Нэгдүгээрт, зорилготой хүсэлтэй ирсэн учраас тэр хүсэл мөрөөдлөө л үргэлж санаж хичээж явах хэрэгтэй шүү, зүгээр л урсгалаараа явж болохгүй, гэж.

Хоёрдугаарт, хаана ч явсан чи Монгол хүн гэдгээ мартаж болохгүй, чиний эргэн тойрныхон чамаар л Монголыг төсөөлнө, чи одоохондоо Монголынхоо төлөө хийж чадах юм бол ердөө энэ шүү, гэдгийг хэлж өглөө. Залуус их л өөдрөг сэтгэгдэлтэй байцгаана билээ. Саяхны Японд “метронд зодолддог монгол залуус” бол тун цөөхөн Монгол залуус, бүгд л сурах гэж амьдрах гэж тэмүүлж яваа залуус гэдгийг би очих бүртээ мэдэрдэг. Гадна дотноор явж байхдаа дэлгүүр хоршоогоор орохоос гадна хүмүүстэй уулзаж, ярилцаж байхад сонин юм их мэдэж, өөрийгөө таньж, Монгол орноо харьцуулж бодоход их тустай юм байна лээ шүү, найз нар минь.

Япон судлаач Д.Төмөрбаатар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.