Дэлхийн шатрын олимпиадад оролцох баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Twitter Print
2020 оны 08-р сар 21-нд 16:58 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн шатрын олимпиадад оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр /08.21/ “Их тэнгэр” цогцолборт зохион байгуулагдлаа.

Ёслолд Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Зөвлөх Ж.Отгонцагаан, Монголын шатрын холбоо/МШХ/-ны Ерөнхийлөгч Я.Санжмятав, УИХ дахь шатрын спортыг дэмжих лобби бүлгийн дарга Б.Саранчимэг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Дэд дарга Ц.Одонбаяр, МШХ-ны удирдлагууд оролцож баг тамирчдад хүндэтгэл үзүүлэн, амжилт хүсэв.

Монголын баг тамирчид нь Дэлхийн шатрын олимпиадад 1955 оноос хойш тасралтгүй оролцож, одоогоор чансаагаараа Дэлхийд 25, Ази тивд 4 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна. Энэ жилийн Дэлхийн шатрын олимпиад нь цар тахлын улмаас анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй бөгөөд Монгол улсаас нийт 12 тамирчин өрсөлдөх юм. ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах нь Дэлхийн шатрын холбоонд илгээсэн захидалдаа тус олимпиад нь спорт-олимпизмийн үнэт зүйлс цар тахлын үед үргэлжлэн дэлгэрэх илрэл мөн хэмээн онцолсон байна. 

ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

1-3 дугаар өрөг:

08 сарын 21-ний өдрийн 16:00-19:00 цагт

4-6 дугаар өрөг:

08 сарын 22-ны өдрийн 16:00-19:00 цагт

7-9 дүгээр өрөг:

08 сарын 23-ны өдрийн 16:00-19:00 цагт тус тус болно.

ABChess шууд дамжуулалтын фейсбүүк хуудас өдөр бүр Монголын баг, тамирчдын тоглолтыг www.chess.com платформтай хамтран албан ёсны эрхтэйгээр ДШХМ Б.Ану, СМ Б.Галмандах нарын тайлбартайгаар шууд дамжуулан хүргэнэ. 

Эх сурвалж: МҮОХ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.