Б.Золбаяр - Усанд явахад /Өгүүллэг/

Twitter Print
2022 оны 06-р сар 09-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

Усанд явахад

Өвлийн өдөр хэлбийж байлаа. Нар цаст Жаргалантын тэргүүн дээр төө хэрийн зай­тай бо­лоршин гялалзаж ха­раг­дана. Мөдхөн нөгөө охин усанд явна. Би ч бас.

Гэхдээ тэр эхэлж ногоон даамангийнхаа хаалгыг нэг гараараа түлхэн нээгээд, нөгөө гартаа хоёр хувингаа зэрэгцүүлэн барихад харшиж хангинасан дуу гарна. Тэдний даамангийн хаалга нээгдэхэд миний сэтгэлийн хуудсыг чичирхийлэн эргүүлэх шиг болдог юм. Хувингууд нь харшиж дуугарахдаа "Би усандаа явлаа шүү" гэж надад хэлдэг. Охиныг номин цэнхэр дээлтэйгээ тийнхүү туяаран гараад ирэхээр нүүр минь халуу дүүгэн чинэрчихдэг билээ.

Ингэж хэнд ч олдомгүй, хэнтэй ч хуваалцамгүй аз жаргалын аян замдаа гарахын өмнөх намайг сайтар ажиг­ла­вал хярж хярж харван харай­хад бэлэн болсон туулай адил байх болой. Дэрхийн босч дэгдэж одохоор тугдайн суужээ. Байн байн өлийн цонхоороо харвал амар амга­лан суурингийн ерийн нэгэн мөнөөх ногоон даамангийн хаалга байдгаараа л. Тэр одоохон гараад ирнэ дээ гэж бодохоор зүрхэн тушаа түг түг цохилно. Зүрх минь догд­ло­хын тоогоор миний дур­ла­лын алтан үсэг сэтгэлийн дэвтэрт цохигдох бөгөөд энэ л үед би ирээдүйн зүйрлэшгүй сайхныг зөгнөхдөө огторгуй сансарт гардаг болчихоод удаж байгаа. Бодол санаа ингэж нисэн дүүлэхэд хэ­дийнэ хөрстөөс тасарч, сэ­рүүн зүүдэндээ мансууран дугжирч орхидог оо.

Гэтэл… гэтэл өнөө охины хувингаа хавируулах танил дуун цохон дээр хүйтэн мөс тавьсан мэт цочоон сэрээв. Шалавхийн өнгийж харвал тэр минь сэтгэлд зураастай байдаг тийм л хонгорхон үзэмжит үйл төрхөөрөө ха­шаа­наасаа гарч Урд голыг чиглэн алхаж байлаа.

Би ч чавхнаас алдуурсан чулуу мэт ухасхийн гэрээсээ гарч, түүнийхээ араас дагав. Самсаа хэлбэм тунгалагхан агаартай өдрийн ташуу туяа цацраасан цагаан наран зүгт алхаж яваа түүнийг нүд цав­чил­гүй ширтэн харж явлаа. Бэлдэж дэргэдээ тавьсан бээлийгээ мартаж орхисноо ч сэхээрсэнгүй.

Хоёр салаалан сүлжиж, хөөрхөн эрвээхийтэй боол­тоор үзүүрийг нь хумиж дар­сан шингэхэн гэзэг нарийхан бэлхүүсээ жавхайтал ороо­сон зурвас ягаан бүсийг дөн­гөж давам юм. Толгойгоо бэхэн цэнхэр алчуураар ороо­­­жээ. Шөмбийсөн хон­шоор­той нимгэн хар эсгий гутал нь гойдын хээнцэр агаад алхах гишгэхийн нь тоолонд үл мэдэг сонсогдох цасан чихраа сайхан хөгж­мийн зэмсэг хөндөгдөх төдий мэт. Тэрүүхэн цаана тунга­лаг­ханаар цэнхэртэх голын мөс­нөө номин өнгөт дээл нь уусан шингээд, надаас зуг­таагаад байна уу гэлтэй ша­лам­гайхан алхална. Тэр маань өвлийн дэглий шиг хөнгөн салхи татуулан алхаж явсаар гил­тийн хөлдсөн го­лын мөсөн дээгүүр цаашилж байлаа. Цааханд нь хар­зал­сан усны толио мэлмэрэн мэлмэрэх нь түүний минь нүд шиг хараг­дана. Харзаас хальсан ус голын толигор мандал дээ­гүүр уйлагнан тархаж, тэр дороо л мөс болон хөлдөнө. Цэв цэнхэр мөстэй, цэв цэн­гэг жавартай, цэв цэнхэрхэн үдэш ажээ.

Охин усан халиаг зайчлан гишгэхдээ хоёр гартаа барьсан мөнгөлөг хувингаа хойш урагш сэлүүлэн даялах нь улам ч харах сэтгэлийг төрүүлэх үзэмжтэй боловч би ч бас өөрөө уначихгүйг хи­чээн дүүжигнэх тул санаан зоргоор харц нисгэж чадахгүй байлаа.

Тийнхүү түүнийгээ харж чадахгүй байгааг эзгүйчилсэн ч юм шиг, эсвэл миний л харц номин дээлтэйгээ түшиж явсан юм шиг энэхэн хооронд тэр гилтгэр торгон мөснөө унаж үзэгдэв. Хоёр хувин нь адтайгаар тохуурхан хөхрөх мэт жин жин дуу хадаан бөм­бөрч харагдана. Өрөөсөн гутал нь улаараа мөсөнд наалдсанаас сугарч хоцроод, өнөө "дэглий" минь уначихсан чигтээ гутлаа авах гээд хүч­лэн татаж байлаа. Өөр хэн нэгнийг ийнхүү хөглөхийг би харсан сан бол саяын тохуу­тай жингэнэж одсон хувин шиг элэглэн хөхөрч байдаг. Гэвч энэ удаад яахин тэгнэ. Харин ч өрөвдөх, шимшрэх сэтгэл намайг голын хүйтэн жаврыг үл хайхруулан халууцуулж байгааг мэдэрлээ. Тэгээд сэтгэл минь "Юугаа бодсон юм, түргэн түүнд туслаач" гэж тархинд хашгирахад хоёр саваа хаяад мөсний халиа усыг үсчүүлэн охин дээр дэгдэж хүрэв. Намайг дэргэд нь очиход тэр мөстэй барьцалдсан гутлаасаа нэх­мэл цагаан оймсоо шалав­хийн авч өмслөө. Яг энэхэн мөчид надад толгой зулай­наас эхлэн хөлийн үзүүрийг чимчиртэл нэгэн сонихон долгио бүх биеийг тархан эзэмдэхүйд, хацар хагарах гэж байгаа мэт халуу шатав. Ингэж халуу шатах нь хүйтэн жаварт ягаарч улайсан уран шөмбөн хөлийг цагаан ойм­сонд зурсхийн шургуулснаас тэр. Охин танхилын хөлийг хором эгшинд харахын тө­дийд тийм гайхам мэдрэмж төрдгийг балчир жулдрайхан хөвгүүн би яаж ч мэдэх билээ дээ. Яах гэж тэнд очсоноо ч мартагнах шиг болов.

Надад мөснөөс гутлыг салгахад баахан хүч шаар­дагд­сангүй, ховх татан авч өглөө. Хоёр гар минь ер бу­сын хүндтэй зүйл хийсэн мэт санагдана. Охин гутлаа өм­сөхдөө над руу ер харсангүй. Гутлыг нь наалдуулсан мө­сөнд ч юм уу, уурласан бо­лолтой бээлийгээ түргэн түр­гэн өмсч байлаа.

Энэ хооронд би тэшүүр­тэй юм шиг гүйж, алдуурч өнхөрсөн хоёр хувинг нь авчирч өгөв. Ингэ­хэд тэр зэрмэгэр хар нүдээ­рээ над руу тогтуухан харж, нүүрэн­дээ үл ялиг инээм­сэглэл тодруулаад, нэг юм хэлэх гэснээ болив бо­лолтой уруу­лаа жимийн цааш огцом эргэн хэд алхаад усаа уудалж эхэл­лээ. Би түүний хажууханд суугаад усаа уудал­­лаа. Тэр зөвхөн ус уудлахдаа л бүх санаа бод­лоо шингээсэн мэт. Сормуус нь үзүүрээсээ цан­тан цайрч дэрвийгээд, голын зэрлэг жаварт энхрийхэн цагаан шаргал царай нь яв ягаан болчихсон нь ер бусын хөөр­хөн. Баруун хацрын нь үзэг­дэх төдий жи­жигхэн хар мэн­гэ, цэвэр­хэн шөнтгөр хамар, үл мэдэг нууц давхраатай алаг нүд, тэгшхэн хоёр мөр тэр­гүүтэн бүгд нэгэн дор гоо үзэсгэлэнг бүр­дүүл­жээ. Хар­зын мөсөн эрэгт хатуу өв­лөөр дэлбээл­сэн хаш цэцэг адил солон­готой ажээ.

Гэнэт тэр:

-Усаа асгалгүй уудлаач! гээд инээмсэглэлээ нууж ядан харахад нь өөрийгөө ямархуу байдалтайгаа мэд­лээ. Би шанага усныхаа талыг нь хувин руугаа, талыг нь гадуур асгаад байсан байж. Ус уудлахын дүр байдалтай суув чиг ухаан бодол маань чухамхүү үзэсгэлэнгийн өм­нө бүхнийг мартагнан са­таарчээ.

Тэр цооног руу шанагаа хангир жингэр дуугарган түр­гэн түргэн хийж усаа уудалж дуусаад, хоёр хувинтай усаа цалгиулан бариад босч яв­лаа. Түрүүхэн мөсөнд наалд­сан гутал нь улнаасаа мөс­төөд, хальтирч уначих гээд байгаа харагдана.

Оройн жавар тачигнаж, дааран дэнжигнэн яваа түү­ний минь ус цалгиж цацагдаад хоёр хормой нь хэдийнэ мөс­төн хөлджээ. Өвлийн богино үдэш бараантан нөмөрч, гэгээ бөхөөд, голын мөс хүйтнээр жингэнэн тачигнаж эхэллээ. Энэ жингэнээнд даарсандаа юу, угаас турьгүй нарийхан бие нь сөхөрчихөв үү, тэр маань дахиад л голын цэнхэр толион дээр тэнцвэр алдан өвдөглүүтээ босч ирэв. Энэ л мөчийг хүлээж байсан мэт уйгагүй мөшгөн дагагч би өөрийн савтай усаа орхин, түүнийхээ хоёр хувинтайг явуутаа шүүрээд мөсний захад гаргалаа. Тэр юу ч үл дуугаран араас минь алхаж байгааг мэдэрч байв.

Би түүний савтай усыг тавингуут, өөрийнхийгөө ава­хаар эргэтэл, тэр миний хоёр савтайг барин ирж зогсохдоо, даарч улайсан нүүрэндээ зориг муутайхан инээвхийлэл тодруулахад нь золтой л уйлчихсангүй. Нүдний аяга давж нулимс унаагүй ч, зүрх сэтгэлийн доторх уярал хай­рын нулимсаа тэвчиж чадаа­гүйгээ мэдэрч байв.

Түүний хацар тоорын адил ув улаан болжээ. Норж хөлдсөн дээлийн нь хормой хөлдөөд дарр дарр хийнэ. Хоёр цагаан нэхий бээлий нь зүгээр л мод шиг унжжээ. Түрүүнээс хойш түүнийг өрөвдөж энхрийлсээр атал, ерөөс түүнийг шоглож доог­лох бодол хэзээ ч төрдөггүй байтал энэ удаа хаанаас ч юм гайтай хар инээд гарч ирээд түсхийлгэчихдэг байна шүү. Ээ, бүү үзэгд гэж. Хяссан юм шиг ийм зүйл гэнэт бас болдог байжээ.

Утга учиргүй инээж, чиггүй тэнэглэснээ тэр дороо л би мэдлээ. Ямар ч хэрэггүй үед ингэж алмайран инээж хамаг сайн сайхныгаа балласан өөрийгөө зүхэхэд хожимд­жээ. Тэр хаанаас нь гарсан юм гэмээр хүч гаргаж, хөлдүү хормойтой дээл, бээлий­нээ­сээ мөсөн бутардас үсэргэн савтай усаа барин огцом алхаад явчихав. Тэрхүү бу­тарсан мөсний нэгэн ширхэг талст хацарт шипхийн буухыг мэдрэх ч сөхөө байсангүй. Нэгдлийн тэжээлийн байрыг тойроод хувинтай ус, хөлдүү хормой хоёроо шаргиулан харшуулсаар тэр маань далд орлоо.

Би түүнийг насан үүрд гомдоочихсон юм шиг, дахиад ер хэзээ ч усанд дагаж явах­гүй болчихсон мэт бодог­доход юутай ч зүйрлэмгүй зовлонд дарагдав. Алхам газар ч хорогдохгүй байгаа юм шиг санагдаж, яван яв­саар тэжээлийн хашааг тойрч түүнд ил гарч ирэв. Өвлийн шөнө эхлэхийн өмнөх бүдэг бадаг гэгээнд хашааныхаа хаалганы өмнө зогсч байгаа нь танигдлаа. Надаас нэг­мө­сөн нүүр буруулчихсан бол ингэж зогсохгүй нь мэдээж санагдахаар, дахиж хэзээ ч, бүр юунд ч инээхгүй юм шүү гэж шүд зуулаа.

Агшин бүрээр харанхуй болж байлаа. Тэр хашаа руу­гаа орохгүй л байв. Би хө­дөлгөөнгүй харан зогссоор л. Саахалтын зайтай тэндээс түүний хөөрхөн мишээл на­дад гэрэлтэн харагдсаар. Тэр мишээлийг би нүднээсээ илүү сэтгэлдээ тод харж байв. Саяхны ээдрээ гуниг юу ч үгүй алга болж, би тэнгэрт хөөрөхөд бэлэн хөвсөлзжээ.

Нэгдлийн даргын шар тэ­рэг сумаар нэг гэрлээ шил­бүүрдэн тэднийхийг чиглэхэд тэр минь над руу энэ орой эцсийн удаа гэрэлтэн хараад, хашаа руугаа орчихов. Миний дотор баяр баясгалангаар дүүрч бялхжээ. Түүнийг на­даас нуусан ногоон дааман машины гэрэлд тодрохыг цоо ширтсэн чигтээ хоёр савтай усаа аван "Ура" хашгиран хүчтэй алхтал урд хормой­ноос нэг юм татах шиг болоод, тэр мөртөө урагш тонгор­цоглон уналаа. Гэгээн догд­лолт энэ л сайхан хормуудад би зөвхөн түүнийгээ харж зогсохдоо хувинтай усандаа хормойгоо дүрээд хөлдөө­чихсөн байжээ. Намайг той­рон хавиар нэлийн асгарсан ус агшин зуур мөстөн хөл­дөх­дөө тэнгэрийн од эрхэсийг шигтгэн гэрэлтүүлж гялбал­зуу­лахад, гар минь тэсэхийн аргагүйгээр даарч байгааг сая л мэдлээ.

Баастын ЗОЛБАЯР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.