
Москва энэ сарын эхээр ОХУ-ын газрын тосны үнэд хязгаарлалт тогтоох шийдвэрийг дэмжсэн улс орнууд болон компаниудад газрын тос экспортлохыг хоригложээ.
"Их-7" -гийн гишүүн орнууд, Австрали болон Европын холбооны орнуудын ОХУ-ын газрын тосны үнэд хязгаарлалт тогтоох шийдвэр энэ сарын 5-наас хэрэгжиж эхэлсэн ба уг шийдвэрийг зөвшөөрсөн орнууд ОХУ-ын 1 баррель газрын тосонд дээд тал нь 60 ам. доллар л төлөх боломжтой аж. Үүний хариуд Москва дээрх шийдвэрийг дэмжсэн орнуудад газрын тос экспортлохыг хоригложээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан энэхүү тогтоолын хэрэгжилт ирэх 2-р сарын 1-нээс 7-р сарын 1 хүртэл 5 сар үргэлжлэх аж. Тогтоолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины "тусгай зөвшөөрлөөр" экспортын хоригт орсон улсад газрын тос экспортлохыг зөвшөөрөх боломжтой аж.
Оросын газрын тосны дээд үнэд хязгаарлалт тогтоож, Украинд явуулж буй дайны санхүүжилтийг нь бууруулах саналыг "Их-7"-гийн орнууд анх өнгөрсөн 9-р сард хэлэлцэж байсан билээ.
ОХУ Украин руу довтолсноос хойш барууны орнуудын импортлох Оросын газрын тосны хэмжээ буурсан ч газрын тосны үнэ нэмэгдэж, Энэтхэг, Хятад зэрэг улсуудад эрэлт өссөнтэй холбоотойгоор ОХУ-ын газрын тосны борлуулалтаас олох ашиг орлого буураагүй юм. Үүнээс гадна далайгаар импортлогдож буй Оросын газрын тосны хориг Европын холбоо, Их Британи, АНУ-д үйлчилсэн хэвээр байгаа билээ.
60 ам. доллараас дээш үнээр борлуулагдаж буй ОХУ-ын газрын тосыг "Их-7" -гийн гишүүн орнуудын болон Европын холбооны орнуудын даатгалын компаниуд, санхүүгийн байгууллагуудаар дамжуулан, тухайн улс орнуудын эзэмшлийн танкеруудаар тээвэрлэхийг хориглох аж.
Гэсэн ч Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын газрын тосны үнэд хязгаарлалт тогтоох нь Оросын эдийн засагт ноцтой нөлөө үзүүлж чадахгүй, сул шийдвэр хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Импортын газрын тосны үнэ 1 баррель нь өнөөдрийн байдлаар 80 ам. доллар орчим үнэтэй байгаа ба өнгөрсөн 3, 6-р сард 120 ам. доллар болтлоо өссөн билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.