Хятад болон Өмнөд Африкт коронавирусын хуурамч вакцинууд үйлдвэрлэж байжээ

Twitter Print
2021 оны 03-р сар 04-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

БНХАУ болон Өмнөд Африкийн цагдаа нар коронавирусын хуурамч вакцины хэдэн мянган тунг хураан авч, хэдэн арван хүнийг баривчилжээ. Хятадад цагдаа нар коронавирусын хуурамч вакцин үйлдвэрлэж байсан үйлдвэрийг илрүүлж, 3000 тун хуурамч вакциныг хураан авч, 80 хүнийг баривчилсан байна.

Өмнөд Африкийн Гаутенг мужид цагдаа нар коронавирусын хуурамч вакцин, хуурамч амны хаалт үйлдвэрлэж байсан газрыг мөн илрүүлсэн ба тус үйлдвэрийг ажиллуулж байсан Хятадын 3 иргэн, Замбийн 1 иргэнийг баривчилсан байна. Интерпол буюу Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллагад коронавирусын хуурамч вакцин үйлдвэрлэж буй талаар олон тооны мэдээлэл ирж байгаа гэжээ. Түүнчлэн тус байгууллагаас коронавирусын эсрэг вакцин худалдаанд гараагүй гэдгийг онцолж, цахим орчинд коронавирусын вакцин худалдана гэсэн зар сурталчилгаанд итгэхгүй байх, цахим орчинд худалдаалж буй коронавирусын вакцин нь туршигдаагүй бөгөөд эрүүл мэндэд аюултай гэдгийг анхааруулжээ.

Хятадын Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах яам БНХАУ-ын цагдаагийн алба коронавирусын вакциныг хуурамчаар үйлдвэрлэхтэй холбоотой гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх, тухайн гэмт хэргүүдийн эсрэг хатуу арга хэмжээ авах, Интерпол болон бусад улс орнуудын хууль сахиулах албадтай хамтран ажиллах зорилго тавьж, ажиллаж байгаа гэдгийг онцолжээ. Өнгөрсөн сард л гэхэд Хятадын цагдаа нар давсны уусмал болон цэвэр усыг коронавирусын эсрэг вакцин хэмээн зарж байсан гэмт бүлэглэлийн тэргүүнийг баривчилсан байна.

Interpol: Fake COVID-19 Shots Smuggled from China to Africa | Time

Интерполын зүгээс өнгөрсөн 12-р сард өөрийн байгууллагын гишүүн дэлхийн 194 улсад хандан, коронавирусын вакциныг хуурамчаар үйлдвэрлэх зохион байгуулалттай гэмт хэргүүдэд бэлтгэх, эрүүл мэндийн хуурамч бүтээгдэхүүнүүдийг хэрхэн яаж таньж илрүүлэх талаар зөвлөмж зааврыг өгчээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.