Долдугаар сарын 1-нээс есөн аймагт онгоцны билетын үнэ 50-70 хувиар хямдарч байна

Twitter Print
2023 оны 05-р сар 24-нд 14:19 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2023.05.24/ танилцууллаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Эмээлтийн аж үйлдвэрийн парк байгуулах Засгийн газрын шийдвэр албан ёсоор гарлаа. Өнгөрсөн 2009 оноос хойш энэ цогцолборыг байгуулах асуудлыг Улаанбаатар хот, Засгийн газар, олон улсын байгууллагуудын хамтын ажлын хүрээнд судалж ирсэн. Анхны зорилго нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргаж, гол усны бохирдлоос урьдчилан сэргийлэх, хортой химийн бодис ашиглаж байгааг мэргэжлийн түвшинд цэвэршүүлэх зэрэг том зорилгыг тавьж, төслийг эхэлж байсан. Тэгвэл энэ цаг хугацаанаас хойш тодорхой учир шалтгааны улмаас төсөл амжилттай хэрэгжих боломж нь бүрдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Өмнө нь аж үйлдвэрийн цогцолборыг Дархан-Уул аймагт байгуулна гэж зарим түвшинд ярилцаж, шийдвэрлэж байсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, Эмээлтэд илүү хэрэгжүүлэх нь зохимжтой юу гэдгийг судлах үүргийг өгсөн байсан. Энэ дагуу өнөөдрийн шийдвэр гарч байна.

Хоёрт, олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар нийт 21 аймагтайгаа нийслэл хот авто замаараа холбогдсон төв цэг учраас хотод ойр ажлын байр бий болгож, үр ашигтай ажиллах боломж бүрдэнэ гэж тооцоолсон.

Мөн Ерөнхий сайд оны өмнө өгсөн үүрэг даалгаврын хүрээнд агаарын тээврийн үнэ тарифыг буулгах нь чухал гэж үзэж байсан. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанд салбар яамнаас хэлэлцэх саналыг оруулж, шийдвэр гаргалаа. Үндсэндээ 2023 оны долдугаар сарын 1-нээс агаарын тээвэр зорчдог есөн аймагт онгоцны билетын үнэ 50-70 хувиар хямдарч байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймаг руу нисээд ирэхэд хоёр талдаа 1.600.050 төгрөг байсан бол хямдруулснаар хоёр талдаа 800 мянган төгрөг болж байна гэсэн үг. Мөн Ховд, Увс аймаг руу 1.6 сая төгрөгөөр хоёр талдаа нисдэг бол 600-650 мянган төгрөг болж байна. Үүнээс гадна Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод гэсэн есөн аймаг багтаж буй. Энэ асуудлыг шийдэхдээ хувийн хэвшлийн ажиллах боломжийг бүх талаар хангаж ирсэн хэдий ч эдийн засгийн хувьд зөв тооцоолол хийж, хямд үнийг барьж ирээгүйгээс өнөөдөр ийм асуудал үүссэн гэж Засгийн газраас үзсэн. Тиймээс "МИАТ" компанийг орон нутгийн нислэг үйлдэх нөхцөл боломжийг ханган ажиллаж байна.

Ирэх 2024 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд "МИАТ" компани гаднаас түрээсээр онгоц авч ашиглана. Ирэх оноос өөрийн захиалсан онгоц буюу 75 хүний суудалтай орон нутгийн зориулалтын онгоц нь ирнэ. Тэгвэл дахин орон нутгийн нислэгийн үнэ тариф хямдрах боломжтой.

Яагаад "МИАТ" компанийг орон нутгийн нислэгт оролцуулж байна вэ гэхээр Монголын тодорхой салбаруудад маш их монополийг бий болгосон байна гэдэг дүгнэлт гарч байна. Баян-Өлгий аймаг руу нисээд ирж буй 45 хүний суудалтай онгоцны зардал 35 сая төгрөг байхад нэг удаа нисэхдээ хамгийн багадаа 70 сая төгрөгийн ашиг олж байх жишээтэй. Өрсөлдөөнгүй салбар үүссэний хор уршгийг ард иргэд нуруундаа үүрч байна. Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар ШӨХТГ-ын даргаар Н.Мандуулыг томилсон. Засгийн газраас бизнесийн салбар дахь шударга өрсөлдөөнийг бий болгох, монополь байдлыг бий болохоос сэргийлж ажиллая, хууль эрх зүйн орчинд тодорхой өөрчлөлтүүдийг хийе гэж зорьж буй.

Мөн 2023 оны зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд нэг яам, хоёр агентлаг, нэг аймаг, нэг сумыг сонгон авч загвар болгохоор ажиллана. Иргэн төрд хандахад 5-6 шат дамжин асуудлыг нь шийдэж байна. Энэ бол хүнд суртал. Тиймээс ихдээ хоёр шат дамжихаар загвар гарган ажиллаж эхэлсэн. Олон улсад иргэн төртэй харилцах харьцаа 1:1 байдгаараа онцлог" гэлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор гаднын жуулчид их ирж байна. Нөгөө талаас орон нутагт амьдардаг иргэдийг дэмжих, төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутгийн нислэгийг сэргээх тухай чухал шийдвэр гаргасан.

Гадаадын жуулчид Монголд ирэх боломжийг нээж, гадаад нислэг сэргэсэн. 30 гаруй чиглэлд нисдэг байсан бол одоо 100 орчим чиглэлд нисдэг болсон. Ганцхан МИАТ ТӨХК нисдэг байсан бол Монголын тав, гадаадын 10 гаруй авиа компани нисэх боломжтой болсон. Үүнтэй холбоотойгоор гадаад жуулчдыг зөвхөн Улаанбаатарт биш Улаанбаатараас 21 аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, иргэдийн ёс заншил, ахуй амьдралтай танилцах боломжийг бүрдүүлэхэд дотоодын нислэг чухал байна.

Урьд нь дотоодын нислэг үйлдэж байсан Хүннү Эйр, Аэро Монголиа авиа компанийг дэмжиж байсан боловч харьцангуй өөрсдийнх нь санхүүгийн боломж муу байгаагаас нислэг сэргэхгүй байна. Тиймээс МИАТ компанийг дотоодын нислэгт оролцуулъя, ингэснээр дотоодын нислэгийн үнэ 2-2.5 дахин бууруулах шийдвэр гаргасан. Ингэснээр навигацийн орлогоос МИАТ компанид нэг удаа дэмжлэг үзүүлээд, үүнээс цааш ирэх оноос бие дааж нислэг үйлдэх бололцоо бүрдүүлэх шийдвэр гаргасан.

Өмнө нь 12 аймаг руу нисдэг байсан бол өнөөдрийн байдлаар 3-4 аймагт тогтмол нислэг хийж байна. МИАТ компани ниссэнээр байнгын 9 аймаг руу нисэх боломж бүрдэнэ. Дээд тал нь долоо хоногт долоон удаа, доод тал нь 1 удаа нисэх боломжтой болно" гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.