Москва хотын метронд осол гарч олон хүн эрсэджээ

Twitter Print
2014 оны 07-р сар 16-нд 08:58 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр долдугаар сарын 15-ны мягмар гарагт ОХУ-ын нийслэл Москва хотын метронд  гэнэтийн осол гарч 24 хүн амь эрсдэж, 200 гаруй  хүн гэмтэж бэртжээ.

Москвагийн цагаар өглөө 9:00 цагт тус хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй дүүрэг болох “Славянский бульвар” болон Ялалтын парк буудлуудын хооронд метро замаасаа гарч, зүтгүүр толгой нь хонгилийн хана мөргөсний улмаас залгаа дөрвөн тэргэнд зорчиж явсан хүмүүс онцгой гэмтэж бэртсэн аж.

ОХУ-ын Онцгой байдлын яамны мэдэгдсэнээр, метроны цахилгаан замын чиглэл солигч гэнэт өөрчлөгдөж тээврийн цуваа мухар хонгил руу орсон учир машинист огцом тормоз гишгэсэн гэж үзэж байгаа аж. Энэ үед эхний зүтгүүр тэрэг  тэр чигтээ хумигдан хонгилийг бөглөсөн тул нас барж, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо өссөн байна. Метроны хонгилоос мянга гаран хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд ноцтой гэмтэж бэртсэн хүмүүсийг   нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн аж. Ослын шалтгааныг одоогоор эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд онцгой байдлын алба, Оросын холбооны хянан шалгах хорооны 700 орчим ажилтнууд ослын газар ажиллаж байгаа аж. Аврах ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд буудлын ойр орчмын замуудыг хаасан байна.

Москва хотын мэр Сергей Собянин осол гарсанаас хорин минутын дараа очсон бөгөөд ослын шалтгааныг тодруулж хариуцлага тооцохыг чухалчилж байгаагаа хэлсэн байна. Бразил улсад айлчилж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөн гэм буруутай этгээдүүдэд онцгой хариуцлага тооцох захирамж өгсөн аж.

Москва хотын нийтийн тээврийг удирдах газар ослоор нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд гурван сая рубль, гэмтэж бэртсэн хүмүүст бүтэн хагас сая рублийн нөхөн олговор өгөх тухай асуудал яригдаж байгаа боловч олон эх сурвалжуудын мэдээллээр ослын нөхөн олговорын хуулийн дагуу нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд хоёр сая рублиэс ихгүй, гэмтсэн хүмүүсийн биеийн байдлыг харгалзан үзэж таван зуун мянгаас нэг сая хүртэл рубль олгох тухай шийдвэр гарч магадгүй байгаа гэнэ. 

Москва хотын метронд жил бүр арваад удаагийн осол гэмтэл гардаг бөгөөд энэ онд гарсан ослуудаас гурав дахь нь энэ удаагийнх юм байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.