
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ын тактикийн цөмийн зэвсгийг Беларусьт байршуулах ажиллагаа хэдийн эхэлсэн хэмээн өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ.
Өнгөрсөн пүрэв гарагт ОХУ ойрын түнш болох Беларусьтай Беларусь улсад пуужингийн цөмийн толгойнуудыг хадгалах тусгай агуулахыг нэг сарын дотор барих тухай гэрээ байгуулсан байна.
Одоогийн байдлаар ОХУ Беларусьт хэр олон цөмийн зэвсэг хадгалах нь тодорхойгүй байна.
Тактикийн цөмийн зэвсэгт харьцангуй богино зайд байгаа байг устгах зэвсгүүд тэр дундаа тулаан явагдаж байгаа талбарт дайсны цэргүүд болон зэр зэвсгийнх нь эсрэг ашиглах зэвсгүүд багтах аж.
Ассошэйтэд Пресс агентлагийн мэдээлснээр А. Лукашёнко Москвад хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тэдгээр цөмийн зэвсгүүдийг байршуулах ажиллагаа хэдийн эхэлсэн гэж мэдэгдсэн ч тэдгээр нь Беларусьт очсон эсэх талаар дурдаагүй байна.
1991 онд Зөвлөлт Холбоот улс задарснаас хойш ОХУ анх удаа цөмийн зэвсгээ өөр улс оронд байршуулахаар төлөвлөж буй талаар өнгөрсөн 3-р сарын 25-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин мэдэгдсэн юм. Тэрээр барууны орнууд бусад улс орнуудыг ашиглан ОХУ-ын эсрэг дайн явуулж байна хэмээн онцолжээ.
Вашингтоны тооцооллоор ОХУ-д тактикийн цөмийн 2000 орчим зэвсэг байгаа ба тэдгээрийн дотор агаараас цохилт өгөх тэсрэх бөмбөг, богино зайн пуужингийн цөмийн толгой, их бууны сум зэрэг багтаж байгаа аж.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.