
Фүкүшима АЦС-ын реакторыг хөргөхөд ашигласан хаягдал усыг Номхон далайд асгах Япон улсын засгийн газрын төлөвлөгөө хөрш улс орнууд төдийгүй япончуудын эсэргүүцэлтэй тулаад байна.
2011 онд болсон цүнамигаас болж Фүкүшима АЦС-д ноцтой гэмтэл гарснаас хойш тус станцын оператор Tepco компани станцын реакторуудыг хөргөхөд ашигласан усны хэмжээ 1 сая тонныг давсан байна.
Японы засгийн газар уг хаягдал усыг ирэх пүрэв гарагаас эхлэн Номхон далайд асгахаар төлөвлөөд байгаа юм.
НҮБ-ын дэргэдэх Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг цэвэршүүлсэн хаягдал усыг далай руу асгах нь хор нөлөөгүй хэмээн тодорхойлсон ч загасны аж ахуй эрхлэгчид болон орон нутгийнхан хаягдал усыг далай руу асгасны дараа хүмүүс далайн бүтээгдэхүүн худалдаж авахаас зайлсхийдэг болно хэмээн эмээж байгаагаа илэрхийлжээ.
Бээжин Токиог далай тэнгисийг "муу усны хоолой" мэт үзэж байна хэмээн буруутгаж, Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийг "нэг талыг барьсан" шийдвэр гаргасан хэмээн шүүмжилсэн байна.
БНСУ-ын засгийн газар Япон улсын төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч иргэд нь уг төлөвлөгөөг эсэргүүцсээр байна.
Фүкүшима АЦС хаягдал усаа том цистернүүдэд хийж хадгалсаар байгаа ба өнөөдрийн байдлаар хаягдал устай 1000 гаруй цистерн цуглараад байгаа аж.
Токиогийн зүгээс энэ нь урт хугацаанд үргэлжлэх боломжгүй хэмээн үзэж, ирэх 30 жилд уг хаягдал усаа бага багаар Номхог далай руу асгах төлөвлөгөөг боловсруулсан аж.
Олон улсад АЦС-ууд хөргүүрийн усаа далай руу асгах нь байдаг л нэг өдөр тутмын үйл ажиллагаа хэдий ч Фүкүшима АЦС-ын хаягдал ус нь ослоос үүдэлтэй үүссэн гэсэн утгаараа онцгойрч байгаа аж. Tepco компани Фүкүшима АЦС-ын хаягдал усыг цэвэршүүлж, найрлагад нь байгаа дийлэнх бодисуудын хэмжээг аюулгүй байдлын олон улсын стандартанд нийцүүсэн байна.
Нөгөө талаас хаягдал усанд уснаас ялгаж авахад хүндрэлтэй трити, нүүрстөрөгч-14 бодисууд байсан хэвээр байгаа аж. Эдгээр бодис нь байгальд, хүний биед хүртэл байдаг ба маш бага хэмжээний цацраг туяа ялгаруулдаг ч их хэмжээтэй бол аюултай байдаг аж.
Фүкүшима АЦС-ын цэвэршүүлсэн хаягдал усыг дахин цэвэршүүлж дараа нь далайн устай хольж, доторх бодисуудын концентрацийг бууруулсны дараа далай руу асгах аж.
Tepco компани, Японы засгийн газрын хамт хийсэн судалгаануудын үр дүнд цэвэршүүлсэн хаягдал ус нь хүмүүсийн эрүүл мэнд, далайн ургамал амьтанд хортой нөлөө үзүүлэхгүй гэж гарчээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.