Филиппинд сонгино тансаг хэрэглээ болжээ

Twitter Print
2023 оны 01-р сар 27-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

Албан ёсны статистик мэдээгээр Филиппинд сонгины үнэ өнгөрсөн сард 1 килограмм нь 700 песо буюу ойролцоогоор 45 мянган төгрөг болтлоо өсжээ. Нэг килограмм сонгины үнэ махнаас ч илүү үнэтэй болж, Филиппинчуудын өдрийн дундаж цалингаас давжээ.

"Сонгино байхгүй" гэсэн бичигтэй хаа сайгүй тааралдана. Сүүлийн хэдэн долоо хоногт сонгины үнэ бага зэрэг буурсан ч уг хүнсний ногоо ихэнх иргэдийн хувьд тансаг хэрэглээ хэвээр байна. Себу хотод пицца хийж зардаг Ризалда Маунэс, "Манайх өдөртөө 3-4 кг сонгино авдаг байсан. Одоо хагас килограммыг л авч байна." хэмээн ярьжээ.

Филиппин хоолны гол орц болсон сонгино нь амьдралын өртөг нэмэгдэж буй нь бэлгэ тэмдэг болсон ба өнгөрсөн сард л гэхэд Филиппинд инфляцийн төвшин өнгөрсөн 14 жилд байгаагүй өндөрт хүрсэн байна.

Филиппины Ерөнхийлөгч Фердинанд Маркос Хөдөө аж ахуйн сайдын албыг давхар хашиж байгаа ба хүнсний үнэ нэмэгдэж байгаа асуудал "онцгой байдал" зарлах хэмжээнд хүрснийг онцолж, энэ сарын эхээр улаан болон шар сонгино гадаадаас импортлохыг зөвшөөрчээ.

Филиппин улс эдийн засаг сэргэснээр хүнсний ногоо, жимсний эрэлт нэмэгдсэн ч цаг агаарын нөхцөл байдал хүнсний салбарт сөргөөр нөлөөлжээ.

Өнгөрсөн 8-р сард Филиппины Хөдөө аж ахуйн яам хүнсний ногооны хомстол үүсэх төлөвтэй байгаа гэж мэдэгдсэн.

Үүний дараа Филиппинд хоёр ч удаа хар салхины аюул нүүрлэсэн нь газар тариалангийн салбарт их хэмжээний хохирол учруулсан болохыг мэргэжилтнүүд онцолжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.