
БНХАУ-д онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг бууруулжээ. Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгын хүрээнд Хятадын эрх баригчид онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг 14-өөс 12 болгон бууруулсан байна.
Ингэснээр санаатайгаар хүний амь бүрэлгэсэн, санаатайгаар бэртэл гэмтэл учруулсан нь үхэлд хүргэсэн, онц хэрцгийгээр хүний биед халдсан гэмт хэрэг үйлдсэн 12-оос 14 насны хүүхдүүд эрүүгийн хариуцлага хүлээх юм. Дээр дурьдсанаас бусад төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийг засан хүмүүжүүлэх төвд илгээх арга хэмжээ авах аж.
Эрүүгийн хуульд оруулсан уг өөрчлөлтийг 2022 оны 3-р сарын 1-нээс мөрдөж эхэлжээ. Урд нь Хятадад эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар 16 наснаас эхэлж байгаа бол санаатайгаар хүний амь бүрэлгэсэн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, хулгай хийсэн хүүхдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар 14 наснаас эхэлж байгаа юм.
Насанд хүрээгүй хүүхдүүд үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө хөнгөн ял авдаг байсан нь иргэдийн бухимдлыг төрүүлсээр ирсэн ба хамгийн сүүлд л гэхэд 13 настай хүү 10 насны охины амийг хөнөөсныхөө төлөө засан хүмүүжүүлэх төвд 3 жил хоригдох ял авчээ.
Эх сурвалж: Interfax.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.