Хулгайчид хулгайч гэж хэлж чаддаг байя...

Twitter Print
2022 оны 03-р сар 31-нд 10:41 цагт
Мэдээний зураг,

Хулгайчид хулгайч гэж хэлж чаддаг байя...

Хөгжлийн банкны дээрэм олон нийтэд нээлттэй болсноос хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Хөтөлийг төрд авлаа гэж хөөргөдсөнөөс бусдаар, хөнжилдөө хөлөө жийлцэхээс хэтэрсэнгүй. Моодноос гарсан хэдэн гишүүнээ намаас хөөсөн нэр зүүгээд МАН хязгаартаа тулав бололтой.

Анхнаасаа энэ томоохон луйврыг хэвлэлийнхэнтэй хамтран дэлгэхдээ эрх баригчид олон нийтийн хаврын уур хилэнг өөрсдөөсөө зайлуулж үйлдвэрлэгчид рүүгээ эргүүлэх тооцоотой байсан боловч нөхцөл байдал өөрөөр эргэсэн. Энэ банкны зээлдэгчдийг авсан зээлээ зориулалтаар нь ашигласан ба ашиглаагүй, үйлдвэр барьсан ба бариагүй, зээлээ төлсөн ба төлөөгүй гэхчлэн ангилаагүй. Үйлдвэр барьсан хүмүүс рүүгээ үг хэлээ билүүдэж эхэлсэн, сүүлдээ үндэсний үйлдвэрүүдээ хааж, урд хөршөөс цемент татах синдром болтлоо явцуурсан. Асуудлын амин голоос арай л холуур тойрсон.

Гэтэл үнэн хэрэгтээ Хөгжлийн банкийг тоносон хүмүүс нь тодорхой атал, харсаар байтал хариуцлага тооцохгүй өнөөг хүрсэн. Ухаад уудлаад байх тусам хулгайч нарын халаас нэг, ашиг хонжоо нэг болж таарсан. Шулуухан хэлэхэд байсхийгээд захирал нь солигдчихдог, зээлийн эдийн засагч нь албаа өгөөд алга болдог ийм нэгэн эзэнгүй айл шиг банк 1.8 их наядын чанаргүй зээлээсээ болж татан буугдахад ойрхон байна.

Татан буулгаж байгаад, татвар төлөгчдийн мөнгөөр өрийг нь төлж, зээлийг нь барагдуулдаг эрх баригчдын эвгүй туршлага энд ч бас давтагдах нь. Төрд хураасан нэртэй эд хөрөнгөө эрх мэдлийнхээ хүрээнд хувааж залгидаг зуршил ч давтагдах янзтай болчихлоо.

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч 20-оод хүний ард зээл бүтээж өгснийхөө төлөө авлигаа халааслан, авдраа түнтийлгэсэн албан тушаалтнууд, ах дүүсийн, намын хэлхээ холбоо, эрх мэдэлтнүүдийн зарлиг захиас гээд жагсаавал үндсэндээ шат шатны хагас мянган хүн хэрэгт орооцолдоно. Зуучилсан, зуучлуулсан, цавчаа хийсэн, өрөм хамсан, өрх зассан, гарын үсэг зурсан, барьцаа хөрөнгийг нь баталсан хүмүүс гээд үнэнийг хэлэхэд төрд байгаа хэдэн арван хүн хэлхээтэйгээ хэрэгт татагдана.

Тиймээс ч хоёр сар өнгөрчихөөд байхад хойшоо ч үгүй, урагшаа ч үгүй нам гацаатай, ахиж шалихгүй, дахиж шамдахгүй таг хаалттай өнөөг хүрлээ. Дориухан эхлээд, дундаа гацаад, адагтаа мартагнуулаад алга болдог аргачлал аргагүй давтагдахад ойрхон байна. Үе үе энэ сэдвийг сануулж байгаа хэвлэлийнхнийг эс тооцвол, үнэндээ мартагдахад гайхах юмгүй болжээ.

2009 оноос хойш дампууруулсан 15 банк, 60-аад банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны араас Хөгжлийн банк хөлдөө хавхтай мөлхөж байна. Энэ бол маш олон хүнийг хамарсан, маш олон гишүүн оролцсон, маш олон салбар дамнасан, МАН, АН-ын аль аль нь аван идэхдээ ах дүү бололцож явсныг илчлэх ичгүүрт дээрэм. Монголын төр өөрөө дээрмийн ажиллагаа явуулж ирсний жигшүүрт баримт.

Эл баримтаа улс түмний тусын тулд дэлгээгүй, урдаа тээглэсэн нэгнийгээ барьж унагааж, барж идэх гэж илчилсэн нь өөрөө хамгийн муухай хандлага. Дээр нь нэмж хэлэхэд нэгэнт зээл авсан, эргэн төлөлт хийгээгүй зээлдэгчдийнхээ хөрөнгийг хураах уу, үгүй юу гэдгийг ч бас авлигын зарчмаар, алуурын горимоор шийдэж байж болзошгүй нь эмгэнэл юм даа. Хамгийн том хоёр зээлдэгч бий. Үйлдвэр бариагүй, үндсэн зарчмаа биелүүлээгүй.

Тэд бол сахал Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч асан Баттулга нарын хамааралтай компаниуд. Шалгалтаа ядаж энэ хоёр хүнээсээ эхлээд, шанааг нь өгөөд, ялыг нь үүрүүлээд явбал эрх баригчид болон АТГ, шүүх засаглалынханд итгэе. Хулгайчид хулгайч гэж хэлдэг, ял шийтгэлийг нь оноож чаддаг байя. Үгүй бол намаас хөөнө, намчирхлаас зайлуулна, хураана, авна гэж хуурмаг жүжиг тавиад, худлаа лоозогноод, хэвлэлийнхнийгээ хэн ч биш болтол хэргийг сунжруулаад байх явдалгүй.

Барилдахаасаа таахалзах нь, дэвэхээсээ шавах нь гэж үгтэй юм шүү. Ерөнхий сайдууд нь толгой дараалан нөлөөлчихсөн, Сангийн сайд нь хүртэл сандлаа тэврээд оролцчихсон, УИХ-ын гишүүд нь уут саваа дүүргэсэн, баримт нь тодорхой, барьцаа луйвар нь илэрхий энэ хэргээ шийдэж чадахгүй юм бол АТГ, Шүүх засаглал, банк санхүүгийн салбар гэж байгаад ч яалаа, улс нь улс биш болсноо, төр нь төр биш болсноо зарлаж, дампуурлаа илчилбэл зохино.

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.21.193) 2020-08-10 15:07
      • 0
      • 0

      хөөрхий дөө ажилдаа дарагдсан, нэг ч гэсэн хүнийг муухай өвчинд алдчихгүй гэж галын фронтод ажиллаж байгаа нас ахиж яваа энэ эгч цагдаа зодноо юу.... шагнахгүй юмаа гэхэд доромжлохгүй байвал зүгээрсэн

      Хариулах