Сайдын тушаал уу, ШАНТААЖНЫ БИЧИГ үү?

Twitter Print
2021 оны 03-р сар 07-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

Богд уулын аманд олгогдсон газрууд чинь үе үеийн Байгаль орчны сайд нарын БИЗНЕС юм шүү дээ!

Байгаль орчны сайд шинээр томилогдлоо. Бараг маргааш нь "Богдын хишиг" хүртэх бичиг мутарлана. “Газар ашиглах эрхийг цуцлах тухай” гэсэн сүржин нэртэй ийм тушаалыг бараг бүх байгаль орчны сайд гаргасан. АН, МАН ч ялгаагүй.

Уг тушаалд “Богд хан уулын дархан цаазат газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан ч тухайн газраа 2 буюу түүнээс дээш жил ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцлах”-ыг тушаана. Н.Цэрэнбат сайд болоод хагас жил бололгүй 78 газрыг цуцлахаа мэдэгдсэн бол сая шинээр томилогдсон Н.Уртнасан сайд нэг сар ч бололгүй 104 газрыг цуцлахаа мэдэгджээ. Гэхдээ яг үнэндээ цуцалдаггүй юм л даа. Товчхондрр үе үеийн байгаль орчны сайд нарын ээлжит “шантааж”. Дархан цаазат газарт орон сууцны хороолол барих байтугай чулуу хөндөх ч хориотой. Сайд нар үнэхээр энэ цаасан дээр бичсэн шигээ нэг дор зуу зуугаар нь цуцалдаг байсан бол өнөөдөр Богд уулын ам бүрт орон сууцны хороолол багшралдах уу?

Энэ цуцалсан тушаалын ард өгөх авлигалын хэмжээ, авах технологи бүр тогтсон зүйл гэдэг юм билээ. Эхлээд сайдын тушаалаар газрыг цуцална. Газраа цуцлуулсан иргэн, аж ахуйн нэгжүүд сайдын танил тал, намын сүлжээ, авлигал зуучлах хэмжээний ойрын хүмүүсийг нь олж, хэлсэн авлигыг нь өгнө. Газрын эрх эргээд сэргэнэ. Богд ууланд хууль зөрчсөн орон сууцны хороолол нэгээр нэмэгднэ. ГҮЙЦЭЭ!

Н.Цэрэнбатын үед цуцлагдсан 79 газраас хэд нь эргэж сэргэсэн, Н.Уртнасангийн цуцалсан 104 газраас хэд нь эргэж сэргэснийг тайлагнах хэрэгтэй л дээ. Эндээс яг цуцлагдсан газрыг олох нь өвсөн дундаас зүү олохтой л адил юм. "Богдын хишиг"-ийг боловсон маягаар хүртсээр бүр гаршчээ. Цуцалсан газрыг чинь харья. Алив гаргаад ир. Байхгүй шүү дээ.

Эхлээд би ийм тушаал гарахад баярладаг байлаа. Одоо бол дотор муухайрдаг л болсон доо!

Сэтгүүлч Б.Отгон

2021.03

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.