Эрүүл мэндийн салбарыг яах вэ?

Twitter Print
2014 оны 07-р сар 17-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн салбарыг яаах вээ? Чадалтай нь гадаадад эмчлүүлээд, овсгоотойнууд нь хандив цуглуулаад, бусад нь байгаа эмнэлэгтээ найдсан хэвээрээ байх уу? Алдсан эмч нарыг нь хориод л, сайдыг нь солиод л, улсын эмнэлэгүүдийг нь хувьчлаад л болоо юу? 

Дээрх санаануудыг хэвлэлийнхэн, улс төрчид олон дахин давтдаг бөгөөд бүгдийг нь бүрэн хэрэгжүүллээ ч гэсэн санасан хэмжээнд энэ салбарыг хөгжүүлж дийлэхгүй болвуу. Миний бодлоор, энэ салбарт шинэчлэл хийхийг хүсэж байгаа улс төрийн шийдвэр гаргагч (ЗГ байгуулах намын дарга) доод тал нь дараах хоёр зүйлд сэтгэл шулуудсан байх ёстой байх: ЭМ-ийн санхүүжилтийг төсөвөөс салгаж бие даалгах, салбарын удирдлагын томилгоог улс төрийн нөлөөллөлөөс ангид байлгах.

ЭМД-аар төсөвт орж байгаа мөнгө багагүй хэмжээтэй учир төсөвөөс шууд гаргах нь засаг байгуулах намын хувьд ашиггүй. Тийм учир сонгогчид нь намуудаас шаардаж байж, олон нийтийн шахалтан доор л энэ ажил хэрэгжинэ. Иргэд шаардаж, хэвлэлийнхэн тэр дуу хоолойг нь хүргэнэ, ЭМ-ийн салбарын мэргэжилтнүүд нь намуудын сонгуулийн хөтөлбөрт нь бодитой санаануудыг оруулсан хувилбарыг оруулах хэрэгтэй. Энэ хөтөлбөр нь зүгээр нэг тунхагийн чанартай ерөнхий өгүүлбэрүүд биш, харин ажил хэрэгч нарийвчилсан санаа байх хэрэгтэй. ЭМЯ-ны, ОУ-ын байгууллагуудын мэргэжилтнүүд энэ тал дээр тодорхой санаа оноотой байгааг намууд ашиглах хэрэгтэй. Анагаахын сургууль ч гэсэн бодлогын судалгаа хийж оролцох байх.

Томилгоог улс төрийн нөлөөнөөс ангид байлгана гэдэг нь харин илүү барьцгүй, бэрхшээлтэй асуудал юм шиг байгааг гэмтлийн даргын асуудалаас харж болох байх. Яагаад гэвэл, нэг талаас дээрээс томилох нь даргыг ажилчидынхаа өмнө хариуцлага хүлээлгэхгүй болгоно, нөгөө талаас улсын эмнэлэгт эргэлдэх их мөнгийг хянах их эрх мэдэлтэй болгоно. Гэмтлийн асуудал дээр ч гэсэн мөнгөний урсгал хянахыг оролдсон бүлгүүдийн тэмцэл байсан гэж ойлгоход буруудахгүй болвуу. Нэг сайн сайд нь нэг сайд даргыг томилоод амар сайхандаа жаргана гэж бодох нь, тийм болхоор, улсын эмнэлэг болгон дээр биелэхгүй байх. Эмнэлгийн даргыг дээрээс томилдог, мөнгөний урсгалыг дангаар шахуу хянадаг тогтолцоог өөрчилж байж эмнэлэгүүд сайжрана гэж бодож байна.

Үүний тулд улсын том эмнэлэгүүд удирддаг зөвлөлтэй, удирдамж гүйцэтгэдэг захиралтай, удирдах зөвлөлдөө тайлагнадаг санхүүтэй, захиралдаа хянагддаг гэхдээ удирдах зөвлөлдөө ажилаа танилцуулдаг хүний нөөцтэй байх хэрэгтэй гэж боддог юм. Том компаниудын удирдлага шиг. Удирдах зөвлөлд нь ЭМЯ, сангийн яам, ажилтан, эмчнар, иргэдийн төлөөлөгчид нь орно, захирал нь УЗ-ийн санал хураалтаар сонгогдоно. Санхүү нь нээлттэй байна. Гэхдээ ашиг хийхдээ биш, иргэддээ үйлчлэх зорилготой. Зарим хүмүүс шүүмжлэх байх, монгол телевиз, радио бас ийм бүтэцтэй мөртлөө тэд дээрдсэн юм алга байна гэж. Үүнд надад хэлэх юм алга. Та бүхэнд өөр санаа байвал бичнэ биз. Ядаж үндэсийг нь зөв тавьбал дээр юм уу?

Мэдээж одоогийн статус квод сэтгэл хангалуун байгаа хэсэг бий. Тэд нар нь эмнэлэгтээ хэрэгтэй, туршлагатай мэргэжилтнүүд байгаа. Тэр хүмүүсийг бүгдийг нь шууд хаалганы цаана гаргаж чадахгүй ч эмнэлэгийн санхүүгийн шийдвэр гаргалтаас холдуулаад, мэдлэг мэргэжлийнх нь үр шимийг өвчтөн ч тэр, өөрсдөө ч тэр хүртэх хувилбар санал болговол ихэнх нь хүлээн авна. Хүлээн авахгүй бол өөр шийдэлд хүрч болно. Гэхдээ тийм туйлд хүрэх хүсэлтэй хүн цөөн байх болвуу. Тэд ч гэсэн одоогийн байдлаар удаан явахгүй гэдгийг ойлгож байгаа байх.

Монголын эрүүл мэндийн салбарын хүндрэл нь, миний бодлоор, зөвхөн санхүүжилтийн дутагдалаас үүсээгүй юм. Энэ салбарын хүндрэл нь шийдвэр гаргаж буй хүн, хэрэгжүүлж буй хүн хоёрын хоорондын зай холдож, шийдвэр гаргалтын механизмд гадны ёс бус нөлөө орсоны бас илрэл юм. Тийм болхоор, энэ салбарыг тогтолцооных нь хувьд сайжруулья гэж байгаа бол зөвхөн тоног төхөөрөмж, боловсон хүчний чанарыг сайжруулаад зогсохгүй шийдвэр гаргалт, санхүүжилтийг бас хурдасгаж, цэвэр болгох хэрэгтэй. Үүнийг зөвхөн нэг сайд, нэг арга хэмжээ аваад хийж чадахгүй, харин бүх нийгмээрээ хүсэж ажиллах хэрэгтэй юм.  

А. Ганболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.