Тайванийн эрх баригчид вакцин хийж эхэлсний дараа ч сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна

Twitter Print
2020 оны 12-р сар 11-нд 12:38 цагт
Мэдээний зураг,

Тайванийн эрх баригчид коронавирусын эсрэг вакцин хийгдэж эхэлсэн ч иргэд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авч, сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулжээ.

Тайванийн Эрүүл мэндийн сайд Чен Шин Чунь коронавирусын эсрэг вакцинуудын хүний биед үүсгэх дархлаа нь хэдий хэр хугацаатай үйлчлэх нь тодорхойгүй байгаа гэдгийг онцолсон байна. Тайванийн хувьд коронавирусын цар тахлын эсрэг амжилттай тэмцэж, халдварыг хяналтандаа авч чадсан цөөн хэдэн улс орнуудын нэг юм. Энэ нь тус улс хилийнхээ хөдөлгөөнийг хатуу хянаж, гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглож, гадаадын улс орнуудаас ирж буй иргэдээ тусгаарлах арга хэмжээг эрт авсантай холбоотой аж.

Түүнчлэн Тайванийн 23 сая иргэн амны хаалт зайлшгүй зүүх тухай журам гарахаас өмнө бүгд амны хаалтыг тогтмол зүүж байсан ба ингэснээр коронавирусын халдвар авсан тохиолдлуудын тоо цөөрснөөс гадна улирлын ханиад томуу, гэдэсний ханиад зэргээр өвчлөх явдал огцом буурчээ. Коронавирусын цар тахал эхэлснээс хойш Тайваньд уг вирусын халдварыг авсан нийт 724 тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 7 хүн нас барсан байна. Тайванийн Эрүүл мэндийн сайд Чен Шин Чунь коронавирусын эсрэг вакцинуудын аюулгүй байдал, хүний биед коронавирусын эсрэг дархлаа үүсгэх эсэхэд нь эргэлзэхгүй байгаа ч хүний биед үүссэн дархлаа нь коронавирусээс хэдий хэр хугацаанд хамгаалж чадах нь тодорхойгүй гэдгийг онцолжээ.

Тэрээр, "Коронавирусын эсрэг вакцин хийгдэж эхэлснээр цар тахал хумигдана. Нөгөө талаас вакцин хийж эхлэхээр иргэдийн сахилга бат сулрах эрсдэлтэй, ингэснээр цар тахлын дахин нэг давалгаа үүсч болзошгүй." хэмээн коронавирусын цар тахлын үеийн сургамжийг мартаж болохгүй, дахиж өөр төрлийн халдварт өвчнүүд ирээдүйд илүү олон давталттайгаар гарч ирнэ гэдгийг санах хэрэгтэй гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.