Балжирын Догмид - Туулайн тал /Өгүүллэг/

Twitter Print
2021 оны 05-р сар 19-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Хавартаа хаа холоос айлууд нүүн ирж ханаа дугуйлан, тооноо өргөдөг энэ сайхан тал намайг бага балчир байхад туулайны эх орон байлаа. Харанхуй бүрэнхийд гадаа гарахад хамраа хөөдүүлдэг өлгийтэй байхаас л тоглоомонд минь уяатай байсан тэр л утаатай эсгий үнэг зүүд, нойронд минь амь орон аргалд явсан ижийг минь дуудахаар энэ л талын шивээ хялгана дундуур салхин харгуй татуулан давхин оддог тэр л нутаг.

Миний үзэж сонссоноор дайны жилүүдэд Туулайн талаар бензин, колонкуудыг зүүн зүг рүү Халхын гол руу өртөөлөн барьсан бол дайн дууссаны дараа Сайншандаас Баянтүмэн хүртэл “505”-ын Орос хоригдлууд төмөр утасны мод босгож, хожим далаад онд Монголд байрласан Орос цэргүүд агаарын довтолгооноос хамгаалах лекатрын анги байгуулж онгоцны буудал, барилга байшин босгосон түүхтэй.

Өвөл цас унахгүй, зун бороо орж томоохон тойрмуудад ус тогтож нуурлахгүй л бол энэ их талд айл, мал нүүн ирэх нь ховор бөгөөд зэрэглээнд нь зээр, гөрөөс ангаж цангадаг зэлүүд газар аа. Энэ жил Туулайн талд нуур, ногоо сайтай халгиж цалгисан сайхан зун болсон тул айл, мал алаглан байлаа. Ногоонд хавар эрт цадаж таргалсан хонь мал халууцахдаа хотондоо ирэхээ больж өндөр сэргэлэн газар бараадан хэвтдэг зуны дунд сарын бөрт бүдэг сартай бүрхэг сэрүүхэн шөнө ганц гэрийн гадаах тэрэгнээс уяатай байгаа жингэр дээр хээрийн нэгэн азарган чоно зэлэн дээр хэвтэх үхэр, малд ч ажиг сэжиг авахуулалгүй гэтэн ирэв ээ.

Гичий, чоно хоёр бие биенээ таалан ам хамраа долоон эрхэлснээ хуял тачаал нь багтаж ядсан хээрийн нохой жингэрийн хүзүүн дээр өрөөсөн хөлөө өргөн тавьж зөөлөн гийнаснаа шээсээ дуслуулан шинхэг, хулмас талаар нэг ханхлууллаа. Гэрийн дотор бүдэг, бадаг гэрэлтэй, арслантай авдран дээр мандаасан зулын тос дундарч гол нь бадамласан тул тооноор гэгээ үл үзэгдэнэ. Нохойныхоо уяа гинжний дуугарах чимээнээр нойрноос сэрсэн гэрийн эзэгтэй, нөхрийнхөө өврөөс муур мягуй адил сугаран босч гэрийнхээ зайчаар очиж гадагшаа шагайн харлаа. Бяралхуу бүдүүн хүзүү, өндөр сэрвээтэй азарган чоно жингэрийг нь эзэмдэн дээр нь мордчихсон ядарч цуцтал нь талхиж байлаа. Эм амьтны үйлийн үр гэдэг ийм ороо бусгаа ажээ. Гадаа уяатай байгаа гэрийн нохойтой хээрийн зэрлэг араатан яахаараа ийнхүү нөхцдөг байна вэ. Энэ тухай нөхөртөө хэлэх үү, байх уу гэж бодсоноо Долгормаа хаалгаа зөөлхөн түлхэж гадагшаа гарлаа. Гэрээс гарч ирсэн нөмгөн хүүхнийг хээрийн боохой гартаа зэвсэггүй бүсгүй хүн гэдгийг мэдсэн мэт төдийлөн үргэж цочсонгүй.

Ер нь энэ азарган чоно Долгормааг хонь малаа эргүүлж явахад нь өдөр бүр хол, ойроос харсаар харанхуй шөнө ч дуу хоолойг нь таньдаг болсон юмсанж. Архи дарс уучихсан согтуу амьтан шиг яаж яваад айлын гадаа хүрээд ирдэг гайхал гээч вэ, аль эсхүл галзуу солиотой юм болов уу. Хэрэв тийм бол хүн мал, ер нүдэндээ харагдсан хөдөлдөг, явдаг болгон руу дайрах ёстой биш үү. Араа шүдтэй азарган чоно хэрнээ хэвтээ хонь ч үргээхгүй сонин амьтан юм. Юу идэж, ууж явдаг юм бол... Манайхтай саахалт байгаа энэ олон ингэ ботголуулдаг олон ноходтой айлуудын хаагуур нь явж энд ирдэг юм бол. Бяруу шиг ийм том чоно ботго, тугалынхаа зэлэн дээгүүр гүйж явахад үзэх нүд, үнэрлэх хамаргүй юм шиг унтаж хэвтдэг хоточ ноход гэж баймааргүйсэн. Норовсамбуу гуайнд очиж хэлдэг юм билүү. Хэллээ гээд амны гарз болно биз дээ. Нутгийн боохой, энэ мал хулгайлдаг машин тэрэг хөлөглөсөн сүүлгүй чонуудаас хавьгүй дээр. Үүр хэвтрийг нь онгичиж, үр зулзагыг нь хөнөөхгүй байх юм бол өнчин ишиг ч айлгахгүй ухаантай амьтад гэж чоныг магтдаг хүн. Маргааш өглөө нь Долгормаа цайгаа ууж суух зуураа нөхөртөө хандан :

-Манай жингэр хээлтэй болчихож, удахгүй нэг хоёр сарын дараа гөлөглөх байх гэвэл Батхүрэл цочсон мэт өөдөөс нь нэг том харснаа:

-Үгүй байлгүй дээ... Бас ямар юм нь ирээд дээр нь мордчихдог байна вэ. Энэ Норовсамбуугийн муу хөгшин нохойны хийсэн ажил л биз. Гадаа гүйгээд ирэхээр нь сэмхэн хөнгөлөөд хоёр төмсөгийг нь хүзүүнд нь зүүгээд явуулчих юм хуна.

-Биш ээ биш ...

-Тэгээд ямар юмнаасаа хээлтэй болдог байна вэ?

-Би л чамд хэлээгүй нуугаад явснаас биш манайх чинь аль эрт нэг хүргэнтэй болоод хэдэн сарын нүүр үзэж байна.

-Ямар хүргэн?

-Хээрийн амьтан, азарган чоно...

-Чи юу яриад солиороод байгаа юм бэ? Очиж очиж чоно байхдаа ч яадаг юм

-Үнэндээ үнэн. Би юу боллоо гэж чамд худлаа хэлэх юм. Манай жингэр дээр нэг чоно шөнө бүр ирдэг юм. Тэгээд л ...

-Үлгэр зүүд шиг сонин юм болох нь. Чам дээр бас шөнө болохоор хэн нэгэн хоёр хөлтэй хохимой толгойтой амьтан ирдэг юм биш биз дээ. Нөгөө бууны хэдэн сум ойр харагдсан уу? Өнөө шөнө тэр муу гайхлыг чинь энэ гичийтэй нь хамт бодийг нь хөтлөөд өгье л дөө. Байсаар байтал гэрийн эзнийг амьд сэрүүн байхад муу сайн хээрийн боохой амьдаар минь шиншлэн элэг барьж гэр орон, мал хөрөнгөнд минь эзэн суух нь. Удахгүй энэ муу завхай зайдан гичийнээс чоно, нохойны баахан эрлийз хурлийз амьтад гарч энэ хөндийн хүн, мал хоёрыг түйвэргэх нь. Баг, сумаараа хөдлөөд ч дарж дийлэхгүй дайсантай болох нь. Хожмын хойд өдөр олон амьтны амь таслаж нүгэл үйлдсэнээс гадаа байгаагаар нь ерөөсөө энэ муу жингэрийг буудчихсан нь зөв болно гэхэд Долгормаа:

-Гадаа уяатай байсан энэ муу ядарсан жингэр яахаараа буруутдаг билээ. Чи ч гэсэн анх миний толгойг эргүүлж манай босгоор алхахдаа үдшээр ирж, үүрээр буцдаг байсан биз дээ. Энэ чоно та хоёрт ямар ялгаа байна. Би гөлгөө тийм ч амархан алуулчихгүй шүү гэв. Тэр өдөр гэрийн эзэгтэй нөхрийнхөө бууны хэдэн сумыг гэрийнхээ дээвэр доогуур нуулаа. Батхүрэл маргааш нь анчин Норовсамбуугийнд очиж:

-Манай жингэртэй нэг азарган чоно нөхцчихөөд салдаггүй. Би түүнийг цаашаа харуулах гэсэн чинь бууныхаа сумыг эрээд эрээд олдоггүй. Тэгээд таниас хэдэн сум зээлэхээр ирлээ гэвэл:

-Би жилдээ гуч, дөчин ингэ ботголуулдаг хүн. Хорин хэдэн жил энэ урд говийн тэмээ, чоно хоёрыг хамт хариуллаа. Чоно гэдэг хаяагаа хадардаг одооны энэ муусайн явган хулгайчаас хол дээр амьтан. Би хар багаасаа буу цоор үүрч, хавх хаж ганзагалсныг чи мэднэ. Чонотой нийлсэн гэрийн нохой эргэж мал, хот руугаа дайрдаг гэдэг худал үг. Чоно, нохойны эрлийзүүд харин ч мал үргээдэггүйг би сайн мэднэ. Энэ урд Бор хөөврийн говьд хэдэн бүл чоно бий. Тэд өчнөөн олон жил өнгөрөхөд манай ботгоноос нэгийг ч айлгаж үзээгүй билээ. Тэр үдэш гэрийн эзэн Норовсамбуугийнхаас хэдэн сум аваад нэлээд халамцуухан гэртээ буцаж ирэв.

-Чоно махнаас гарч, нүгэлт хар гөрөөчин Норовсамбуу буу, хавхаа овоо тахилганд тавьж лам, хувраг болох юм байхаа. Би өнөө шөнө тэр айж ичихээ мартсан азарган чонын бодийг хөтлөнө. Алив Долгормаа жаахан архи халаагаатах гэлээ. Ганц хоёр усаар авсан ингэний хатуу архинд нам цохиулсан нөхрөө унтсаны дараа Долгормаа азарган чонын ирэхийг хүлээн хувцсаа тайлалгүй бүхлээрээ хэвтэв. Батхүрэл архи нь гарах янзгүй үе үе шүдээ хавиран ёолно. Гадаа саруулхан тул гэрт юм оёмоор гэгээтэй. Оройжин саах зөрүүлгэний хонь хургатай хөөцөлдсөн хэдэн халтар хүүхэд нь хоймроор нэг ундуй сундуй унтацгаажээ. Алсад ууль бөрт бүдэг дуугаар гүүг-гүү-хүг хэмээн хэн нэгнийгээ дуудна. Багахан цөгцөнд мандаасан зул бөхөж амжаагүй байхад зуны богино шөнө өнгөрч зүүнээс үүрийн туяа цэнхэрлэн гийнэ.

Нөхрийг нь сэрэхээс өмнө амжиж хээрийн амьтан ирээсэй гэж хүлээн хэвттэл ашгүй нохойных нь уяа гинж дуугарч гөлөг гийнан эрхлэх нь сонсогдлоо. Долгормаа сэмхэн босч хөл нүцгэн гадагш гарвал мөнөөх гайхал “хүргэн” нь ирчихсэн эхнэрээ эрхлүүлэн үлгэж, үнсэн долоож зогсов. Эзэгтэй хээрийн боохойноос ч эмээсэнгүй. Жингэрийнхээ толгойг цээжиндээ тэврэн, хацраа наан энхрийлж хэсэг сууснаа нэгэн дусал нулимс унагаагаад уяа хүзүүвчийг нь хурц хутгаар тас огтлон суллан тавив. Нохой нь цаашаагаа хэд алхсанаа буцан ирж эзнээ нэгэнтээ үнэрлээд “нөхрөө” даган давхин одов. Хүүхний гарт атгаастай байсан нохойны уяа гинж хөлийн доор санаа алдах мэт хангинан унав. Долгормаа сарны доогуур давхин бараа тасарч буй чоно, нохой хоёрын хойноос төрсөн охиноо хадамд мордуулсан эхийн харцаар ширтэн сэтгэлдээ сүү өргөн үдлээ. Бор хөөврийн говьд борооны будан татна.

Гэрийн чинээ элсэн товцгийг бүрхэн ургасан хармаг жимс, загийн мөчир гишүү дамжин жиргэх шариг бялзуухайн эх орон энэ зах хязгааргүй мэт үргэлжлэх их говьд ирсэн чоно, нохой хоёр ихэр ижилхэн зургаан гөлөг төрүүлж эх, эцэг болсон амьтны амьдын жаргалыг эдэллээ. Хужир мараа цавцайсан шал тойром, хулангийн цавчаал ус бүхий баянбүрд тэргүүтэн нь хүн малын диваажин ажээ. Энд машин, мотоцикль байтугай морьтой хүн ч явахын аргагүй бут бударгана, заг сондуул, элс боргио, өрхий шавар хэдэн арван бээр газар үргэлжлэх тул гөлөгнүүд эрх дураараа эрхлэн өсч бойжиж байлаа. Загийн шар оготнотой өдөржин хөөцөлдөж тоглох бэлтрэгнүүд эх, эцэг хоёроо эзгүй хойгуур өөрийгөө араа шүдтэй араатан чонын үр сад гэдгээ мартсан мэт ам хэлээ хорстол хармаг жимс идэх нь өхөөрдмөөр. Хэдэн гөлөгнийхээ борвийг тэнийхээр бүгдийг дагуулаад гэртээ очвол Долгормаа ижий минь яасан их баярлах бол. Энэ хэдийг маань ач гуч нь айлчлан ирсэн мэт өхөөрдөн бүгдэд нь улаан хэл, цацагтай гоё хүзүүвч зүүж эрхлүүлэх байлгүй.

Тэгээд хотныхоо дөрвөн талд уяж амьтан хүнд арслангийн зулзага авчраад уячихсан мэт гайхуулах биз хэмээн жингэр ижий бодно. Малчин айлын гал голомтноос өөр омгийн, өөр цустай царайлаг залуу “эхнэр” оргуулан авчирсан хөөврийн говийн хөх чононд хол, ойрын эр сүвтэй боохойнууд атаархан нохой овогтонтой энгэр зөрүүлэх ямар байдаг бол гэж сонирхоно. Ийнхүү эр нь шохоорхож эм нь атаархмаар нэг бүл чонын сүрэг Бор хөөврийн говьд амар жимэр аж төрж байтал нэгэн хормын төдийд газар цөмөрч, галав юүлэх мэт гай нүүрлэж, эцэг эхийг нь эзгүй хойгуур эрлэгийн элч мэт аймшигтай өндөр хар хүн ирж зургаан бэлтрэгийг амьдаар нь шуудайнд хийж ганзагалан одов. Газрын гаваас гарч ирсэн мэт ногтон сахалтай тэр бүдүүн эр гөлгүүдийг нэг нэгээр нь дээш өргөн эр, эмээр нь ялган хоёр уутанд хийжээ.

Алсын гөрөөнөөс оройтож ирсэн азарган чоно үр зулзагыг нь ганзагалан одсон морьтой хүний мөрөөр мөшгин давхисаар багийн төвийн хэдэн модон байшин бүхий жижигхэн сууринд тулж ирлээ. Хээрийн амьтны үнэр авсан суурингийн ноход өөдөөс нь тосон боргон давхиж ирэхэд азарган чоно тэднээс дайжин эрэг ганга, бартаатай газар бараадан нуугдав. Бэлтрэг суйлсан эр гөлөгнүүдийг төмөр сараалжин торонд хийж гадуур нь бэржээнтэн туургаар бүтээж хүн амьтны нүднээс далдаллаа.

Эхийнхээ хөхнөөс гараагүй энэ гөлөгнүүдийг яах гэж авчирсныг хүү, охин хоёр нь эцгээсээ асуухад:

-Наадуул чинь нохойны гөлөг биш ээ, чонын бэлтрэг.

Намар болтол хоолны шавхруугаар тэжээж байгаад томрохоор нь арьсыг нь хоршоонд тушааж та хоёрт ном дэвтэр, гутал хувцас авч өгнө гэлээ. Охин гайхан “Тэгээд намар арьсыг нь яаж авах юм бэ” гэж асуухад эцэг нь хөмсөг зангидан:

-Алаад л авахгүй юу гэж зандарлаа. Тэр шөнө зургаагийн зургаан бэлтрэгийг нь хулгайлсан мөнөөхөн хууз эрд өширхсөн азарган чоно түүний чөдөртэй морийг урж, ноцон суурингийн хэдэн нохдын арьсыг хүүлж, энгэр заамаа хуваалцжээ.

-Чи яах гэж гэм халгүй мөрөөрөө байсан чонын үүр ноохойг ухаж үр зулзагыг нь хулгайлсан юм бэ. Өнөөдөр чөдөртэй морийг чинь урлаа, маргааш харанхуй шөнө хаалганы чинь цаана отож байгаад улаан хоолойг чинь тасар татах ч юм бил үү, хэн мэдлээ. Үр хүүхдээ боддоггүй ямар хачин тэнэг хүн бэ. Чи мөнхийн дайсантай больё л гэж бодоогүй юм бол маргааш энэ хэдэн бэлтрэгийг тэр байсан газарт нь аваачиж тавь хэмээн эхнэр нь гуйлаа.

Энэ чинь зажлах шүдтэй залгих хоолойтой араатангууд...

Хамаагүй тавиад явуулчих юм бол ирэх өвөл хэдэн малаасаа сална гэсэн үг хэмээн яриа өндөрлөжээ. Маргааш нь бас нэгэн хэрэг мандав. Багийн сахиул ногтон сахалтынд анчин Норовсамбуу мотоциклийнхаа хөдөлгүүрийг ээрүүлэн давхин ирж:

-Чи яах гэж тэр чонын бэлтрэг авсан юм бэ. Чамаас болж хэдэн ботгоноосоо хагацах нь. Урьд шөнө бас нэг ботго бариад хаячихаж. Эхийнх нь элгийг дэвтээх ганц бэлтрэг үлдээх ухаан чамд байсангүй юу. Одоо энд тэндгүй хээрийн ноход догширвол чи яах хүн бэ.

-Би чиний хоттой хонь, уяатай ботгоноос чинь аваагүй ээ, битгий сүр бадруулж хашгичаад бай. Би хэдэн бэлтрэг суйлахын тулд чамаас зөвшөөрөл, гарын үсэг авах болж байна уу?

-Одоо ангийн улирал биш, амьтан үр төлөө өсгөдөг урин дулаан цаг. Чоно ч гэсэн амиа хамгаалуулах төр засгийн хуультай амьтан шүү гэж хэлээд Норовсамбуу гэрийн эзнийг заамдан авав. Ороо нь орсон отны ноход адил бие биенийхээ багалзуурт асан гэрийн гадуурх тэрэг, чингэлэг мөргөлдүүлэн ноцолдох хоёр эрийг хүүхдүүд уйлалдан, хүүхнүүд толгой руу нь хувинтай ус цацан байж арай чүү салгалаа.

-Чонын бэлтрэгэнд чи тийм их хайртай юм бол нэгийг нь нэг тэмээгээр сольж аваад тэр үүрэнд нь аваачиж тавь л даа гэхэд Норовсамбуу урагдаж салбарсан дээл хувцсаа янзлангаа:

-Чи өгөхөөсөө ичихгүй бол би авахаасаа ичихгүй. Нэгийг нь нэг тэмээгээр авья л даа гэж хэлээд хоёр бэлтрэгийг торноос нь шүүрэн авч өвөртөллөө.

-Чи буян үйлдэж, бурханд мөргөж байж улсын тэргүүний анчны цол хэргэм аваагүй биз дээ. Одоо нэг их энэрэнгүй амьтан болж гэнэ. Нэртэйгээ нь чи хийдэд очиж лам болооч гэж уурандаа багтарсан гэрийн эзэн хашгирлаа. Тэр өдрөөс хойш суурингийн эргэн тойронд шөнө болгон сүрэг чоно ирж ульдаг болж, хөгшдийн нойр хулжин ямархан нэг муу юмны айдас сүүдэр хүмүүсийн сэтгэлд сэрүү татуулан хүүшилж эхэллээ. Бор хөөврийн говийн боохойнууд догширч хүн мал руу гэгээн цагаан өдөр аймшиггүйгээр дайрдаг болсон тухай яриа сумын дарга нарын чихэнд хүрч ойрын үед нэг том ангийн бригад зохион байгуулж арын их говь, өврийн уул, толгодыг самнан ард олныхоо амар амгаланг сахиулах төлөвлөгөө зохиожээ. Шөнө нойрон дунд нь чоно улихыг хүүхдийн зөн совингоороо бүдэг бадаг сонсож, бэлтрэгнүүдийг хашсан төмөр торны хаалгыг эцгээсээ нуун сэмхэн онгойлгож хөхөө санасан тэр хөөрхөн амьтдыг ижий, аавтай нь уулзуулж зүүдэлдэг айлын долоон настай том хүү унтаагаараа нулимс дуслуулан эхэр татан уйлдаг, орондоо шээдэг эмгэгтэй болжээ. Долгормааг өглөө эртлэн босч үнээгээ саахаар гадагш гартал халтар жингэр нь хэдэн хөөрхөн амьтан дагуулаад ирчихсэн гэр, малаа санасан бололтой шарваганан угтлаа.

Гэрийн эзэгтэй тэднийг хараад алс холоос айлчин гийчин ирсэн мэт сөхрөн унаж гөлөгнийхөө толгойг тэврэн өөрийн эрхгүй нулимс унагаалаа. Цээжинд нь тийм гэж хэлэхийн аргагүй нэгэн сайхан хөгжим эгшиглэн гэм зэмгүй, гэнэн томоогүй хөөрхөн нүдээрээ өөдөөс нь харан сууж байгаа тэр гөлөгнүүдийг бүгдийг нь барьж үнсмээр санагдлаа. Ингээд би гучин хэдхэн насандаа энэ нялх нойтон амьтдын эмээ болдог байжээ гэж бодохоос эх хүний хайр энгэр цээжийг нь түлхэн асгарах шиг болов. Тэгээд гэртээ орж галаа асаан тогоон дээр цай үйгээд түмпэнд хярам хийж нохойнууддаа долоолгов. Тэр холоос зүтгэн байж гэр орон, гал голомтондоо хүрч ирсэн тэдгээр хөөрхөн амьтдын хөлд нь шаасан өргөс, зангууг Долгормаа энхрийлж эрхлүүлэхдээ арай л шүдээрээ түүсэнгүй. Нохойны хүү юм чинь нохой л байж таарна. Ижийгээ дагаад айл, малаас айж эмээлгүй хүрээд л ирж дээ гэж гөлөгнүүдийг өхөөрдсөнөө гэртээ орж цайныхаа дээжийг аягалан ширээн дээр тавих зуураа:

-Өвгөөн, босч цайгаа уугаарай гэж нөхрөө дуудлаа. Батхүрэл өндийж нойрмог хоолойгоор:

-Чи юу болоод унтуулахгүй хар өглөөгүүр хашгираад байгаа юм бэ гэвэл Долгормаа:

-Чи бид хоёр өвөө, эмээ болчихжээ гэлээ.

-Чи солиоров уу, юун яасан өвөө, эмээ...

-Үнэмшихгүй бол чи гадаа юу ирчихээд байгааг гараад харахгүй юу. Батхүрэл дээлээ нөмрөн, морь харахаар гадаа гараад өөрийгөө өвөө болсноо хүлээн зөвшөөрч олон хөөрхөн хоточ нохойтой болсондоо олзуурхан баярлав.

-Манай жингэр яагаад “нөхрөөсөө” салаад төрхөмдөө буцаад ирэх болов? Нэг л юм болж дээ. Хүргэнийг маань хэн нэгэн хүн хороочихсон юм биш байгаа гэвэл Батхүрэл:

-Цаадах чинь архи уугаад, агсан согтуу тавиагүй нь мэдээж. Олон хүүхэдтэй болохоор нь хоол унд цуглуулж тэжээхээсээ залхаад бас нэг юмтай нөхцөөд сураг ч үгүй, зураг ч үгүй толгой хандсан зүгтээ алга болоо вий гээд доогтойхон инээлээ.

-Чамайг надаас уйдаагүй байхад тэр азарган чоно гичийгээ орхиж явна гэж байхгүй ээ.

-Чи яахаараа намайг дандаа хээрийн тэнүүлч чонотой адилтган боддог юм бэ.

-Би чамайгаа дэндүү сайн мэддэг болоод л ... Тэр жил чи намайг хөл хүндтэй болгочихоод хаашаа алга боллоо...

-Түр цэргийн дайчилгаанд л ганц сар яваад ирээ биз дээ.

-Аа тийм үү. Түр цэрэгт явсан хүн яахаараа аймгийн төвд оргоод ирчихсэн Артелийн клубт айлын эхнэртэй бүжиг эргэж явдаг билээ. -Чөлөөний хуудастай явсан юмаа. Гэрт ийм яриа болж байхад гадаа нөгөө хэдэн хоточ нохой хотны ноос амандаа зуун хоорондоо хөөцөлдөн тоглож байлаа. Долгормаа гөлөгнүүдээ улаан хэл, цацагтай хүзүүвчээр гоёод тус бүрт нь “Хойлог, Арслан ...” гэх мэт нэр өгөв. Өдөр хоног өнгөрөх бүр гөлөгнүүдийн дөрвөлжин хамар нь эцгийгээ дууриасан шөнтгөр, шөвгөр хоншоороор солигдон алс тундрийн цасны нохойтой төсөөтэй эгдүүтэй сонин амьтад болж байлаа. Удалгүй эр, охин нь хамаагүй нэг гөлгөө өгөөч гэсэн айл саахалтын хүмүүсийн хадаг, сүүтэй урилга гуйлга ирдэг болов. Үдэш зээр, гөрөөс бараадан Туулайн тал руу гөрөөлөхөөр явсан азарган чоно өглөөний нарнаас урьтаж үүр ноохой руугаа буцдаг боловч энэ өдөр тэрбээр гэр лүүгээ гөлөгнүүдээ дагуулан айлчлалаар явсан жингэрийнхээ араас очихоор газрын бартаа даган шогшив. Энэ үед машинаа дов сондуул дунд нуугаад чоно дурандаж байсан хэдэн хүний нэг нь:

-Батхүрэлийнд хүргэн орсон тэр гайхал чоно удахгүй сумын төвд очиж даргын маань тамгыг булааж авах бий вий гэж хэлснээ пар пар хөхөрлөө.

-За тэр дэмий үг яахав нээрээ хэд хоногийн өмнө гичий нь гөлөгнүүдээ дагуулаад гэртээ ирсэн дуулдсан. Мань эр гэр бүлээ цуцлуулчихаагүй л бол хадмындаа ирэх л учиртай

-Чоно юу гэж чи бидэн шиг ганц эхнэртэй байв гэж...

-Нарийн яривал чи ч ганц эхнэртэй хүн биш шүү дээ /бүгд инээлдэв/

-Зүв зүгээр байж байгаад юу ярих нь вэ энэ чинь, Танай авгайг л чангаагаагүй бол болоо биш үү.

-Тоглож байхад үг даахгүй уурлах нь уу даа, гэтэл багийн сахиул бүдүүн эр дурангийнхаа шил, нүднийхээ нулимс хоёрыг яаруу сандруу арчсанаа:

-Чимээгүй! доошоо хэвтэцгээ нөгөөтөх чинь гараад ирлээ гэж хэлээд толгойгоо бөхийлгөн суулаа. Говь руугаа эргээд зугтвал гүйцэгдэхгүй шүү. Тийм учраас Туулайн талын гүн рүү лавхан шиг оруулж байгаад араас нь дайрахад тэр гайхал энэ цагаан газар хаашаа ч бултаж чадахгүй. Одоо тэрэг рүүгээ хурдхан очьё гэж хэлээд дөрвөн хөлтэй амьтад шиг тонгойн гүйлдлээ. Гэнэт араасаа гарч ирсэн хөнгөн тэргийг харсан азарган чоно Туулайн талын хоймор өөд ухасхийв. Хэдэн гөлгөө цатгахын тулд бүтэн зээрийн мах идсэн азарган чоно хойноос нь хором хормоор ойртон буй тэрэгнээс газрын бартаа даган хөлийнхөө хурдаар зайлж чадаж байвч бууны сумнаас хараахан бултаж чадсангүй. Урийн шар усны үерт он удаан жил идэгдэн газрын гав шиг ангал болсон тэртээх улаан эрэгт хүрвэл энэ машинаас амь мултарч болно гэдгийг хээрийн нохой мэдэж байлаа. Дөрвөн дугуй нь эрчлэн бут, бударгана дээгүүр нисч буух хөнгөн тэрэгний бүхээгэнд сум нь гацсан бууныхаа замагтай ноцолдон байсан хууз эр жолоочид хандан:

-Жаахан хөндийрөх л юм бол алдана шүү. Алив гишгээд өгөөч гэж хашгирлаа. Хар хурдаараа давхиж явсан машин гэнэт эрэгний ирмэг дээр тулан ирээд арай ядан тооромсоглон зогслоо. Ганга руу орсон боохой сүүлээ нэгэнтээ шарваад бараа тасрав. Сахиул эр машинаас үсрэн бууснаа “түй” хэмээн газар нулимж:

-Азтай муу новш юм даа. Энэ улаан эрэг рүү үхэн хатан зүтгэсээр байгаад бидний гараас мултарчихдаг байна шүү. Орос винтовны хоёрын хоёр суманд оногдсон тэр муу гайхал хаа холдоо аж дээ. Энэ эрэгний аль нэг мухарт биднээс нуугдаад хяраад хэвтэж байгаа биз. Алив наашаа буугаад ирцгээ. Энэ ганга руу орцгооё!

-За больё чи минь. Тэгж шархандаа улангасаж уурласан боохойд гэдсээ хүү татуулж үхэх тэнэг толгой би биш. Орхиё! хэмээн нөгөөх нь татгалзлаа. Яасан аминдаа хайртай амьтан бэ чи, наашаа яваад ир.

-Аминдаа хайргүй, ашиг олзонд дуртайгаараа чи өөрөө наад эрэг рүүгээ орохгүй юу... Гадаа нохой шуугилдах чимээнээр гарч харвал тэртээ холоос нэгэн саарал амьтан гэр лүү нь өрөөлтэй, чөдөртэй юм шиг газар хороож ядан бүдчин ирж явлаа. Ойртон ирэхэд нь ажвал мөнөөх гөлөгнүүдийн эцэг азарган чоно мөнөөсөө мөн. Бууны суманд сийчүүлэн цусандаа будагдсан тэр амьтан арай чүү гадаа ирээд сүүлчийнхээ гэрээс, захиасыг хэлэх мэт жингэрийнхээ ам хамрыг долоон, үнсэн үнэрлэснээ хөлийнх нь дор үхэтхийн газар дэрлэн унаж амьсгал хураах нь тэр. Нялх гөлөгнүүд аль эрт амь нь гарсан азарган чонон дээр бүчин эрхэлснээ уйлах мэт гунигтай дуугаар гиншин улив. Гэгээн цагаан өдөр, гэрэлт шар наран дор хар дарсан зүүд мэт байж болшгүй ийм эмгэнэлтэй айдас, хүйдэс үзсэн эхнэр, нөхөр хоёр хэрхэх учраа олж ядан хар цагаан дуугүй зогсож байтал тэртээх гүвээн дээгүүр буу, цоор агссан нэгэн хөнгөн тэрэг шил толио наранд гялбуулан гарч ирлээ.

2016.3.29 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.