Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч Л.Лхагва: Сансрын нисэгчдийн хоолны цэсэнд оруулах борцыг академич Д.Рэгдэл бид хоёр тэсгим өвлөөр хийж байлаа

Twitter Print
2021 оны 03-р сар 22-нд 10:21 цагт
Мэдээний зураг,

Академич,Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч Л.Лхагватай ярилцав.

-Энэ хавар Монгол Улсын иргэн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна. Таныг сансрын багийн эмчээр ажилласан тухай Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гэж эрхэм хүн “Дэлхийн сансрын эмч нар дотор монгол эмч ганцхан бий” гэж бичсэнийг уншаад бахархаж билээ. Ингэхэд сансрын багийн эмч ер нь юу хийдэг, ямар алба вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Тэгье тэгье. Сансрын нисэгчээр сонгогдсон хүмүүс цоо эрүүл учраас хийгээд байх юмгүй гэж зарим хүн боддог байх. Ер нь дэлхийн эмч нар өвчтэй хүнийг эмчлэхэд асар их мэдлэг, туршлага хуримтлуулсан улс шүү дээ. Гэтэл сансрыг эзэмших болоход дэлхийгээс тэс өөр орчинд очсон хүний эрүүл мэндийг нэг юмтай харьцуулах хэрэг гарна аа даа. Тэр үед дэлхийн эрүүл хүмүүсийн судалгаа нэн ховор байсан. Тэр тусмаа эрүүл гээд байгаа хүний биеийн үзүүлэлт газар нутгийн байдлаас болоод өөр өөр байдаг. Жишээлбэл, өндөр уулын бүсэд амьдардаг эрүүл хүмүүсийн цусны улаан эс бидний ярьдгаар эритроцит ихтэй, тэр нь тал газрын хүмүүсийнхээс их байдаг. Сансарт хүн ниссэн явдал эрүүл хүний судалгааг эрчимжүүлж өгсөн. Тэгэхээр чи бод доо. Эрүүл хүний эрүүл мэндийг хэв янзаар нь хадгалахгүй бол өвчтэй болно биз. Сансрын багийн эмч эрүүл сансрын нисэгч хүнийг өвчтэй болгохгүй байх бүх талын асуудлыг хариуцдаг. Зүйрлүүлж хэлбэл, эрүүл мэндийн торгон хилийн харуул гэсэн үг. Эмчээр ажиллаж байхад сэтгэл зовох юм өчнөөн гардаг байлаа. Гэхдээ бидэнд тусалдаг эмч нарын отряд ард минь байсан болохоор айхавтар хэцүү юм нэг их тохиолдож байгаагүй ээ.

-Ингэхэд сансарт нисэх хүнийг судалж сонгох ажил яг хэзээнээс эхэлж байсан бэ?

-Сансрын нисэгчийг судлах, сонгон олох ажил 1977 оны тавдугаар сард Улаанбаатарт албан ёсоор эхэлж, зун, намаржин үргэлжлээд өвөл нь буюу 1978 оны хоёрдугаар сард Москвад дуусч байсан юм. Миний хувьд хавар их онцгой улирал. Би хаврыг хүн төрөлхтний сансрын хавар, Монголын сансрын хавар гэж хэлэх дуртай. Хүн төрөлхтнөөс Юрий Гагарин гэж залуу анх сансарт нисэхэд хавар тохиож байсан. Монголын иргэн анх удаа сансарт ниссэн улирал ч хавар.

-Нээрээ Гагарин дөрөвдүгээр сард сансарт нисч байсан юм байна шүү. Тэгэхээр энэ хавар хүн төрөлхтөн сансарт ниссэний жаран жилийн ой тохиож байгаа байх нь?

-Харин тэгж байна (инээв). Цэл залуухан 27-той Юрий Алексеевич Гагарин 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өглөөний 09 цаг 07 минутад эх дэлхийгээс цойлж, БНМАУ-ын иргэн 33 настай Ж.Гүррагчаа 1981 оны гуравдугаар сарын 22-ны орой 17 цаг 59 минутад анх сансарт нисч байлаа.

-Ж.Гүррагчаа, М.Ганзориг гэж хоёр хүнийг бэлтгэж байгаад эцсийн мөчид Ж.Гүррагчаа гэдэг залуу сансарт ниссэн түүхтэй. Бүр анх хичнээн хүн сонгон шалгаруулалтад оролцож байсан юм бол?

-Маш олон хүнийг судлаад эхний удаад янз бүрийн мэргэжлийн 30 залууг эмнэлгийн нарийн үзлэг шинжилгээнд оруулсан юм. Инженер, сөнөөгч онгоцны нисгэгчид жин дарж байсныг маш тод санаж байна. Радиотехникийн инженер гэхэд л Ц.Балчингомбо, Д.Болдбаатар, Б.Дэмбэрэл, Г.Дугарсүрэн, А.Тойвгоо, Я.Шижирбаатар гэсэн шижигнэсэн таван залуу шалгарч байлаа. За тэгээд цааш нь тоочвол инженер Ж.Даш, С.Дамдинсүрэн, Л.Төмөр, Х.Чулуун, З.Сүхээ, холбооны инженер Д.Гарам-Очир, Ч.Нямдаваа, цахилгаан механикийн инженер Н.Нансал, А.Пүрэвжав, барилгын инженер Т.Эрхэмбаяр, инженер нисэгч Д.Баатар, Б.Намхайдорж, Д.Сүрэнхорлоо гэсэн залуус анхны сонгон шалгаруулалтад тэнцэж эмнэлгийн нарийн үзлэг шинжилгээнд орсон юм. Сөнөөгч онгоцны нисгэгчдийн хувьд арван залуу анхны сонгон шалгаруулалтыг давсан. Б.Батдорж, Б.Лхагвасүрэн, С.Усник, Н.Цэдэнпүрэв, Б.Сүх, С.Шаравсамбуу, Д.Чойжилжав, П.Эрхэмбаяр, Н.Гомбодорж, Ч.Даваажав нар. Хүний их эмч нэг байсан. Г.Баасанцэрэн гэдэг эмч залуу. Бид анх өнөө 30 залуугаасаа дөрвөн нисэгч сонгосон юм. Гэтэл 1977 оны наймдугаар сард социалист гэгдэж байсан орнуудын “Интеркосмос” хэмээх сансрын хамтын ажиллагааны Үндэсний зохицуулах байгууллагын удирдагч нарын зөвлөгөөн Улаанбаатар хотод болдог юм. Тэр зөвлөгөөнд оролцсон ЗХУ-ын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, “Интеркосмос” зөвлөлийн дарга, академич Б.Н.Петров сонгосон дөрвөн нисэгчтэй маань уулзлаа. Уулзаж танилцсаныхаа дараа бидэнд дээд боловсрол, мэргэжилтэй гурван хүн дахин сонгож олохыг зөвлөсөн л дөө. Бидний сонгоод байсан хүмүүсийн гурав нь дунд боловсролтой, цэргийн нисэгчид байсан болохоор тийм зөвлөгөө өгсөн хэрэг. Ингээд дахиад баахан ажил ундарлаа. Дээд боловсролтой, мэргэжилтэй гурван хүн сонгон олох ажил 1977 оны есдүгээр сард эхэлж, 1978 оны хоёрдугаар сард ЗХУ-д Оддын хотхонд Эмнэлгийн ерөнхий комиссын хурлаар орж эцэслэж байсан юм. Хоёр дахь ээлжийн гэж хэлж болох үзлэг, шинжилгээнд 13 хүн орж байлаа. Танай сонины хуудсаар дамжиж үлдэх түүх учраас, гэр бүл ойр дотныхон нь бахархан дурсаг гэдэг үүднээс бүгдийг нь нэрлэчихмээр байна, болох уу?

-Тэг тэг.

-Хүний их эмч Х.Лхасүрэн, физикч Ж.Сайнхүүгээс бусад нь инженерүүд байсан юм. Дулааны процессын автоматжуулалтын инженер Ц.Бэгзсүрэн, М.Ганхуяг, радиотехникийн инженер Ч.Батмөнх, С.Гантөмөр, онгоцны тусгай тоноглолын инженер Ж.Гүррагчаа, дулааны инженер Ц.Жамбалсамбуу, Ц.Лхагва, артиллерийн инженер Ц.Ишган, цахилгааны хангамжийн инженер Л.Өлзийбат, инженер механикч С.Сайнцог, инженер химич Ш.Паламдорж нар нарийн үзлэг шинжилгээнд орж байлаа.

-Эхний 30-аас сонгогдсон анхны дөрвийн нэрийг та дурдсангүй?

-Инженер нисэгч Д.Сүрэнхорлоо, сөнөөгч онгоцны нисэгч С.Шаравсамбуу, Б.Лхагвасүрэн, П.Эрхэмбаяр нар байсан юм.

-Дараагийн 13-аас сонгогдсон гурав нь Ж.Гүррагчаа, М.Ганзориг, С.Сайнцог байх нь...?

-Тийм ээ. М.Ганзоригийн жинхэнэ нэр нь Ганхуяг байсан юм. Москвад болсон эмнэлгийн үзлэгийн дараа нэрийг нь Ганзориг гэж сольж байлаа. Оросоор нэрийг нь дуудахад утга агуулгын хувьд эвгүй утгатай сонсогдоод байсан учраас ярьж зөвлөлдөөд сольсон түүхтэй. Орос хэл мэдэх хүмүүс шууд ойлгох байх аа.

-Анх дөрвөн хүнийг санал болгож. Яагаад заавал дөрвийг сонгосон юм бол?

-Зөвлөлтийн тал социалист орнуудад тийм санал тавьсан юм. Сонгогдож, дараагийн нарийвчилсан үзлэг шинжилгээнд орохоор болсон залуус маань бүгдээрээ Зөвлөлтөд боловсрол, мэргэжил эзэмшсэн шилдэг инженерүүд байсан шүү.

-Зөвлөлтөд сүүлчийн шатны эмнэлгийн үзлэг, шинжилгээнд орсон хүмүүсээс гурав нь тэнцсэн гэж ярьдаг шүү дээ. Гурвууланг нь бэлтгэлд явуулаад онцгой байсныг нь нисгэж болоогүй юм байх даа?

-Хоёр хүнийг сансрын нисгэгчийн бэлтгэлд ирүүлэх номтой байсан юм. Чи бод доо, анх дөрвөөс нэг нь, дараа нь гурваас нэг нь, тэгээд хоёроос нэг нь хасагдаж байж сансарт нисч байгаа хэрэг шүү дээ. Хасагдсан хүн нь хөөрч баярлаад, гуяа алгадаад харайж дэвхрээд байхгүй нь мэдээжийн хэрэг. Эмч хүний хувьд тэдэнтэйгээ адилхан л харамсаж, баярлаж явлаа. Ямартаа л “Сансарт нисэх ч сайхан, эх дэлхийдээ үлдэх ч сайхан” гэж тэдэндээ хэлж байхав.

-Малчны хүүхэд болохоор Ж.Гүррагчааг сонгосон гэдэг яриа байдаг. Үнэхээр тэгсэн юм уу?

-Тэр үгүй байх аа. Сансрын нислэгийн бэлтгэлд тэнцсэн Д.Сүрэнхорлоо, М.Ганзориг, Ж.Гүррагчаа цөмөөрөө малчны хүүхдүүд шүү дээ.

-Манай Намын Төв хорооны Улс Төрийн товчооноос хэнийг нь сансарт нисэхийг шийдсэн юм биш үү?

-Тэгж яриад байдаг юм. Сансрын нислэгийн үеийн эрдэм шинжилгээний бэлтгэл ажлын талаар холбогдох хүмүүс Улс төрийн товчоонд хааяа танилцуулдаг байсан. Тэгэхдээ бид хүн сонгон явуулах тухайд ярьж байгаагүй. Манай комиссын дарга байсан, Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Г.Адъяа гуайтай Сансрын нисгэгч, генерал А.А.Леонов гуай Москвад уулзаад “Хоёр нисгэгчийн нэг нь сансарт нисэх ёстой. Чухам хэнийг нь нисгэх тухай саналыг улс нь гаргадаг учиртай. Иймээс бид БНМАУ-ын удирдлагын саналыг хүлээж байгаа” гэж хэлж л дээ. Г.Адъяа гуай нутагтаа ирээд Намын Төв хорооны Улс төрийн товчооныхонд сонсож дуулснаа хэлэхэд Улс төрийн товчоо тэр дор нь тогтоол гаргаж, Ж.Гүррагчааг хөлгийн үндсэн багт оруулан сансарт нисэхийг зөвшөөрсөн түүхтэй. Тогтоол батлагдаад гарын үсэг зурсны дараа Ю.Цэдэнбал дарга малчин гаралтай хүн сонгох нь ер нь зүйтэй юм байна гэх утгатай үг хэлсэн л гэдэг юм. Гэхдээ нэг л үнэн бий. Сансарт нисэх эцсийн шийдлийг Байконур сансрын буудалд болсон Зөвлөлтийн Улсын комиссын хурлаар хэлэлцэж баталсан. Тэгж баталсныг нотлох нэг гэрч нь би байна даа.

-Сансрын музейд академич Б.Чадраа, Батлан хамгаалахын сайд Ш.Жадамба та гурвын зургийг тавиад хамтарсан нислэгийн бэлтгэл ажилд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж бичсэн байна лээ. Танд ярих сонин сайхан их байгаа даа. ШУА-ийн Физик-Техникийн хүрээлэнд байгуулж байсан Сансар судлалын тасгийн эрдэмтэд гэхэд л улсдаа урдаа барьдаг мундгууд цугларсан байдаг...?

-Бид тасгаа СС тасгийнхан гэж хошигнон нэрлэдэг байлаа (инээв). Манай тасаг чинь ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Ширэндэвийн санаачилга, шууд оролцоотойгоор 1977 оны тавдугаар сард байгуулагдсан түүхтэй юм. Геодези, зурагзүйн газраас геодези-зураг зүйч О.Баасансүрэн, Холбооны яамнаас цахилгаан холбооны инженер Ш.Дамба, Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгээс газар зүйч Х.Тулгаа, Геологийн хүрээлэнгээс геологич П.Хосбаяр, Физик-техникийн хүрээлэнгээс физикч С.Ваша, Д.Батмөнх, Химийн хүрээлэнгээс биохимич Д.Рэгдэл, Д.Уртнасан, Анагаах ухааны дээд сургуулиас миний бие анх томилогдон ажилласан юм. Бидэнтэй астрофизикч Ч.Лхагважав, физикч З.Ариунаа, Д.Борчулуун, Х.Дорж, Л.Оюунбилэг, Д.Лхагвасүрэн, геофизикч, зурагзүйч П.Галсан, биохимич Д.Бадгаа, геологич Б.Лувсанданзан, ургамал зүйч Н.Өлзийхутаг нарын олон эрдэмтэн, мэргэжилтэн хамтарч байлаа. Бидний ажлыг ШУА, “Интеркосмос” зөвлөлийн зүгээс зохицуулахад зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Гантулга, ШУА-ийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Цэгмид гэж хоёр хүн голлох нөлөөтэй ажилласныг мартах учиргүй. Ер нь Монголын иргэн сансарт нисэх ажлын бэлтгэл, сурталчилгаа гээд асар их ажил өрнөсөн шүү. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн С.Жалан-Аажав, дараа нь Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Г.Адъяа даргатай улсын комисс байгуулагдаж, маш том ажлын ард гарч байсан юм.

-Монгол хүн сансарт нисээд ирсний дараа энэ том ажлыг нугалсан олон хүн төрийн одон медалиар шагнуулсан байх даа?

-Би эхлээд чамд нэг тоо сонирхуулъя. Ю.А.Гагариныг анх сансарт нисээд ирэхэд ЗХУ-ын баатар цол олгосон. Харин тэр гавьяатай үйлсийг бүтээхэд оролцож онцгой үүрэг гүйцэтгэсэн долоон эрдэмтэн, зохион бүтээгчдэд Хөдөлмөрийн баатрын хоёр дахь алтан таван хошуу медаль, 95 зохион бүтээгч, удирдах ажилтан, эрдэмтэн, ажилчдад хөдөлмөрийн баатар цол олгосон байдаг юм. Манайх ч бас анх ниссэн хүнээ ирсэн даруйд БНМАУ-ын баатар болгож, “Сансрын нисгэгч” цол олгосон. Орлон нисгэгч байсан М.Ганзоригийг Сүхбаатарын одонгоор шагнаж байлаа. Харин нэг сонин шийдэл нь М.Ганзоригт “Сансрын нисгэгч” цол олгосон явдал. Би үүнийг зөв гэж боддог. М.Ганзориг маань сансрын нисгэгчийн иж бүрэн сургуульд гурван жил суралцаж, Сансрын нисгэгчийн мэргэжлийн үнэмлэх гардан авсан хүн. За тэгээд Зөвлөлтийн сансрын нисгэгч В.Жанибеков, В.Коваленко, В.Савиных нар БНМАУ-ын баатар цолоор, В.Ляхов Сүхбаатарын одонгоор шагнуулж байлаа.

-Манай талаас шагнуулсан хүн байхгүй гэж үү. Эрдэмтэд гэхэд л Сансрын тасаг гэж байгуулж хэдэн арваараа ажиллаж байсан тухай та сая ярилаа шүү дээ...?

-Тухайн үед нэг их сүр дуулиантай шагнасан юм байхгүй. Энэ тухай манай Монголын комиссын нарийн бичгийн дарга байсан, доктор Ч.Даваадаш 2011 онд бичсэн “Сансрын хамтарсан нислэг түүхийн хуудаснаа” гэдэг номд “Бараг таван жил шахам үргэлжилсэн энэ нүсэр ажилд маш олон хүн туйлын идэвхтэй оролцож, асар их хүчин чармайлт гаргаж, хүч хөдөлмөр, оюун санаагаа хөвчлөн дайчилсан юм. Нэг үгээр хэлбэл, энэ нислэг бол энд оролцсон бүх хүний хамтын хүчин чармайлтаар амжилттай болсон түүхэн үйл явдал байсан. Тийм ч учраас МАХН-ын Төв хороо, Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн дүнгийн талаар тогтоол гаргаж, энэ олон хүнийхээ ажлыг дүгнэж, хөдөлмөр бүтээл, гавьяа зүтгэлийг нь зохих ёсоор үнэлэхээр зэхэж байлаа. Төв хорооны Улс төрийн товчооны тогтоолын төсөл монгол, орос хэлээр бэлэн болчихсон, тогтоол гарахад ганц хуруу дутуу байлаа” гэж бичсэн байна лээ. Тогтоолын төсөлд “БНМАУ-ын ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилчид ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтран боловсруулсан сансрын физик, технологи, сансрын эмнэлэг-биологи болон сансраас эх дэлхийнхээ байгалийн баялгийг тандан судлах эрдэм шинжилгээний программ, туршилтууд, зохион бүтээсэн багаж төхөөрөмжүүд, шинжлэх ухаан улс ардын аж ахуйн ач холбогдолтой болов ... Хамтарсан нислэгийг бэлтгэх ажилд идэвх чармайлттай оролцсон нам, улс, олон нийт, аж ахуй, соёлын байгууллагын ажилтан, ажилчид, гадаадын иргэдийг урамшуулан шагнах асуудлыг боловсруулж, энэ оны зургадугаар сарын 20-ны наана МАХН-ын Төв хороонд оруулах”... гэж байсан нь эдүгээ түүхийн ховор баримт болон 40 жил болж байна даа. Дээрх тогтоолын төсөлд зургадугаар сарын 20-ны наана гэж байгааг анзаарвал Наадмын өмнө буюу Ардын хувьсгалын 60 жилийн ойн үеэр хүмүүсийг шагнахаар төлөвлөж байсан болов уу.

-Тэгвэл тэр жилийн наадмаар өчнөөн хүн шагнуулжээ дээ?

-Юун шагнуулах. Би энэ тухай ярих дургүй байдаг юм. Сонин юм болсон л доо. ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв гуайг ажлаас нь халж, Б.Чадраа гуайг хар гэрт хийсэн. Харин хожим нь Б.Ширэндэв гуай Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Б.Чадраа гуай шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналтан болсон. Үүнээс илүүг яримгүй байна. Ингээд зогсох уу.

-Уг нь шалтгааныг нь яриулмаар л байна. Ярих дургүй байгаа бол хүсэлтийг тань хүндэтгэлгүй яахав. Манай эрдэмтэд чацаргана, борцыг сансрын нисгэгчдийн хоолны цэсэнд оруулсан гэж ирээд яривал олон сонирхолтой ажлууд дуулддаг. Сансрын нислэгийн үед шинжлэх ухааны олон туршилт хийсэн үү?

-Өө тэгэлгүй яахав. Олон туршилт хийсэн. Тэр туршилтуудын нэг хэсэг нь эмнэлэг-биологи болон сансрын физикийн туршилтууд байсан юм. Зарим туршилтууд сансарт анх удаа хийгдсэн. Тухайлбал, “Биоритм”, таны сая онцолсон “Чацаргана” туршилт байна. Биоритмийн туршилтын тухайд хүний биеийн үзүүлэлтүүдийг цаг цагаар хэмжээд аль цагт их, аль цагт бага байгаа гэхчилэнгээр судална. Энэ туршилтын үед надад тусалж байсан бага эмч сүүлдээ ууртай болоод ч байх шиг, үгэнд орохдоо хойргошоод байх шиг санагдахаар нь учрыг нь асуулаа. Гэтэл өнөөх маань “Эмч ээ, би нэг сар унтсангүй. Та намайг дандаа шөнө хоёр, хоёр цагийн зайтай хэмжилт хий гээд өөрөө шөнө унтаад байхаар аргагүй шүү дээ” гэж байна. Бодоод байх нь ээ, би өөрөө өдөр нь хэмжиж судалгаагаа хийчихээд нөгөө хүнээ чи өдөр унтаж амраад шөнө жижүүрлэ гээд захиргаадчихсан байгаа юм. Өдөр яаж унтаж амрах вэ дээ, зайлуул. Олон шөнө дараалан нойргүй хоноод ядаргаанд орж байхгүй юу. “Борц”-ыг сансрын нисгэгчдийн хоолны цэсэнд оруулах судалгааны тухайд Б.Ширэндэв гуайн даалгавраар эхэлсэн юм. Улаанбаатартаас борц хайвал олдох л байсан байх. Гэвч гарал үүсэл тодорхойгүй, бохирдол ихтэй борц байх эрсдэлтэй учраас Дорноговь аймгаас эрүүл үхрийн мах авч, борц хийж, судлах болов оо. Доктор Д.Уртнасан эрүүл үхэр хайхаар явсан юм. Үхрээ олж махыг нь ачаад буцаж явтал машиных нь сэнсний ремень тасарч хээр талд суухад өмднийхөө тэлээгээр аргалж яваад хүрээд ирсэн байдаг юм. Тэр үхрийн махны борцыг Хүрэлтогоотын Одон оргилын тэнд өвлийн тэсгим хүйтэнд академич Дүгэрийн Рэгдэл бид хоёр хийж байлаа. Д.Рэгдэл маань өмнө нь үхрийн махаар борц хийж байсан эсэхийг мэдэхгүй. Харин би анх удаа хийсэн юмдаг. Д.Уртнасан, Д.Рэгдэл бид гурав Москва хот дахь Эмнэлэг-биологийн хүрээлэнд судалгаа хийж байхдаа тусгай аргаар боловсруулсан Дорноговийнхоо үхрийн борцны шөлөө ууж, хөлс чийхарч байснаа эргээд дурсахад сайхан байдаг. Ам халсных бас нэг түүх яримаар санагдчихлаа. Манай сансрын физикийн туршилтыг бэлтгэж байсан С.Ваша, Ш.Дамба, Д.Борчулуун гурав сансрын багаж хийхээр болж, ажилдаа ортол өнөө багажийг нь хийх материал нь байсангүй. Тэгж тэгж гэнэтхэн нэг өдөр өнөө материалаа хотоос олчихоод багажаа хийчихсэн юм шиг баярлаж билээ. Манайхан тийм л тэмүүлэлтэй, урам зоригтой ажиллаж байлаа.

-Туршилт хийх явцад хөгтэй явдал их тохиолдоно биз?

-Тоймгүй шүү дээ (инээв). Тэр үед сансрын туршилтын тухай Улс төрийн товчоонд танилцуулдаг байлаа. Улс төрийн товчооныхон өөр өөр мэргэжлийн хүмүүс учир сайн ойлгохгүй байх талтай. “Өө дэмий юм байна, наад туршилтаа хийгээд хэрэггүй” гэвэл дүүрлээ л гэсэн үг. Тийм юм болж магадгүй гэж бодсон уу, яасан академич Б.Чадраа гуай “Туяа” хэмээх нэртэй туршилтын тухай танилцуулж байхдаа “Энэ туяа юм нэвтлэх чадвар ихтэй. Жишээ нь, сансраас Чили улсын нутаг руу орсон туяа дэлхийг нэвт сүлбээд Монголын хавиар нөгөө тийшээ гардаг юм. Хүний тархинд орвол тэсэрнэ. Үүнийг эмч Лхагва сайн мэдэж байгаа” гэдэг байгаа. Миний инээд хүрээд дарга нарын царайг ажлаа. Ю.Цэдэнбал даргын нүд нь сэргээд жуумалзах аятай харагдаж билээ. Надаас тэгж тэсэрдэг юм уу гэж асуувал би онхолдохоос аргагүй байлаа (инээв). Ямар “Тийм ээ” гэлтэй биш.

-Ж.Гүррагчаагийн цол, хэргэмийг бүтнээр нь нэг хэлээд өгөөч?

-БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал, Сансрын техникийн гавьяат туршин нисэгч, Техникийн ухааны доктор, профессор, Сансрын нисгэгч гээд хөвөрнө дөө.

-М.Ганзоригийнх?

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Техникийн ухааны доктор, профессор, Сансрын нисгэгч гээд л...

-Та өөрийгөө тойруулаад сонин сайхан зүйл их ярилаа. Одоо өөрийнхөө тухай ярих болсон байх аа. Таны хийсэн ажлыг онцолж яриулмаар санагдаад байна?

-Та ер нь улам л давшаад байх юм аа (инээв). Цөөхөн зүйл хэлье ээ. Сансрын нисэгчийг сонгон олох эмнэлгийн үзлэг шинжилгээ хариуцаж, дүнг нэгтгэж, комисст танилцуулж зохих шийдвэрт хүрснийг хэлж болох байх. Би яагаад ийн бардам хэлээд байна гэвэл, энэ тухай МАХН-ын Төв хорооны Улс Төрийн товчооны хурлын протоколд тодорхой онцолсон учраас тэгээд байгаа юм. 1978 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн Улс төрийн товчооны хурлын протоколд “....Академич Б.Ширэндэв эдгээр хүмүүсийг сансрын нисгэгч сонгон авах тухай гурав дахь шатны үзлэгт оруулж болно гэж бид үзэж байна гээд сонсголоо үргэлжлүүлж эмч Л.Лхагвагийн удирдлагын дор сансрын нисэгчид нэр дэвшүүлэх эмнэлгийн үзлэг явагдаж, нисэх хүнийг шалгарууллаа ...” гэсэн байна лээ. Тэгээд тэр өдрөө МАХН-ын Улс төрийн товчооны 18 дугаар нууц тогтоол “Монголын иргэдийг Зөвлөлтийн сансрын хөлгөөр нисгэхэд бэлтгэх тухай” нэртэй гарч, тэр тогтоолын Хоёрдугаарт: “БНМАУ-ын ШУА, ЗСБНХУ-ын ШУА-ийн дэргэдэх “Интеркосмос” зөвлөлтэй ярилцаж тохиролцсон ёсоор эмнэлгийн эцсийн үзлэг хийлгэхээр БНМАУ-ын иргэн нөхөр С.Сайнцог, М.Ганхуяг, Ж.Гүррагчаа, Д.Сүрэнхорлоо нарыг эмч Л.Лхагвагийн хамт Ю.А.Гагарины нэрэмжит Сансрын нисэгч бэлтгэх төвд томилон явуулсугай” гэж заасан байгаа. Тэгээд тэндээс тэнцсэн гурван хүнтэйгээ нутагтаа ирж билээ. Дарга нар баяртай байсныг санаж байна.

-Сансрын нислэгийн үеийн туршилтуудыг бэлтгэж хийхэд ШУА багагүй хүч гаргасан гэж ярьдаг. Ер нь амаргүй ажил байсан биз?

-Би өөрийнхөө оролцож ажилласан тухайгаа л товч ярья. Өмнө нь сансартай холбоотой эмнэлэг-биологийн туршилт судалгаа хийж байгаагүй болохоор ёстой л “түмэн бэрхшээл, мянган зовлон”-той тулсан. Ямар туршилт хийх тухай эрдэмтэдтэй зөвлөж ярилцахад сансрын өвөрмөц орчныг мэдэхгүй учраас говийн хулганыг хөрстэй нь хамт явуулж судалъя ч гэх шиг, сансарт нисч яваа хүнд зүү тавьж үзье ч гэх шиг сонин сонин санаа гарна. Бид шаварт унасан шарын эзэн хүчтэйг харуулахаас өөр аргагүй. Зөвлөлтийн Эмнэлэг-биологийн асуудлын Хүрээлэнгийн эрдэмтэд манай ШУА-ийн урилгаар ирж бидэнтэй уулзахад Б.Ширэндэв гуай Чацаргана жимс сансарт зориулж судлах тухай санал тавьж, манай доктор Д.Уртнасан, Д.Рэгдэл нар “Чацаргана” туршилтыг хийж байлаа. Миний хувьд 1977 оны тавдугаар сард Зөвлөлт Грузины Сухуми хотод Сансрын биологи, анагаах ухааны байнгын үйл ажиллагаатай ажлын хэсгийн хуралд оролцохдоо Зөвлөлтийн нэрт эрдэмтэн,профессор Б.С.Алякринскийтэй танилцаж, биоритм судлах талаар санал тавьж ажилдаа орсон түүх бий. Ингээд Монголын гэх хоёр туршилттай болох зам нээгдсэн дээ. Бид “Чөлөөт цаг” нэртэй туршилт хийх болж сансрын нисэгчдэд зориулсан хөгжим-үзвэрийн хөтөлбөр боловсруулж байлаа. Энэ хөтөлбөрт орсон үзвэр, дуу хөгжим нисэгчдэд их таалагдсан. Манай сансрын нисгэгч сансарт нисч явахдаа бөхийн барилдаан, морины уралдаан үзэж, нум сум харваж, аргал янгир дүүлж явахыг харж, уртын дуугаа сонсож байхдаа нэг хэсэгтээ нутагтаа байгаа юм шиг сайхан мэдрэмжээр хөглөгдсөн байх. Бид Зөвлөлт, Герман, Куба,Болгар зэрэг орны эрдэмтэдтэй хамтарч нийт 11 туршилт хийсэн. Эдгээр улсын багаж, тоног төхөөрөмжийг ашиглан туршилт хийгээд үр дүнг хамтран гаргахаар тохиролцож байлаа. Судалгаанууд гурван жил гаруй дэлхий дээр, найм хоног шахам сансарт, мөн нислэгийн дараа долоо хоног хийгдсэн юм. Бүх судалгаа амжилттай болсон. Манай Сансрын нисэгчид “Байконур” сансрын буудал болон сансарт хийх, нислэгийн дараа хийх эмнэлэг-биологийн 11 туршилт судалгаанд тэнд ажиллаж байсан ганц монгол эмчийн хувьд оролцож, гардаж хийж байснаа эргээд бодоход бахдалтай сайхан санагддаг. Ж.Гүррагчааг ниссэний маргааш буюу гуравдугаар сарын 23-нд Байконураас Москвад ирж, Сансрын нислэгийг удирдах төвд шууд очиж ажиллаад, орой нь буудалдаа ирчихээд сууж байх үеийн мэдрэмжээ одоо ч хачин тод санадаг. Сансрын Союз-39 хөлөг, ”Салют-6” тойрог замын станц хоёрыг амжилттай залгагдаасай гэж залбирч байсан даа. Хэрэв залгагдахгүй бол бидний олон жилийн хөдөлмөр, туршилт судалгаа талаар болох байлаа.

-Өмнө нь тийм эрсдэл тохиож байсан юм уу?

-Тийм ээ, өмнө тийм зүйл тохиолдож байсан.

-Монгол эрдэмтдийн сансарт хийсэн судалгааны бүтээл бүр хожим зууны шилдгээр тодорч байл уу?

-Тэгсэн. Нислэгийн дараа бүх туршилтын үр дүнг боловсруулж, нэгдсэн дүгнэлт гаргах нь нүсэр ажил байсан шүү. Хоёр хуруу зузаан тайлан орос хэлээр бичицгээж байлаа. “Зууны мэдээ” сонин, “Монголын мэдээ” агентлагтай хамтран XX зууны Монголын гарамгай бүтээл, чухал үйл явдлуудыг онцлон тодруулахад академич Б.Чадраа бид хоёрын нэр дээр олон хүний санал ирж, Сансарт хийсэн судалгааг зууны манлайгаар тодруулсан байдаг юм. Олон эрдэмтдийн бүтээл шилдгээр нэрлэгдсэн боловч бидний хийсэн судалгааг ард түмний санал асуулгаар XX зууны манлай гэж үнэлсэн байдаг.

-Нислэгээс хойш жаахан амьсгаа авч, зав чөлөөтэй болсон байх даа?

-Ямар юмны зав байхав. Сансрын нислэгийн бэлтгэлийн үед нислэгийн үйлчлэлийг загварчилсан нөхцөлд хийсэн судалгаагаа нэгтгэж 1981 онд нислэг дуусангуут Москва хотод Эмнэлэг-биологийн асуудлын хүрээлэнд тэр үеийн нэрээр Анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Ингээд ч зогсоогүй, боловсруулж амжаагүй байсан их хэмжээний материал, сансрын бодит орчинд хийсэн судалгааныхаа материалуудыг нэгтгэн дүгнээд 1994 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж байлаа. Олон эрдэмтний ажлыг удирдаж, зөвлөж, эрдмийн зэрэг хамгаалуулсан. За тэгээд төрийн яаманд эрдэмтэн нарийн бичгийн дарга, анагаах эрдмийг амлуулсан “Өрлөг ээж” их сургуульдаа дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын орон тооны зөвлөхөөр ажиллаж тэтгэврээ тогтоолгоод “Монос” группийн Эм судлалын хүрээлэнгийн захирал зэрэг алба хашиж, сансрын хөлгүй алсад торолзох цэнхэр гарагийнхаа тоосыг хөдөлгөж явна. Одоо хүрээлэндээ зөвлөж, залуусаар эрдмийн хэт цахиулж, завсар зайнд нь номонд хорхойсч, цаас эрээчиж, цахим мэдээлэлд “согтож”, завгүй хүн л байх юм байна шүү дээ (инээв).

-Цаас эрээчиж гэснээс таныг олон ном бичсэн гэж ярих юм билээ, яг хичнээн ном бичээд байна?

-Юу шалих вэ. 40 гаруй ном бичсэн. Гол гол бүтээлүүдээ нэгтгэж “Судлаад баршгүй эрдмийн далай” есөн боть хэвлүүллээ. 2020 онд “Монос” группийн 30 жилийн ойд зориулж Моносын эрдэмтдийн бүтээлээр “Байгалийн гаралтай шинэ эмийн судалгаа” нэртэй 10 боть номыг эрхлэн гаргалаа. Иймэрхүү “эрээчсэн” цаасаа дэлгэвэл хэдэн хот айлын дээвэр туурганы дайтай болох байх аа.

Цэцэгмаагийн Баасансүрэн

Өдрийн сонин 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.