
Бамбай булчирхайн даавар бүх эрхтний үйл ажиллагаанд нөлөөлдөг.
Гипотиреодизм буюу бамбай булчирхайн даавар ялгаралт буурах үзэгдэл эмэгтэйчүүдэд илүү түгээмэл тохиолддог зүйл юм. Гипотиреодизм гэж бамбайн булчирхайн даавар алдагдсанаас үүдэлтэй биеийн ерөнхий байдалыг хэлдэг байна. Энэ өвчин нь бараг шинж тэмдэггүй байдаг тул үүнийг оношлоход их хэцүү. Нойрмоглох, бие нозоорох, үе мөчөөр өвдөж эхлэх үед бид энэ бүхнийг ихэнхидээ витамин дутагдсанаас болсон эсвэл хэт их ачаалалтай ажилласнаас болсон гэж боддог.
Бамбай булчирхайн даавар нь бүх эрхтний үйл ажиллагаанд нөлөөлдөг тул асуудлыг цаг алдалгүй тодорхойлуулж, эндокринологийн эмчилгээг нэн даруй эхлүүлэх нь чухал юм.
БАМБАЙН БУЛЧИРХАЙН ДААВАР АЛДАГДАЖ БУЙН ШИНЖ ТЭМДЭГ
- Сэтгэл гутрал, хямрал
Бамбай булчирхайн даавар нь тархинд серотонин ялгарах үйл явцтай шууд холбоотой байдаг тул бамбайн булчирхайн даавар хангалттай нэмэгдэхгүй байгаагаас болж ихэвчлэн сэтгэлийн хямрал, гутрал үүсдэг байна.
Үүний нэгэн адил бамбай булчирхайн даавар хэт ихэсвэл түрэмгий, цочромтгой, сэтгэлийн түгшүүртэй болдог байна.
- Өтгөн хаталт
Гипотиреодизмын хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг. Бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал нь хоол боловсруулах эрхтний эмгэг, өтгөн хаталтад хүргэдэг. Ийм төрлийн өвчтөнүүдэд ходоод, гэдэс дотор нь өвдөх, хэхрүүлэх шинж тэмдэг ажиглагддаг байна.
- Нойрмоглох
Гипотиреодизм өвчтэй хүн хэдэн өдрөөр дараалан 12 цаг унтсан ч ядарсан хэвээр л байдаг. Өглөөд байнга ядарсан шинжтэй нойрмоглож сэрэх нь маш аюултай түгшүүрийн дохио өгч байгаагийн шинж юм.
- Үс унаж, арьс хуурайших
Гормоны тэнцвэргүй байдлаас болж бодисын солилцоо удааширдаг тул үс, арьс хангалттай тэжээл авч чаддаггүй. Үүний нөлөөгөөр үс, арьсны байдал муудахад хүрдэг байна. Уйтгартай нүд, шаргал туяатай цайвар арьс бол гипотиреодизмтэй өвчтөний төрх.
- Шалтгаангүй жин нэмэх
Ямар ч шалтгаангүйгээр гэнэт жин нэмэх нь маш аюултайн шинж тэмдэг. Түүнээс гадна биеийн жинг бууруулах гээд янз бүрийн хүчин чармайлт гаргаад ч ямар ч үр дүнгүй байдаг.
- Бэлгийн дур хүсэл буурах
Бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдсоноос болж бэлгийн дур хүслийг өдөөдөг даавар ялгарах нь мууддаг байна.
- Булчин өвдөх, татах
Бамбай булчирхайн дааврын хэмжээ багассанаар тархинаас биеийн бусад хэсэгт дохио илгээдэг мэдрэлийн эсүүд гэмтэж болно. Энэ шалтгааны улмаас булчин өвдөх, шөрмөс татах, 4 мөч мэдээгүй болох нь бий.
- Зүрхний хэм алдагдах
Зүрхний хэм алдагдах буюу зүрхний үйл ажиллагаа удаашрах юмуу аль эсвэл хурдсах, зүрхээр хатгуулах зэрэг нь бамбай булчирхайн дааврын дутагдалтай холбоотой байдаг.
- Анхаарал сарних, ой санамж алдагдах
Бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдоод ирэхээр санах ой алдагдахад хүрдэг. Шинэ мэдээ, мэдээллийг хүлээж авахад хүндрэлтэй болдог байна. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдэд тохиолддог энэ мартах үзэгдлийг ердийн байдаг л зүйл мэтээр үзэх нь бий, гэтэл бамбай булчирхайг эмчилээд эхэлмэгц тухайн хүний оюун бодол тодорхой байдалаар эргэн сэргэдэг байна.
- Цусны даралт багасах
Нойрмог нозооронгуй болж, анхаарал саринан ой санамж муудахтай зэрэгцээд цусны даралт багасч байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй.
- Хавагнах
Хэл зузаарч, шүд, хэлний хажуугаар толбо ажиглагдах, нүүр, 4 мөчөөр хавагнах, улмаар энэ хавагнасан дээр дарахад хонхойхгүй байвал энэ нь гипотиреодизмын дохио гэдгийг анхаарах хэрэгтэй.
- Хоолой, хүзүүнд эвгүй мэдрэмж ажиглагдах
Өвчтөний хоолойд бөөн юм мэдрэгдэж, хүзүү нь эвгүй болж, тэр ч байтугай дуу хоолой нь сонин сонсогдож байвал энэ нь булчирхай нь томорсоны шинж тэмдэг учир эндокринологич эмч рүү шууд очих хэрэгтэйг анхааруулж байгаа хэрэг юм.
Олон жилийн турш эрүүл мэндээ хадгалж хамгаалж явья гэвэл бие махбодийнхоо өгч буй дохиололд анхаарлаа хандуулж байгаарай. Заримдаа ердийн гэж боддог булчингын өвдөлт ч ноцтой өвчний дохио байж болох юм шүү!
Иймд өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч байгаарай!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.