Харвардын их сургуульд суралцагч Билгүүний зөвлөгөө

Twitter Print
2014 оны 07-р сар 18-нд 16:22 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Харвардын их сургуульд 100% тэтгэлэгтэй суралцаж буй Монгол оюутан Билгүүний бэлтгэсэн Англи хэл сурах зөвлөгөө ба Харвард дахь эхний өдрүүд

Гадны шилдэг сургуулиудад сурах мэдлэг чадвартай, толгойтой мөртлөө ганц хэлний бэрхшээлээс л болж гадаадад сурах мөрөөдөлдөө хүрч чадахгүй байгаа олон ч залуучуудтай уулзахад харамсалтай санагдаж уулзаж холбогдсонд нь зав зайгаараа зөвлөгөө өгч байв. Энэхүү нийтлэлээрээ дамжуулан илүү олон залууст хэл сурахад нь тус болъё гэж зорилоо. Нийтлэл маань Англи бас бусад гадаад хэлний мэдлэг улам чухал болж буй өнөө үед зөвхөн гадаадад сурах гэсэн залууст төдийгүй аливаа хэл сурах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хэн бүхэнд тус болно байх аа.

Миний хувьд энд нэгтгэсэн арга барилуудыг ашиглаж нийт зургаан хэл сураад авсан. Америк явахаасаа өмнө Англиар ярьдаг оронд амьдарч байгаагүй ч хэлний олимпиадуудад гадны оронд амьдарч байсан хүүхдүүдээс дээгүүр жагсаж, SAT, TOEFL зэрэг шалгалтууд дээр өндөр оноо авч байлаа. Орос, Франц, Хятад хэл үзэж байхад бас багш нар их хурдан ахиц гаргаж байгаад магтаж “хэлний авьяастай” гэх мэтээр хэлдэг байв. Хэл их түргэн амархан сураад байгаа мэт харагдсаных тэр байх л даа. Үнэн хэрэгтээ ийн ахиц гаргахад минь хэлний авьяас гэхээсээ илүүтэй их хөдөлмөр, зөв арга барил тус болсон гэж би боддог. Зөвлөмжүүдийг маань дагаж TOEFL, IELTS, SAT дээрээ оноогоо ихээхэн ахиулсан, Англиар ном сонин уншдаг болсон олон хүмүүсийн жишээ энэхүү нийтлэл дэхь зөвлөмжүүдийг туршаад үзэх итгэл, урам зориг уншигч танд өгнө гэж найдаж байна.

1. Сонирхлоороо дамжуулж хэл сур

Хэл сурч буй ихэнх хүмүүс хэл сурч буйгаа хийх ёстой ажил, даалгавар, бүр дарамт мэтээр үзэх нь элбэг юм шиг санагдаад байдаг юм. Хэл сурахыг Англи хэлний гэрийн даалгавраа дургүйхэн гялс хийж дуусгах, сургалт дамжаанд хүчлэн байж очиж суухтай адилтгаж ойлгодог бол тийм байхаас ч аргагүй байх л даа.

Үнэндээ бол хэлний сургалтаа хичээл сургалтанд зааж буй материал, даалгавраар хязгаарлалгүй, өөрийн сонирхолтой зүйлсээрээ баяжуулвал хэл сурах нь огтхон ч уйтгартай, дарамттай зүйл байхаа болиод зогсохгүй, харин ч чөлөөт цагаараа дуртайяа хийдэг “хобби” тань болох боломжтой юм. Ингэснээр хэл сурах нь дарамтгүй санагдахаас гадна, өөрт тань сонирхолтой учраас хэл сурахад өөрийн мэдэлгүй л дуртайяа олон цаг зардаг болно.

Миний хувьд янз бүрийн хэл сурсан туршлагаа эргэн харвал бараг тэр чигээрээ л өөрийн сонирхлоороо дамжуулж хэлний мэдлэгээ дээшлүүлсэн байна билээ. 11 настайдаа дөнгөж Англи хэл сурч эхэлж байхад Харри Поттерийн тав дугаар боть номны орчуулга хэвлэгдэн гарахыг хүлээж тэсэлгүй Англи хэл тааруу мөртлөө Англиар нь шууд уншиж байв. Номыг нь хагас дутуу ойлгож байсан ч Харри Поттерийн улаан фен тул 700-аад хуудас номыг дахин дахин шимтэн уншиж байлаа. Тэр үед Англи хэлний хичээл дээр Англиар 700 хуудас текст таван удаа унш гэж өгсөн бол ягшдээ гээл сууна биз дээ. Харри Поттерийн номнуудаа уншиж дуусгаснаас хойш өөрт сонирхолтой Англи номнууд олж уншсаны бүх хуудсыг нэмбэл олон мянга болно байх.

Үүнээс гадна өөрийн сонирхлын дагуу Сансар кабелийн баримтат киноны сувгаар David Attenborough-ын комментаритай баримтат кино хадмал бичигтэй нь хичэлээсээ тарж ирээд өдөр бүр үзэж, Монгол хүүхдүүдэд уншуулна гэж Харри Поттерийн олон зуун хуудаснаас орчуулж байв. Бас анх интернэт кафе дараа нь гэртээ dial up интернэт тавиулсан үеэсээ эхлэн нээтээр

сонирхсон ёсөн шидийн сэдвээрээ юм уншиж, Англи форумууд дээр алдаатай Англи хэлээр баахан юм бичиж, өөрөө ч веб сайтууд хийж сураад нээж байлаа. Ингээд бодохоор зөвхөн Англи хэлний өдрийн нэг цагийн хичээл, даалгавраар дамжуулж Англи хэл үзэж байсан ангийнхаа хүүхдүүдээс Англи хэлэндээ илүү байх нь аргагүй байж ээ. Хэлээ өөрт сонирхолтой байдлаар үзэж байсан болохоор тэрийгээ ажил гэж бодож төвөгшөөлгүйгээр олон зуун цаг хэлний дасгал хийсэн байна. Анх тав дугаар ангид Англи хэлний олимпиадад орж түрүүлж байхад бол бүр олон мянган цагийн Англи хэлний дасгал өөрийн сонирхлоо хөөнгөө хийчихсэн байж. Хожим нь Франц, Хятад хэл анх үзэж байхдаа мөн адил бас сайн ойлгохгүй ч, тухайн хэлээр нь өөрт сонирхолтой ном сэтгүүл олж унших, Франц Хятад вэб сайтуудаар хэсдэг байсан юм.

Ер нь ажиглахад гадаадад амьдралгүйгээр хэл сайн сурсан хүмүүсийн туршлагыг харвал, сурч буй хэлээ хичээл сургалтаас гадуур нэмж өөрийн сонирхлоор сурснууд нь их амжилттай байна. Хэл сурахыг зөвхөн хичээлээр төсөөлөлгүй Англи вэб сайт, ном сэтгүүл унших (reading дасгал), найзуудтайгаа Англиар мэссэж бичилцэх, онлайн форумууд дээр бичих (writing дасгал), Англиар кино үзэх (listening дасгал), дуу дагаж дуулахыг ч (listening, speaking дасгал) хэлний дасгалаа болговол хэл хавигүй амархан сурах боломжтой. Ялангуяа интернэт дээр хайсан бүхэн байдаг болсон одоо цагт Англиар сонирхол татсан ном сонин, вэб сайт, форум олдох нь дамжиггүй.

2. Унших материалаа амархнаас эхлүүлж аажмаар хүндрүүл

Сонирхол татаад уншиж чадаж байвал ямар ч материал унших нь хэлний мэдлэгээ ахиулахад тустай боловч өөрт хэт хүндэдсэн юм унших гэж оролдвол уйдаж нойр хүрэх, шантрах нь элбэг. Миний хувьд хэл дөнгөж сурч эхлэхдээ хялбаршуулсан зохиолууд авч их уншдаг юм.

Эдгээр зохиолуудын үг хэллэгийг хэл сурч буй хүмүүст зориулан хялбаршуулсан байдаг бөгөөд номнуудаа амархнаас хүнд гэж ангилсан байдаг. Аажмаар унших номоо хүндрүүлсээр хялбаршуулаагүй ном унших хэмжээнд хүрч болно. Хялбаршуулаагүй ном уншиж эхэлсэн хойноо бас аль болох сонирхолтой, үг хэллэг хэцүү биш ном унших хэрэгтэй. Анхнаасаа төдий сонирхолтой биш, хэцүү зохиол унших гэж оролдоод ном унших дургүй, ном уншихыг уйтгартай гэж боддог болсон хүмүүс олон. Үнэндээ хүн болгонд үзэх дуртай кино гэж байдаг шиг хүн бүрт л уншвал сонирхох ном байдаг юм. Энэ нийтлэлийн дор жишээ болгон амархнаас хүндээр нь ангилж хэдэн ном жагсаалаа.

3. “Go the extra mile”

Аливаа зүйлд хөдөлмөрлөсний чинээгээр л ахиц гаргадгийг санаж хэл сурч байхдаа ч гэсэн өөрт хэт хүнд санагдахгүй л бол аль болохоор өөрийгөө үргэлж дайчилбал илүү хурдан ахиц гаргана.

Толь бичиг хэрэглэхдээ чадаж байвал Англи-Англи толь бичиг хэрэглэх, юм уншиж байхдаа мэдэхгүй үгсээ словардах, ойлгохгүй байгаа дүрмүүдээ тодруулж судлаад бүрэн ойлгож хэрэглэж чаддаг болтлоо хэсэг дасгал хийх гэх мэтээр боломж бүрийд “extra mile” явахын чинээгээр хэлээ амжилттай, түргэн сурах нь гарцаагүй.

Хэл сурахад тань амжилт хүсье!

Унших номны жишээ жагсаалт (амархнаас эхэлж жагсаав):

Level 1 (Анхан шат)
Хялбаршуулсан ном зохиолууд. (Graded readers) Энд дарж татаж авч болно.

Level 2
The Tale of Desperaux, Kate DiCamillo
The Little Prince, Antoine de Saint Exupery
The Miraculous Journey of Edward Tulane, Kate DiCamillo
Because of Winn-Dixie, Kate DiCamillo
Holes, Louis Sachar
The Magician’s Elephant, Kate DiCamillo
The Giver, Lois Lowry
The Tiger Rising, Kate DiCamillo
Number the Stars, Lois Lowry

Level 3
The Alchemist, Paolo Coelho
Tuesdays with Morrie, Mitch Albom
Charlotte’s Web, E.B.White
The Five People You Meet in Heaven, Mitch Albom

Level 4
Hunger Games, Suzanne Collins
Catching Fire, Suzanne Collins
Mockingjay, Suzanne Collins
Harry Potter 1-7И

Харвард дахь эхний өдрүүд

Харвардын байдаг Кэмбридж гэдэг Бостонтой хөршлөх хотод ирэхдээ Бээжин, Уошингтоноор дайран өнгөрч нийт 25 цаг нисэв ээ. Бээжингийн онгоцны буудал дээр түр зуур төөрснийг эс тооцвол замын туршид ихэвчлэн унтаж явсаар саад бэрхшээлгүй явж ирэв. Уошингтон руу явах нислэгээр Хятадын хөдөөний охины дэргэд сууж үе үе яриа өрнүүлэхэд зарим талаар сонирхолтой байлаа. Delaware-ийн их сургуульд сурах гэж байгаа тэр охиноос Хятадын засгийн газар Гүүглийг блоколсны талаар Хятад хүний хувьд юу гэж боддогийг асуувал бодож бодож байснаа зөв байх аа гэж байв. Бас facebook-ийн талаар асуухад facebook гэж амьдралдаа ганц ч сонсож үзээгүй нь урьдчилан таамаглаж байсан хэдий ч сонин хариулт санагдсан. Ийн ниссээр Уошингтонд онгоц дүүрэн Хятад оюутнуудын хамт нар жаргах үеэр буугаад Америкийн хилийг давах болоход жижигхэн спикэр дээр Beyonce цангинуулан сонсох хар арьстан гаалийн ажилтан “Why did you come to the states?” хэмээн ёсыг бодон асуунгаа хариулт сонссон уу үгүй юу пасспортон дээр тамга дараад гаргаж өглөө.

h1

Өнгө өнгийн арьстай хүмүүс, яаран алхах мөртлөө ард нь явж байгаа хүнийхээ өөдөөс хаалга хэзээ ч хаадаггүй, чөлөөтэй харьцаатай мөртлөө эелдэг Америкчууд урьд зун Америкад миний ирэхэд байсан шигээ л байж байна. Дахиад нэг цаг гарам нисч шөнийн 12 цагт Бостонд очоод Кэмбридж хүрэх таксинд суув. Хаашаа явахав хаягаа хэл гэж жолоочийг хэлэхэд нь газрын зураг харуултал газрын зураг ойлгодоггүй, GPS-ээр л замаа заалгаж явдаг гэлээ. Тэгэхээр нь Харвард явъя гээд хөдлөв. Нөгөөдөх чинь бас Харвардын ойр ирчихээд хаашаа явахаа сайн мэдэхгүй байсан уу, илүү мөнгө авах гэсэн үү жижиг жижиг гудамжаар авч явсаар Харвардын үүдэнд ирэв. Буугаад типэнд 5 доллар өгөхөд аз жаргал хүсээд л ихэд баясаад яваад өгч байна.

Алдарт Харвард руу төв хаалгаар нь ороход эхлээд өөрийн эрхгүй инээмсэглээд л явж байсан бол сүүлдээ үе үе энд ирчихсэн байгаадаа итгэхгүй л гайхаж явлаа. Чемодануудаа Harvard Yard-аар чирч явсаар намайг миний өрөөнд оруулж өгөхөөр хүлээж байсан хүмүүстэй уулзаад өрөөндөө оров. Мэдээж онгоцоор явах туршдаа унтсан, мөн 12 цагийн зөрүүтэй орноос ирсэн тул нойр хүрэхгүй, үүр цайтал хүлээгээд өрөөнөөсөө гарч Кэмбрижээр алхаж тэнэлээ. Харвардын оюутны хотхон үнэхээр сайхан санагдсан. Хаа сайгүй ногоон зүлэг модтой, бараг мод болгонд хүмүүст дасчихсан хэрэм амьдарна, энд тэнд туулайнууд хүртэл харагдав. Хотхоноос гараад Кэмбрижээр алхаад явахад тун сайхан байлаа. Явган хүний гарц руу ойртонгуут л машинууд шууд зогсоод гаргаж өгнө, бүүр өглөө атал дасгал хийгээд гадаа гүйх хүмүүс зөндөө. Хааяа ногоон цэцэрлэг тааралдаад ер нь л амьрдахад сайхан газар ажээ.

Маргаашнаас нь хоёр хоног цэвэрлэгээний ажил хийв. Цэвэрлэгээний ажил ч гэж, нээх сүйдтэй юм байхгүй, гол нь хичээл эхлэхээс өмнө хамт ажиллаж байгаа оюутнуудтайгаа танилцаж нөхөрлөх боломж олгож байгаа хөтөлбөр юм. Манай цэвэрлэгээний баг ч эхлээд ярих гэхээр нэг л ярих юм олдохгүй чимээгүй ажиллаад шал шүүрдэх зуураа үг дуугарахгүй чимээгүй байгаагаа шоглон өөрсдийгөө “silent sweepers” хэмээн нэрлэв. Ажлын хоёр дахь өдрөөс харин ажил хийхээсээ илүүтэй цагийг ярьж өнгөрүүлсэн ч цалингаа урьдны адил хэвээр нь авах боллоо.

h3


Цэвэрлэгээний ажлын дараа долоо хоног олон улсын оюутнуудад Америкад амьдарч Харвардад сурах талаар зөвлөгөө өгөх хөтөлбөрүүдэд хамрагдав. Эдгээр хөтөлбөрүүдэд хамрагдаж байхад сонирхолтой санагдсан зүйл гэвэл Харвардад ирж буй оюутнууд бие биенээсээ хэчнээн ихээр өөр өөр байгаа нь байлаа. Сургууль сургуулийнхаа шилдэг хүүхдүүд гэхээр бүгдээрээ жоохон ч гэсэн төстэй байх болов уу гэж бодсон чинь бүр бүхий л төрлийн (зүгээр ч нэг хэлж байгаа юм биш шүү!) хүмүүс байх аж.

Хэд хоногийн өмнө байнгын өрөөндөө нүүж ороод төвхнөсөн. Миний өрөөнд Al Gore, хажуу өрөөнд Tommy Lee Jones амьдардаг байсан нь Харвардын олон олон сонирхолтой зүйлсийн нэг нь л байв. Нийт 15 гаруй сая номтой Харвардын номын сангуудаар явахад үнэхээр аугаа санагдаж байлаа. Харвардын төв номын сангийн аварга том байшингийн 4 давхар гаруйд нь дүүрэн номнууд байх ба нийт номын тавиуруудын урт нь 90км орчим болдог гэсэн. Дотор нь алхаад явахад зарим газраар хэн ч байхгүй, чив чимээгүй, зөвхөн алхсан газраар мэдрэгч гэрлүүд асах нь Харри Поттэр дээр гардаг Hall of Prophecy шиг санагдаж байв.

Есөн сарын нэгэнд хичээлүүд эхэлсэн. Эхний хагас жилд 4 хичээл сонгож болно гэхээр нь эдийн засаг, хэл шинжлэл, expository writing, Франц хэл гээд сонгоод байна. Эдийн засгийн лекцийг нь дэлхийд алдартай Mankiw гээд профессор тавьдаг ба лекц бүрт дор хаяж 600 оюутан Харвардын Sanders Theatre-г дүүргэдэг. Хэл шинжлэлийн хичээл их сонирхолтой санагдаж байгаа. Гэхдээ сонирхож буй чиглэлүүд зөндөө, бас мэргэжлээ дараа жил болтол сонгох албагүй учраас энэ жилдээ аль болохоор олон төрлийн хичээлд сууж үзэх төлөвлөгөөтэй байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.