Хятадын Цагаан сарын их хөл хөдөлгөөн эхэллээ

Twitter Print
2023 оны 01-р сар 08-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

Хүний хамгийн том нүүдэл гэгддэг Хятадын Цагаан сарын баярын их хөл хөдөлгөөн эхэлж, ирэх 40 хоногт Хятадын сая сая иргэд гэр бүл, ойр дотныхонтойгоо Цагаан сарын баярыг тэмдэглэхээр төрсөн хот, тосгодоо зорино.

Энэ жил хятадууд 2020 оноос хойш анх удаа ямар ч хориг, хязгаарлалтгүйгээр дотооддоо чөлөөтэй зорчих боломжтой болж байгаа юм. Нөгөө талаас иргэдийн хөл хөдөлгөөн нь коронавирусын халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Хөрөнгө оруулагчид 17 их наяд ам. долларын эдийн засагтай Хятад улс хилээ нээж, гадаад дотоодын аялал жуулчлалаа чөлөөтэй болгосноор эдийн засаг нь сэргэнэ гэж үзэж байна.

Нөгөө талаас коронавирусын цар тахлын эсрэг бодлогоо огцом сулруулснаар тус улсын 1.4 тэрбум хүн ам коронавирусын халдварын давалгаанд өртөж, эмнэлгүүд, цогцос чандарлах газрууд нь ачааллаа дийлэхээ больж, иргэд нь эмийн сангуудыг хоосолж эхэлсэн юм.

Хятадын Тээврийн яам өнгөрсөн баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ ирэх 40 хоногт давтагдсан тоогоор ойролцоогоор 2 тэрбум гаруй хүн аялна, энэ нь коронавирусын цар тахал эхлэхээс өмнө буюу 2019 оны үзүүлэлтийн 70.3 хувьтай тэнцэж байгааг онцолжээ.

Гадаад дотоодын аялал жуулчлалын хориг тавигдсанаар өнгөрсөн жилүүдэд төрсөн хот, тосгондоо очиж, Цагаан сарын баяраа гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэж чадаагүй иргэд дотоодын аялал жуулчлал чөлөөтэй болсныг таатай хүлээж авч байгаа бол зарим нь хөгшин настай хүмүүст халдвар тараахаас сэргийлж, аялахаас татгалзахыг уриалж байна.

Том хотуудад ажилладаг иргэд Цагаан сарын их нүүдлийн үеэр эрчимт эмчилгээний тасгийн ор, уушги орлуулах аппарат цөөхөнтэй жижиг хотууд, тосгонуудад коронавирусын халдвар тараах өндөр эрсдэлтэй байгаа учраас эрх баригчид орон нутагт түр эмнэлгүүд байгуулж, халдвар нь хүндрэх эрсдэлтэй, архаг хууч өвчтэй өндөр настнуудыг тосгоноос нь шууд том эмнэлэг рүү шилжүүлэх зохицуулалтыг хийж эхэлжээ.

Энэ ням гарагт БНХАУ Хонгконгтой хилээ нээж, гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлахаа зогсоож байгаа юм. Гадаадын аялал жуулчлал сэргэж байгаатай зэрэгцэн бусад улс орнууд Хятадаас ирж буй иргэдээс коронавирусын шинжилгээний сөрөг хариу шаардаж эхлээд байна.

ДЭМБ Бээжин коронавирусын халдвар авсан мөн уг халдварын улмаас амиа алдсан иргэдийх тоог бодитоор мэдээлэхгүй байна хэмээн буруушаасаар байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.