Франц хүүхнүүд таргалдаггүй

Twitter Print
2020 оны 08-р сар 10-нд 17:38 цагт
Мэдээний зураг,

"French women don't get fat" буюу Франц хүүхнүүд таргалдаггүй гээд үг байдаг. Дэлхий нийтээрээ таргалалтад улам бүр автаж байгаа энэ үед ч гэсэн франц хүүхнүүд үнэхээр л таргалахгүй үлдэж чаддаггүй юм аа гэхэд хоцорч байгаа гэхэд болно.

Сая Парис явахдаа хөтөч болгон авч явсан номонд дурдсанаар бол франц хүүхнүүд хэзээ ч хэт их иддэггүй, бас snack буюу амны зугаа гаргахдаа шампанск юм уу эсвэл кофе ууж тамхи татаад л болдог гэсэн байсан. Үнэхээр л Парисын элдэв кафенд суугаад ажиж байхнээ аятайхан буржуаз /жижиг хөрөнгөтөн/ стилын цэмбийсэн хатагтай нар орж ирээд ганц балга кофегоо /Францад экспрессог кофе гэдэг/ дусал дуслаар шимэн ууж тамхи татаад л болох юм билээ. Хоёр франц хүүхэн кафед уулзахаараа үнэхээр л кофе юм уу эсвэл цайвар шаргал юм уу ягаавтар өнгөтэй зөөлөн согтууруулах ундаа л шимэх юм.

Францын нөгөө алдартай patisserie буюу элдэв жигнэмэг нарийн боовноосоо захиалан идэж буй эмэгтэй огт харагдахгүй. Харин энэнтэй хаа хойно танилцсан би л тэр гоё юмаар нь кофегоо даруулж хүртмээр санагдах нь даанч хэцүү. Франц хатагтай нар бас ууж буй юм аа хэзээ ч нахихгүй, ганцыг уугаад л өндөрлөнө. Тамхи татдагууд нь гадаа сууж ууна /хар хүйтэн байсан ч ялгаагүй/ татдаггүйнууд нь дотор сууна. Настай өвөө юм уу эмээ ч бас их сэмбэгэр гоё хувцасласан, үсээ толийтол самнасан байх.

Бас бүх эмэгтэйчүүд их бага ч бай ямар нэг хэмжээгээр будсан байх шиг санагдсан. Гэхдээ будгаа хэтрүүлэн элдвээр солонгоруулахгүй, харин уруул бол хөгшин байсан ч заавал будагтай. Тэд хэрэв ганцаараа ирсэн бол уух юмаа захиалчихаад сонин сэтгүүл уншиж сууна. Франц эмэгтэйчүүд аксесуари буюу нэмэлт чимэг зүүлтийг их бага тохируулан хэрэглэнэ, бас айхтар өндөр биш бас намхан хавтгай биш дунд зэргийн өсгийтэй эмэгтэйлэг гоё гутал, туфли өмсөнө. /За тэр Ким Кардашан нтр бол ёстой Францын эсрэгийн эсрэг стильтэй нөхөр байна билээ шүү, ингэхэд, ккк/ Бүр настай эмээ хүртэл хар шилэн тирко, хар лакан жигтэйхэн гоё балерина, час улаан цэмбэн/драпан гоё пальтотой байгаанштэ.

Пальтогоо тайлахаар дотроос нь бас л аятайхан төв мөртлөө цаанаа нэг даацтай бас донжтой цамц, өвдөг давсан юбка, гоё энгэрийн зүүлт бас ороолт гэх мэт. Олон бөгж зүүхгүй, бүх эмэгтэй чихэндээ ээмэгтэй, бас айхтар хүний анхаарал татсан олон юм хэрэглэдэггүй санагдсан. Аль болохоор даруухан мөртлөө ганган.

Доржийн Болортуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.