Украиныг хөнөөх тэсрэх бөмбөг МН0017

Twitter Print
2014 оны 07-р сар 19-нд 15:39 цагт
Мэдээний зураг,

Украинд Malaysia Airlines компанийн онгоц сүйрсэн явдал тус улсын хямралыг улам хурцатгаж өгөв. Аль ч талаас нь бодсон тэр сөргөлдөгч талууд олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс гарцаагүй шахаанд орж бүс нутаг дамнасан хямрал улам гаарах төлөв байдал харагдаж байна. АНУ-ын тагнуулын албанаас "газар-агаар" ангилалын пуужин хөөрч, онгоц дэлбэрсэн агаарын дохиолол бүртгэж авсан гэж мэдэгдсэн аж. Гэвч одоогоор буруутныг олж тогтооход эрт байгаа гэнэ. Харин эцэст нь Оросууд ч бай, Украины эрх баригчид ч бай буланд хашигдах нь тодорхой, тэр дундаа барууны хэвлэл мэдээллүүдэд онцолж байгаагаар бол энэ харамсалтай явдал "Путиныг буланд шахаж", "тоглолтын явцыг өөрчлөх" шалтаг болж байгаа аж. Гэтэл нэг талаас гарцаагүй сүйрэлд хүрээд байгаа Украины эрх баригчид амь тэмцэхдээ энгийн олон зуун иргэдийн амь насыг зольж Оросуудыг нам дарж авах, энэ зэрэгцээ Путины амь насыг хорлож, улс төрийн нөхцөл байдлын хувьд давуу тал олж авах гэсэн санаа сэдсэн бол, нөгөө талаас Оросууд олон улсын зүгээс эдийн засгийн давхар давхар хориг арга хэмжээ авч байгаад хорсож, Украиныг хэрэгт чихэх зорилго агуулж байгаа бол аль аль нь эцэстээ төсөөлшгүй том уналтад орох нь дамжиггүй. Гэвч өнөөгийн бодит нөхцөл байдлыг сийрүүлэн харахад Украины засаг захиргаа засаж залруулашгүй алдаа хийсэн нь тодорхой мэт. Энэ зэрэгцээ Украинаас салан тусгаарлахыг эрмэлзэж байгаа Орос үндэстнүүд сүүлийн үед Украины хэд хэдэн нисэх онгоцыг пуужингаар харваж устгасан хэрэг явдал энэ ноцтой үйл явдалтай давхцаж байгаагаар барахгүй Малайзийн онгоц шатаж унаж байх үед мөн Украины цэргийн тээврийн "Ан-24" онгоц пуужинд оногдож Торез суурингийн хавьд унасан мэдээ бий. Гэтэл “Malaysia Airlines"-ийн MH17 нислэгийн онгоц Торезийн хавьд мөн пуужинд оногдсон аж.

Харин Орос босогчдын өөрсдийн зоргоор байгуулсан улс буюу Донецкийн ардын бүгд найрамдах улсын удирдагчдын нэг Олег Царев иргэний нисэх онгоцыг устгасан явдалд ямар ч хамаа байхгүй гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн боловч пуужингийн "БУК" цогцолборын тухай асуултад: "Та бүхэнд өгөх өөр мэдээлэл алга" гэж хариултаас татгалзсан мэтээр яриагаа төгсгөсөн аж.

Үүнээс харвал хэрвээ босогчид Украины цэргийн нисэх онгоцны хойноос ангуучилж байгаад санамсаргүй алдаа гаргасан бол ард нь учрах үр дагавар тэдний хувьд зүйрлэшгүй хүнд байх болно. Нэг талаас Орос, нөгөө талаас Украины хооронд хавчуулагдаж хөөрхийлөлтэй хэсэг зовлого болох нь тодорхой. Ийм дур зоргоороо явдал хэрвээ гарсан байх тохиолдолд Москва хэдэн мянган Орос босогчдыг золиосонд гаргахаас өөр аргагүйд хүрэх биз. Харин Украины тусгай хүчин хэрэв уг хэрэг явдлын цаад эзэн болсон тохиолдолд тус улсыг хэсэглэн тасдаж хаях улс төрийн хүчнүүд бэлхнээ байгаа билээ.

Энэ ноцтой хэрэг явдал тэгэхээр бүс нутагт хамгийн аюултай үр дагаварыг авчрах “тэсрэх бөмбөг” болчихоод байна. Хэзээ мөдгүй тэсрэх энэ бөмбөг чухам аль талд нь очиж унах бол?

Оросын агаарын тээврийн Холбооны агентлаг уг хэрэг явдалд мөн өөрсдийн санаа бодлыг нэмэрлэхдээ Владимир Путиныг онилсон сум “тэнэж яваад” Boeing 777-г оносон гэжээ.

Тус агентлагийн төлөөлөгч "Интерфакс" агентлагт мэдэгдэхдээ: " Оросын нэгдүгээр (ерөнхийлөгчийн) нисэх онгоц болон Малайзийн Boeing онгоцнууд яг нэг эшелон дээр давхцаж таарсан. Тухайлбал яг Варшавын дэргэд 10100 метрийн өндөрт 330-р эшелоноор нэгдүгээр онгоц Москвагийн цагаар 16:21-т өнгөрсөн бол, Малайзийн онгоц 15:44 өнгөрч таарсан" гэж мэдэгдээд "эдгээр нисэх онгоцны хэлбэр дүрс алсаас харахад яг ижил, их биений өнгө будаг ч алс зайнаас ялгагдахгүй" гэдгийг онцолжээ. Украины засгийн газрын албан ёсны мэдэгдэлд харин зүүн нутгийн босогчид зенитийн удирдлагатай пуужин харвагчтай байсныг харсан гэрчүүдийн мэдүүлэг бий гэх мэтээр өөр хоорондоо сөргөлдсөн  мэдэгдэл хийж учир шалтгаан нь тодорхойгүй холион бантан болж байгаа хэдий ч ирэх долоо хоногийн эхээр өтгөн манан сийрэх мэт бүх асуудал тодорхой болох бизээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.