МУСГЗ, Төрийн шагналт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэн - Эцэг /Өгүүллэг/

Twitter Print
2020 оны 12-р сар 07-нд 09:03 цагт
Мэдээний зураг,

Өвгөний гэрийн өрх бүтээлгээстэй байв. Өдий болтол босоогүй байгаад нь Дондолмаа гайхлаа. ”Тун эртэч хүн сэн. Яагаад ингэж оройтоо юм бол” гэж бодоод хэдэн залтас хормойлон гэртээ оров.

Хоймрын авдар дээрх цаг арвыг зааж байна. Дондолмаа галдаа хэдэн мод хаяад “Өвгөн өчигдрийн сармистай буузандаа нам цохиулж дээ” хэмээн ганцаар инээмсгэлэв.

Нөхөр нь хар үүрээр ажилдаа явахад Дондолмаа хоёр хүүхэдтэйгээ унтсаар хоцорно. Заримдаа айлын өвгөн орж ирээд,

-Хүүхээ бос! Айлын авгай ингэж их унтах тусгүй байдаг юм гэнэ. Түүнд Дондолмаа дуртай биш. ”Би энүүнд ямар хамаатай билээ” гэсэн шүү юм бодно.

Жилийн өмнө Намсрай хэмээх энэ өвгөнийх хашаанд нь бууж, жижигхэн гэрээ барьжээ.

-Манай нутгийн юм. Ядарсан амьтан. Айлийн хашаанд байсан юм. Тэр хашаа газарт орчихож гэж нөхөр нь хэлжээ. Товхийсэн дөрвөн ханатай гэрийг нь барилцаж, сүр бараа багатай ч тэр гэртээ таарсан тавилгыг нь засалцав.

Намсрай өвгөн дал хүрсэн гэхэд сүрхий сэргэлэн нэгэн ажээ. Энэ бүх ажлыг амжуулж байхдаа үргэлж нэгийг ярьж бас заримдаа хөөрхөн шог үг ч хэлж байлаа. Тэр өдрөөс эхлэн Мөнх, Дондолмаа хоёрыг миний охин хэмээн дуудаж, бас хоёр хүүхдийг нь “Халтайхайнууд” хэмээн өхөөрдөн эрхлүүлэх болов.

Удалгүй жаалууд нь “Өвөө, өвөө” хэмээн гүйлдэж, жаахан гэрт нь шулганалдан наадах дуртай боллоо. Мөнх “Сайхан өвгөн байгаа юм. Настай хүн хүүхдэд их түшигтэй” гэж авгайдаа ярина.

Дондолмаа болохоор үргэлж хормойноос зүүгдэн, гэрт уяж байдаг жаалуудаа саатуулах хүнтэй болсонд олзуурхан, дэлгүүр хоршоо, танил талаараа уужуухан амьсгаатай явах болсон байна.

Намсрай өвгөн цусны даралт ихтэй боловч тэр болгон хэвтээд байхгүй. Тэтгэврийнхээ хэдээр товхийтэл амьдрана. Түүнээ авсан өдөр халтаахайнуудыг заавал баярлуулна. Дулаан цагт хашааны гаднах сандал дээр бодлогошрон суух нь олонтаа. Улиралд нэг удаа “муу хүүгээ эргээд ирнэ” хэмээн гурав, дөрөв хоногоор алга болно. Түүний ганц хүү “аавынд” арваад жил сууж байгаа гэнэ.

Нэгэн баяраар өвгөн Мөнхийнд хоол идэж, хоёр хундага архи уугаад ингэж ярьжээ.

-Би ч заяагүй амьтан даа. Уул нь бусдад гэм нүгэл хийгээгүй л юм сан. Гэтэл амьдрал минь өөдтэй явсангүй. Цэрэг цуух гэж явсаар гуч хүрч гэрлэсэн юм. Гурван хүүхэд гарсан боловч дээдэх хоёр нь багадаа бид хоёрынхоо элгийг харлуулж одлоо. Авгайн бие ч өөдлөхгүй. Ойрын нэгэн ламаар сэмхэн үзүүлбэл,

-Нутгаа сольсон нь дээр юм байна гэдэг байна шүү. Тэгээд дөч гарсан хойноо хот орж ирсэн хэрэг. Дандаа л манаач, жижүүр, ачигч зэрэг ажил хийж муу хань, ганц хүүгээ мөр бүтэн, гэдэс цатгалан л байлгаж байсан даа. Гэтэл хөгшин минь арван настай хүү бид хоёрыгоо үлдээгээд хорвоогоос халилаа.

Дээлийн гол болсон би үхсэнээс үлдсэн ганц үрийнхээ төлөө л амьд явж байсан даа. Хүүгээ даанч эрх өсгөсөндөө одоо өгөр толгойгоо шааж суух юм. Хүү минь бүтэлгүй улстай нийлж, элдэв хэрэг хийж явсныг би яаж мэдэх билээ.

Үрдээ итгэсэн эцгийн сэтгэлд хардаж сэрдэх зай байдаггүй юмсанжээ. Мөнгө санга ч ихтэй явдаг байв. Хааяа согтуу хөлчүү ч ирнэ. Нөхөд олонтой болж байв. Би “ажил хийж байгаа хүн ингэлгүй яахав” гэж л боддог байлаа. Миний хүү барилгад ажиллаж байсан юм. Тэгтэл хорин тавныхаа жил дээр хэрэгт орж, арван таван жил авчихдаг юм байна. Ажлаасаа гараад жил гаруй явсныг нь ч би мэдсэнгүй. Би даанч хожуу мэдсэн амьтан. Одоо ч суллагдах дөхөж л байна даа. Би л амьд байж, хүүгийнхээ баярыг хуваалцах юмсан гэсэн билээ.

Тэр орой Дондолмаа Мөнхөөгөөсөө:

-Хүү нь яасан юм бэ гэвэл,

-Олон дахин давтсан бүлэг дээрмийн хэрэг юм гэсэн юм шүү гэжээ.

Хэдэн сарын өмнө нэг өдөр санаандгүй тэднийд ортол өвгөн орон дээрээ суугаад том шар хадаг дэлгэн нэг юм үзэж сууснаа сандран хучиж дэрэн доогуураа хийхийг Дондолмаа хальт харжээ. Түүнээс хойш өвгөн хадгалсан мөнгөө юм уу, үнэт эдлэлээ үзэж байхад нь орчихож. Түүнээс биш юунд тэгтэл сандран нуухав гэж бодох болов.

-Манай өвгөн их мөнгөтэй байхаа гэж Мөнхөөдөө ярьвал

-За юу л байдаг юм. Ядарсан амьтан гэв. Мөнгө багатай байлаа ч хатуу эдлэл лав бий гэвэл,

-Байвал байгаа л биз чамд ямар хамаатай юм гэж цаадах нь уцаарлажээ.

Дондолмаа угаадас асгахаар дахин гарахад өвгөн босоогүй л бололтой өрх нь бүтээлэгтэй янзаараа. ”Яагаад одоо болтол босдоггүй юм бол бие нь зүгээр байгаа даа” гэж бодоод өрхийг нь татчихаад, галыг нь түлхээр гэрт нь оров. Өвгөн өнөөх шар хадгаа нүүрэн дээрээ бариад таг хөдөлгөөнгүй хэвтэж байна.

Дондолмаа нэг л хачин санагдаад “Өвөө” гэж чичирхийлсэн хоолойгоор хоёр дахин дуудав. Таг чиг. Гэнэт айдас төрсөн боловч “арай үгүй байх” гэж бодон аяархан дөхөөд духыг нь дарж үзвэл цэв хүйтэн. Намсрай өвөө аль эрт амьсгал хураасныг сая л ухаарч яаран гарлаа.

Гэртээ ороод “Одоо яахав” гэж бодонгуут өнөөх шар хадаг санаанд нь оров.

Дондолмаа “Амьтан хүнд дуулгахаас өмнө түүнийг үзэх хэрэгтэй” гэж бодон, бүсээ бүслээд эргэж гарлаа. Зоригоо чангалан байж өвгөний гэрт ороод,г этэх мэт аяархан дөхсөөр орны нь өмнө зогсов. Тэгээд хадгаа дарж хөшсөн цэв хүйтэн гарыг нь нэг гараараа арай хийн хөндийрүүлж, нөгөө гараараа юу ойчих бол гэсэн мэт болгоомжлон хадгийг автал өвгөний ам, хамар дээр хэсэгхэн халиун үс үлдэхэд хүүхний цочиж томорсон нүд тэр чигтээ гөлөрчихөв.

Зөөлөн долгиолог хэдэн туг үс. Даахь! Хүүхдийн даахь ажээ. Өвгөн сүүлчийн амьсгалаараа хүүгийнхээ нялхын сэвлэгийг үнэрлэсэн нь тэр байж. Хөөрхий эцэг!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.