Хятадад сургуулийн дээвэр нурж, 11 хүн амь үрэгдлээ

Twitter Print
2023 оны 07-р сар 25-нд 10:21 цагт
Мэдээний зураг,

Хятадын зүүн хойд зүгийн Чичихар хотод сургуулийн биеийн тамирын заалны дээвэр нурсны улмаас 11 хүн амь үрэгджээ.

Дээвэр нурах үед тус зааланд охидын волейболын баг бэлтгэлээ хийж байсан ба амиа алдсан иргэдийн дийлэнх нь хүүхдүүд болохыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.

Биеийн тамирын зааланд байсан 19 хүний зөвхөн 8 нь л амьд гарчээ.

Айж сандарсан эцэг эхчүүд сургуультай ойр байрлах эмнэлгийн гадаа цугларсан байна.

Хууль сахиулагчдын зүгээс тухайн сургуулийн өргөтгөлийг барьж байсан барилгын компанийн эздийг баривчилсан байна.

Барилгын компанийн ажилчид барилгын дулаалга, дуу тусгаарлахад ашигладаг галт уулын гаралтай перлит зэрэг барилгын хог хаягдлыг биеийн тамирын заалны дээвэр дээр овоолж байсныг тогтоожээ.

Перлит нь ус чийгийг шингээж авах өндөр чадвартай бөгөөд аадар борооны үеэр их хэмжээний ус шингээж авсан нь сургуулийн дээвэр нурахад хүргэжээ.

Эцэг эхчүүд мөн нийгмийн сүлжээ хэрэглэгчид сургуулийн удирдлагууд, хууль сахиулагчид болон эмнэлгийн зүгээс нурангин доороос гаргаж авсан хүүхдүүдийн талаар хангалттай мэдээ мэдээлэл өгөхгүй байна хэмээн буруушааж байна.

Түүнчлэн нийгмийн сүлжээ хэрэглэгчид биеийн тамирын заалны дээвэр дээр барилгын ажилчид перлит овоолсон байсныг тус улсад иргэд хуулиа дээдэлдэггүй, хуулийн шийтгэл сул байгааг харуулж байна хэмээн бичжээ.

Хятадад барилгын осол гарах нь элбэг бөгөөд барилгын стандарт сул, стандартын хэрэгжилт муу гэдгээрээ алдартай юм.

Өнгөрсөн сард Хятадын баруун хойд зүгт зоогийн газарт хийн баллон дэлбэрч, 31 хүн амь үрэгдсэн бол 4-р сард Бээжингийн эмнэлэгт гал гарч, 29 хүн амь насаа алдсан билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.