Унгарт хүүхдийн мөнгө өгдөг үү?

Twitter Print
2021 оны 01-р сар 07-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Унгар улсын ЗГ-ын хүн амын тоог нэмэгдүүлэх, гэр бүлийг дэмжих бодлого сүүлийн 2-3 жилд дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа билээ. 2020 оны 7 сарын нэгнээс гэр бүлийн асуудал хариуцсан ЗГ-ын гишүүн, сайдтай болсон нь гэр бүл, хүүхдийн асуудлыг ямар түвшинд анхааран авч үзэж байгаагийн илрэл болов уу? Та бүхэнд Унгарын ЗГ-ын гэр бүлийг дэмжих бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг маш товчхоноор танилцуулья.

GDP 4,7%

Унгар улсын Ерөнхий Сайд Орбан Виктор 2015 онд Европ тивд бий болсон дүрвэгсдийн давалгааг эрс эсэргүүцэж эхэлсэнээр дэлхийн улс төрийн тавцанд танигдаж эхэлсэн билээ. Түүний дүрвэгсдийн эсрэг бодлого нь нилээн олон зүйлс бүхий цогц бодлого бөгөөд тэдгээрээс гэр бүлийг дэмжих, төрөлтийг нэмэгдүүлэх бодлого нь ихээхэн анхаарал татдаг. Унгарын ЗГ дүрвэгсдийг хүлээн авах замаар бус харин төрөлтийг нэмэгдүүлэх замаар хүн амын тоог нэмэгдүүлж, демографийн проблемыг шийдвэрлэж болно гэж үздэг. Энэ үүднээс гэр бүлийг дэмжих, төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор зарцуулж буй хөрөнгөний хэмжээ ДНБ-ий 4,7%-ийг эзэлж байна. Энэ тоо OECD-ын гишүүн 37 улсын дундаж 2,55%, Японд 0,8% байгаатай харьцуулахад их өндөр тоо юм. Үүний үр дүнд Унгар улсад 1981 оноос хойш тасралтгүй ажиглагдаж байсан хүн амын тоо цөөрөлт сүүлийн 2 -3 жилд багасаж, гэр бүл бологсдын болон төрөлтийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэж эхэлж байна. Унгарын ЗГ гэр бүлийг дэмжих, төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

-4 ба түүнээс дээш хүүхэдтэй ээж хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдөнө. 2020 оны 1 сарын 1-ээс 4 ба түүнээс дээш хүүхэдтэй ээж орлогын албан татвараас насан туршдаа чөлөөлөгдөж байна. Унгар улсад хүн амын орлогын албан татвар 15% учраас 4 хүүхэдтэй ээжийн авах цалин 15%-аар нэмэгдэж байна гэсэн үг хэмээн энгийнээр тайлбарлаж болно. Мөн нэг хүүхэдтэй ээж сарын 32 евро, 2 хүүхэдтэй ээж сарын 60 евро, 3 хүүхэдтэй ээж сарын 99 еврогийн хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт эдэлнэ.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 2 хүн, зогсож буй хүмүүс, тэнгэр, гадаа болон байгаль

-Гэр бүлийн машин

3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл 7 хүртэл суудал бүхий гэр бүлийн машин авахаар бол ЗГ-аас 7500 еврогийн буцалтгүй тусламжийг олгоно. Энэ тусламжийг шууд автомашины компанид олгох ба гэр бүл энэ хэмжээгээр үнийн дүнгийн хөнгөлөлт эдэлнэ.

-Хүүхэд асарсаны тэтгэмж

Унгар улсад хүүхэд төрүүлсэн ээж хүүхдээ 3 нас хүртэл асарч болно. Нярай хүүхэд асарсаны тэтгэмж хүүхэд төрснөөс хойш 168 дах хоног хүртэл авна. (нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол) Энэ тэтгэмжийн хэмжээ төрөхөөс өмнө авч байсан цалингийн 70%-тай тэнцэнэ. Үүний дараа хүүхэд 2 нас хүртэл мөн энэ хэмжээний хүүхэд асарсаны тэтгэмжийг авна. 2018 онд нийт 102512 хүн энэ тэтгэмжийг авчээ.

Мөн эцэг эхчүүд хүүхдийн 2-3 насны хооронд 85 еврогийн тэтгэмж авна. Хэрвээ нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй бол хүүхдийг 3 нас хүртэл хүүхэд асарсаны тусламж авахаар хүсэлт гаргаж болно. 3-аас дээш хүүхэдтэй ээж энэ тусламжийг хамгийн бага хүүхдээ 8 нас хүртэл авна. Оюутаны зээлтэй ээж 3 хүүхэдтэй бол оюутны зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө, төлбөрийг ЗГ хариуцана.

-Гэр бүлийг дэмжих

2015 оноос анх удаа гэр бүл болж буй иргэд Гэрлэлтээ батлуулсанаас хойш 2 жилийн турш сар бүр 15 еврогийн татварын хөнгөлөлт эдэлнэ. 2018 онд 83 мянга орчим хүн энэ хөнгөлөлтийг эдэлсэн байна. 2018 оноос эхлэн Эхнэр нь 18-40 настай гэр бүл 30000 хүртэл еврогийн хүүгүй зээлэнд хамрагдаж болно. Сард эргүүлэн төлөх төлбөрийн хэмжээ 150 еврогоос хэтрэхгүй, 20 жилийн хугацаатай зээл. Хэрвээ гэр бүл болсноос хойш 5 жилийн дотор хүүхэдтэй болсон бол зээл буцаан төлөх хугацааг 3 жилээр хойшлуулна. 2 хүүхэдтэй болбол зээлийн хугацааг дахин 3 жилээр хойшлуулж, зээлийн үлдэгдлийн 30%-ийг чөлөөлнө. Хэрвээ 5 жилийн дотор 3 хүүхэд төрвөл зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлнө.

- Гэр бүлийн байр бий болгох тусламж

2016 оноос 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл үл хөдлөх хөрөнгө худалдан авахад 30000 еврогийн буцалтгүй тусламж үзүүлнэ. Үүнээс гадна 45000 еврогийн зээл авч болно. 2020 он хүртэл 148 105 гэр бүл энэ дэмжлэгт хамрагджээ. Хуучин байр худалдан авч буй тохиолдолд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 7500 евро, 3 хүүхэдтэй бол 6000, 2 хүүхэдтэй бол 4000, 1 хүүхэдтэй бол 1600 еврог дэмжлэг болгон олгоно.

Эдгээрээс гадна өөр олон арга хэмжээ байгааг дурдахын зэрэгцээ хэдэн тоо хэлье.

ЗГ-ын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд өнгөрсөн 10 жилд хүүхэдтэй гэр бүлийн тоо 20%-аар нэмэгдэж, гэр бүл болсон хосын тоо сүүлийн 43 жилийн хамгийн өндөр үзүүлэлттэй байж, гэр бүл салалт 60 жилийн өмнөхтэй адил болж буурчээ. 2020 онд 34 337 хос гэр бүл болж, өнгөрсөн онтой харьцуулахад 6,7%-аар өссөн байна. Ийнхүү Унгарын ЗГ-ын гэр бүлийг дэмжих бодлого үргэлжилсээр, үр дүн тооноос харахад амжилттай байна. Аливаа улс орны хөгжлийн түвшин гэр бүлийн амьдралын түвшингээр хэмжигдэх ёстой. Гэр бүл бол нийгмийн амьдралын үндэс, эдийн засгийн хөгжлийн толь юм.

Зэнээмядарын Батбаяр Будапешт хот, Унгар улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.