Virgin Galactic хөлөг онгоцны сансрын анхны аялал амжилттай болж өнгөрлөө

Twitter Print
2021 оны 07-р сар 12-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны сансрын жуулчдад зориулсан Virgin Galactic хөлөг онгоцны  сансрын анхны аялал амжилттай болж өнгөрчээ. 

Сансрын анхны аялалд Ричард Брэнсоноос гадна Virgin Galactic хөлөг онгоцны 2 нисгэгч, Virgin Galactic компанийн 3 ажилтан оролцсон ба хөлөг онгоц дэлхийгээс хөөрсөныхөө дараа ойролцоогоор 1 цагийн дараа дэлхий дээр эргээд амжилттай газарджээ. 

Virgin Galactic компанийг эзэмшигч Ричард Брэнсон сансарт хийсэн аяллынхаа талаар сэтгэгдлээ хуваалцан, "Сансарт нисэхийг багаасаа л мөрөөдөж ирсэн ч Дэлхийг сансраас харах нь юутай ч зүйрлэшгүй, гайхамшигтай байна." хэмээн онцолжээ. 

Хөлөг онгоц дэлхийн гадаргаас дээш 85 км зайд хөөрсөн ба хөлөг онгоцны зорчигчид сансраас дэлхийг тольдож, 5 минут орчим жингүйдлийг мэдэрчээ. 

Ричард Брэнсоны мэдэгдсэнээр энэ удаагийн туршилтын нислэг амжилттай болсноор Virgin Galactic компани ирэх жилээс сансрын аяллынхаа тасалбарыг борлуулж эхлэх гэнэ. 

Virgin Galactic компанийн сансрын аялалд нисэх хүсэлтэй 600 орчим хүн тасалбарынхаа урьдчилгаа төлбөрийг  хийчихсэн байгаа ба тасалбар нь  ойролцоогоор 250 мянган ам. долларын үнэтэй аж. 

Түүнээс гадна энэ сарын 20-нд Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос өөрийн Blue Origin компанийн бүтээсэн сансрын хөлөг онгоцоороо  анхны сансрын аяллаа хийхээ мэдэгдсэн ба Virgin Galactic компанийн хөлөг онгоц дэлхий дээр амжилттай газардсаны дараа Blue Origin компанийн зүгээс тус компанийн хөлөг онгоц зорчигчдоо сансарт илүү өндөрт гаргаж, илүү урт хугацаагаар аялуулна хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.