
Америкийн Лос Анжелес хотноо Америкийн Кино Академийн шилдгүүдийг шалгаруулах 95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө.
Оскарын шагнал гардуулах ёслолоос уран сайхны шилдэг кино, шилдэг найруулагч, зохиол, эвлүүлэг, эрэгтэй болон эмэгтэй туслах дүр, эмэгтэй гол дүр гэсэн 7 төрөлд шагнал хүртсэн Дэн Кван, Дэниэл Шайнерт нарын "Everything Everywhere All At Once" нь Оскарын шагнал гардуулах ёслолоос өмнө кино урлагийн томоохон шагналуудыг "түүсэн" билээ.
Шилдэг найруулагчийн төрөлд ялалт байгуулсан Дэн Кван, Дэниэл Шайнерт нар уг шагналаа өөрсдийн ээж нараас гадна дэлхийн бүх ээж нарт зориулж буйгаа илэрхийлжээ. "Everything Everywhere All At Once" киноны гол дүрийг бүтээсэн 60 настай, Малайз-Хятад гаралтай жүжигчин Мишэл Йео Оскарын шагнал гардуулах ёслолын түүхэнд шагнал хүртсэн хоёр дахь өнгөт арьст эмэгтэй болж байгаа аж.
Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн Вьетнам гаралтай Кэ Хюи Куан шагналаа гардсаныхаа дараа, "Ээж ээ, би Оскар авчихлаа! Ийм зүйлс зөвхөн кинон дээр л гардаг гэж бодож явлаа. Энэ бол жинхэнэ Америк мөрөөдөл." хэмээн ярьжээ. Тэрээр анх 1980-аад онд Стивен Спилбергийн "Индиана Жонс ба Үхлийн сүм" кинонд халаасны хулгайч бяцхан хүүгийн дүрд тоглож байсан юм.
Найруулагч Даррен Аронофскийн "Халим" уран сайхны кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Брэндан Фрейзэр Оскарын Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн ба тэрээр 12 жилийн дараа анх удаагаа кинонд гол дүр бүтээсэн нь энэ аж.
Гадаадын шилдэг кино төрөлд Эдвард Бергерийн "Өрнө Фронтод Сонин Гойд Юмгүй" кино шалгарсан ба тус кино шилдэг зураглаач, Шилдэг хөгжим төрөлд ялалт байгуулжээ. Шилдэг баримтат киногоор Дэниэл Роэрийн "Навальный" шалгарсан ба Оскарын шагнал гардуулах ёслолд Оросын сөрөг хүчний тэргүүн А. Навальныйн эхнэр Юлия, охин Дарья, хүү Захар нар оролцсон байна.
Шилдэг хүүхэлдэй кино төрөлд Гильермо дель Торогийн "Пиноккио" шалгарчээ. Богино хэмжээний шилдэг баримтат кино төрөлд Энэтхэгийн Картик Гонсалвес, Гутит Монга нарын "The Elephant Whisperers", Шилдэг дуугаар Энэтхэгийн "Rise, Roar, Revolt" киноны "Naatu Naatu" дуу шалгарчээ.



