
Үгээр урлах эрдмийн ид хавыг мэдэрсэн хүн бүр Эрнест Хэмингуэй хэмээх алдрыг санан дурсаж явдаг. Ёстой эр бор харцага шиг сайхан эр байж дээ, тэр. Тэр өгүүлж, дүрсэлж байгааг нь газар нутаг, үндэс угсаа хахь өөр, олон олон эрчүүдийн сэтгэл зүрхэнд явдаг бүхнийг уудлан яруу тод гаргаж өгсөн байдаг.
Долдугаар сарын 21-нд түүний төрсөн өдөр. Одоогоос 117 жилийн өмнө хэтэрхий цөлх гэмээр энэ хүн хорвоод мэндэлж.
Хэмингуэй (Ernest Miller Hemingway) 1899 онд АНУ-ын Чикаго хотын дүүрэг Оук Паркад эмч хүний гэр бүлд төржээ. Ойр хавийн тосгон суурингаар эцэгтэйгээ хамт аялаж явахдаа Хэмингуэй багаасаа байгалийн сонин сайхныг биширч, ан ав сонирхож, нутгийн Индианчуудын амьдралыг ажиглаж, тэдний хүүхэд багачуудтай үерхэн тоглож нааддаг байв. Хотын сургуульд сурч байхдаа үе үе гэрээсээ явж, хөдөө нутагт очиж, өдрийн ажил хийж, заримдаа хоол зөөгч, боксын дасгалжуулагчийн ажил хүртэл хийж байв. Сургуулиа төгсөөд Хэмингуэй хэсэг хугацаанд «Cansas Daily Star» сонины газар сурвалжлагчаар ажиллаж байгаад удалгүй фронтод явж, дэлхийн нэгдүгээр дайнд оролцож, булаан эзлэх дайны хамаг хүнд хүчир, утга учиргүйг ойлгож, өөрөө ч хүнд шархдаж, тэр цагийн “замаа алдсан үеийнхний” үүх түүх, аж амьдралыг нүдээр үзэж мэдсэнээр хожим бичсэн олон зохиолынхоо баатруудыг олж авсан байдаг.
Хэд хэдэн удаа шархадсан офицер Хэмингуэй 1919 оны нэгдүгээр сард эх орондоо эргэн ирж түр хугацаагаар амарч байгаад Чикаго хотын «Toronto Star» хэмээх сонины газрын улс төрийн тоймч сэтгүүлчээр ажиллахын сацуу зохиол бичих ажилдаа шаргуу орсон байна. 1921 оны есдүгээр сарын 3-нд тус сониныхоо гадаад дахь сурвалжлагчаар Францад томилогдон ажиллах болов. Парист байх 20 сарын хугацаанд сониныхоо захиалгын дагуу 80 гаруй өгүүлэл, найруулал бичиж 1925 онд эмхтгэл болгон хэвлүүлсэн ажээ. 1926 онд «Индиан отог» нэртэй богино өгүүллэгээ бичин алдаршсан бөгөөд түүнээс хойш «Нар мандсаар байна-Фиеста» тууж (1926), «Гоонь эрчүүд»(1927) өгүүллэг, «Зэр Зэвсэг минь баяртай» (1929) тууж, «Үдийн үхэл» (1932), «Килиманжаро уулын цас» (1933), «Ялагч үгүй» (1933), «Францис Макомберийн богино боловч аз жаргал амьдрал» (1935) өгүүллэг, «Хэнийг дуудаж хонх цохив» (1937) тууж, «Өвгөн тэнгис хоёр» (1952) тууж, «Найр хойшлогдсон нь» (1964) зэрэг алдартай бүтээлүүдээ туурвисан билээ.
Эрнест Хэмингуэй анхныхаа зохиол “Өнөө үед” (1924-1925) цуврал туурьдаа тухайн үеийн нийгмийнхээ бузар булхайг үзэн ядаж, үнэнийг эрэлхийлэхдээ уран зохиолын уламжлалт арга барилаас зайлсхийн амьдралыг байгаагаар нь ёгтоор дүрслэн, санаагаа битүү далдуур гаргасан нь түүний уран бүтээлийн үндсэн чиг хандлага болсон байна. Үүгээрээ ч дайны сэдэвтэй олон зохиол бичсэн байдаг, түүний бүтээлийн гол сэдэв болсон аж. Түүний олон зохиолын баатрууд хувиа бодсон ганцаардмал хүмүүс байдаг. Тэдний сэтгэл зүй, гуниг гутралаар хөглөн зохиолоо үргэлжлүүлсээр, эцэст нь тэднийг мухардлаас гаргах арга замын тухай огт өгүүлдэггүй төгсгөдөг нь түүний өөрийн бодит амьдралын нэгээхэн хэсэг тэмдэглэл гэлтэй.
Хэмингуэйн томоохон бүтээлийн нэг “Зэр зэвсэг минь баяртай” (1929) роман дайныг “үзэн ядсан” зохиол. Уг романы зохиомж нь нэлээд өвөрмөц бөгөөд ер Хэмингуэй олонх зохиолынхоо баатруудын амьдралыг тал бүрээс нь тоочин бичилгүй, туулж өнгөрүүлсэн түүхээс нь товч өгүүлдэг.
Хэмингуэйн сүүлчийн зохиолын нэг нь “Өвгөн тэнгис хоёр” (1952) хэмээх бяцхан тууж. Энэ зохиолоороо Хэмингуэй Нобелийн шагнал (1954) хүртсэн билээ. Алдарт зохиолчийн амьдралын сүүлийн он жилүүд Кубад өнгөрсөн бөгөөд тэрээр зохиол бүтээлээ туурвисаар байсан боловч бор дарсанд толгой мэдүүлсэн нэгэн болж, 1961 онд өөд болсон байдаг. Куба болон Америкийн өмнөд хэсэг, Флорида муж улсад түүний онцгой дурладаг навчин тамхи, “Цуст Мэри” (“Bloody Mery”) нэртэй ром дарсаар чангалж, улаан лоолиор найруулан хийдэг коктейлийг алдаршуулан сурталчилдгийг энэ хязгаарт очсон бүхэн андахгүй биз. Энэ эрхэм хүн зүрх сэтгэлдээ чухам ямархан нэгэн байсныг түүний хэлсэн үг бэлхнээ илтгэх аж. Тухайлбал,
-Хүмүүсийг хоёр бүлэгт хуваадаг: байсан ч, байгаагүй ч амар нэг хэсэг байхад маш төвөгтэй хэрнээ холдож боломгүй нөгөө хэсэг байдаг.
-Зохиолч хүн хэлэх гэснээ ярих биш, бичих учиртай.
- Эгэл хүний тухай энгийн үнэнийг бичих л энэ хорвоод хамгийн бэрх ажил байдаг.
-Ухаант хүмүүс жаргалтай байх нь тун ховор.
-Согтуудаа бич, бичсэнээ харин эрүүлдээ зас.
-Хүнд хэрэгтэй байгаа бүгдийг нь бэлдээд өгчихөд дараа нь тэрээр тав тухыг хүснэ. Тав тухыг өгөхөд тансаг бүхнийг олж авна гэнэ. Тансаг бүхнээр булаад ирэхээр олдошгүй эрдэнэ мөрөөднө. Тэр мөрөөдлийг нь бас өгчихвөл оройгүй солиоролд хөтлөгдөнө. Харин эцэст нь өөрийн хүссэнийг олж авч чадаагүй, намайг мэхэлчихлээ хэмээн гомдоллодог аж гэх мэт.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505