Азид дайн дэгдэх үү?

Twitter Print
2015 оны 12-р сар 02-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Азийн орнуудын үндсэрхэг үзэл урьд өмнө байгаагүйгээр идэвхжиж, улмаар хүмүүс дайн гарч болзошгүй гэж түгших боллоо. Азийн орнуудын зөрчилдөөнт байдал болоод дайн гарч болзошгүй нөхцөлийг олон өнцгөөс харж судалгаа хийснээ Британийн "Олон улс судлалын хүрээлэн"-гийн судлаачид тайлагнасан байна.

Азид дайн гарч болзошгүй гэх эхний үндэслэлээ Азийн орнууд зэвсгийн зардлаа нэмэгдүүлж байгаатай Британийн судлаачид холбон тайлбарлав. Олон улсын статистик мэдээнээс харвал, Азийн орнуудын батлан хамгаалахын өнөөгийн зардал маш хурдацтайгаар өсөж байгаа аж. Батлан хамгаалах зардлаар дэлхийд тэргүүлэгч АНУ-ын араас Хятад шил дарж яваа бол түүний хойно Япон ойрхон нэхэж байна. Европын орнууд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд батлан хамгаалах зардлаа танах бодлого барьж, ажил хэрэг болгож ирсэн атал өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинжлэх ухаан, эдийн засгийн салбарын хөгжилд гол анхаарлаа хандуулж байсан Азийн орнуудын дийлэнх нь өнөөдөр цэргээ шинэчлэн, хүчирхэгжүүлэн бэхжүүлэхэд эрчимтэй хөрөнгө оруулж эхэлжээ.

Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд Хятад тэргүүтэй хэсэг улсад үндсэрхэг үзэл харьцангуй хүчтэй оршиж байдаг онцлогтой. Тухайлбал Хятадын эдийн засаг хурдацтай хөгжихийн зэрэгцээ гадаад улстай газар нутгийн маргаан дэгдээх, гадагш түрэмгийлэх хандлага ажиглагдах болж, байдал улам бүр даамжирч байна. Тус улс 2009 оноос тэнгисийн эргүүлийг тогтмолжуулж, 2012 оны зунаас Спартлын арлуудад цэргийн бааз байгуулсан бол, өнгөрсөн онд Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай хэсэгт нефть өрөмдлөгийн цамхаг босгосон. Хятадын хөгжил Зүүн Өмнөд Азийн орнуудын үндэсний үзлийг дэвэргэх нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, Хятад улс Вьетнамтай маргаантай далайн усанд нефть олборлох байгууламж босгосноор Вьетнам улсад Хятадыг эсэргүүцэх үзэл газар авч, улмаар энэ нь бүх орныг хамарсан хөдөлгөөн болов.

Японыг ч мөн Хятадын эсрэг үзэл, уур амьсгал бүрхсэн. ОХУ-ын улс төр, цэргийн судлаач Александр Хорамчкины үзэж буйгаар, Хятадыг тойрсон аюул заналыг мэдэрч байдаг Азийн орнууд өнөөдөр АНУ-ын хамгаалалтад найдахад бэрх болсон. Учир нь АНУ Хятадын эсрэг дайн өдөөх магадлал тун бага. Учир нь Хятад улс өнөөдөр АНУ-ын хамгийн хүчирхэг хамтрагч болон өссөн билээ. Энэ талаар ОХУ-ын Геополитикийн академийн дэд захирал Владимир Анухин тайлбарлахдаа, “Дэлхий ертөнцийн олон улсын харилцаа шинэ шатанд гарч байна. Хоёр туйлт тогтолцооноос олон туйлт тогтолцоонд шилжиж байгааг та бид мэднэ. Аль нэг улс эдийн засгийн хөгжүүлэхийн тулд олон улсын тавцанд идэвхтэй байх шаардлага урьд өмнөхөөс илүү гарч ирж байна. Эдийн засгийн хөгжил нь хэзээд батлан хамгаалах салбарыг бэхжүүлж байдаг учир Хятад улс хурдацтай хөгжиж байгаа нь мэдээж хэрэг хөрш БНСУ, Японд аюул занал болж байна.

Энэ бол геополитикийн маш түгээмэл нөхцөл байдал юм. Нийгэм, эдийн засаг, цэргийн салбарын хөгжил хурдсахын хэрээр нөгөө талд түүнийг дагасан зөрчил тэмцэл үүсэж байдаг. Бүс нутгийн ямар ч дайн мөргөлдөөн хэнд ч ашиггүй гэдийг бүгд мэддэг. Тиймээс ирээдүйд Азид өнөөгийн жижиг сажиг зөрчилт байдал үргэлжлэхээс биш өргөн далайцтай дайн дэгдэхгүй гэж үзэж байна” гэв. Харин Хятадыг тойрсон газар нутгийн маргаанд түгшиж байдаг орнууд цөөнгүй бий. Олон нийтийн санал асуулга судалгаанаас харвал, Филиппин (93хувь), Япон (85 хувь), Вьетнам (84 хувь), БНСУ (83 хувь), Энэтхэг (72 хувь), Малайз (66 хувь), Бангладеш (55 хувь), Индонез (52 хувь) зэрэг Азийн 11 орны иргэдийн дийлэнх нь Хятадтай дайтах вий гэдэгт санаа зовж явдаг байна.

Түүнчлэн хятадуудын 62 хувь нь "Газар нутгийн маргаан дайн болж хувирах вий гэж санаа  зовж явдаг" гэж хариулжээ. Ази номхон далайн бүс нутагт одоог хүртэл үр дүнтэй яриа хэлцлийн механизм байхгүй байгаа нь бүс нутагт тохиолдсон асуудлыг шийдвэрлэхэд амаргүй болгож байдаг юм. Европ тивийн орнууд шиг Аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага байгуулбал аливаа асуудлыг олон улсын хуулийн хүрээнд хэлэлцэх, тохиролцох боломж бий болно. Тэр цагт өнөөдөр шиг харилцан үл ойлголцол, зөрчлийн улмаас батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх байдал зогсох боломжтой.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.