Алчуур зүүлгүй тэмцээнд оролцсон Ираны шатарчин эмэгтэй шийтгүүлэхээс зайлсхийж, Испанид суурьшихаар болжээ

Twitter Print
2022 оны 12-р сар 30-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Ираны дээд зэрэглэлийн эмэгтэй шатарчдын нэг гадаадад болсон тэмцээнд толгойн өмсгөлгүй оролцсоныхоо дараа гэр бүлийн хамт Испанид суурьшихаар болжээ.

Шашны хатуу дэгийн дагуу тэр толгойдоо алчуур зүүж, тэмцээнд оролцох ёстой байв. Гэтэл түүний алчуургүй гэрэл зураг хэвлэлүүдээр цацагдсан нь эх орондоо буцаж очвол шийтгүүлж болзошгүй байдалд хүргэжээ.

25 настай Сара Хадем чансаагаараа дэлхийд 804 дүгээрт, Иранд 10 дугаарт эрэмбэлэгдэж буй шатарчин юм байна.

Испанийн El Pais сонинд мэдээлснээр тэр нөхөр болох кино найруулагч Ардешир Ахмади болон бага насны нэг хүүхдийн хамт Испанийн нэг хотод суурьшихаар болжээ.

Есдүгээр сард Иранд засгийн газрын эсрэг иргэдийн тэмцэл эхэлсэн цагаас хойш тус улсын алдартай тамирчид шашны хатуу дэгийг эсэргүүцэж байгаагаа янз бүрээр илэрхийлэх болсон билээ.

Аравдугаар сард Өмнөд Солонгост болсон хананд авиралтын тэмцээнд тамирчин Элназ Рекаби толгойдоо алчуургүй оролцсон нь дуулиан тарьж байв. Түүнийг Тегеранд буцаж ирэхэд нь иргэд баатрын ёсоор угтаж авсан юм.

Рекаби тэмцээний үеэр алчуур толгойноос нь санамсаргүй унасан гэж тайлбарласан ч Ираны иргэд түүнийг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн гэж үзэж байв.

Дараа нь байт сурын тамирчин Пармида Газеми шагнал авахдаа алчуураа унагасан нь бас дуулиан болж байжээ. Үүнийгээ тэр бас санамсаргүй тохиолдол гэж тайлбарласан юм.

Арваннэгдүгээр сард Ираны спортын яамны дэд сайд Мариам Каземипур зарим эмэгтэй тамирчид шашны дэгийг зөрчсөн үйлдэлдээ уучлал гуйсан тухай ярьж байжээ.

Катарт болсон хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр Ираны шигшээ багийн тамирчид төрийн дууллаа дуулахаас татгалзаж, эх орон нэгтнүүдийнхээ тэмцлийг дэмжиж байсан юм.

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.