Хулгайд алдсан хүүгээ 24 жилийн дараа олжээ

Twitter Print
2021 оны 07-р сар 14-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

Хятадад нэгэн гэр бүл хулгайд алдсан хүүгээ 24 жилийн дараа олжээ. Өнгөрсөн 24 жилийн турш хүүгийн аав Гуо Гантан хүүгээ тасралтгүй хайж, нийтдээ 500 мянга гаруй км замыг мотоциклоор туулжээ.

Гуо Гантаны хүүг 1997 онд 2 настай байхад нь Шаньдон дахь гэрийнх нь гаднаас хулгайлсан аж.

БНХАУ-д хүүхэд хулгайлах гэмт хэрэг ихээр гардаг ба Хятадын Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах яамнаас мэдээлснээр Гуо Гантаны хүүг ДНХ-ийн шинжилгээний тусламжтайгаар олж чадсан ба түүнийг төрсөн гэрийнх нь гаднаас хулгайлсан хосыг олж илрүүлэн, баривчилжээ.

Хүүг хулгайлсан хос тухайн үед хүүхэд хулгайлж зарахаар төлөвлөж байсан ба Гуо Гантаны хүү гэрийнхээ гадаа тоглож байхыг харсан сэжигтэн эмэгтэй хүүг хулгайлжээ.

Хүүг хулгайлсан этгээдүүд хүүг дагуулан хөрш Хэнан муж руу хот хоорондын зорчигч тээврийн автобусаар хүрсэн ба тэнд хүүг заржээ.

Гуо Гантаны хүү өнгөрсөн хугацаанд Хэнан мужид амьдарч байжээ.

1997 онд хүү нь алга болсноос хойш Гуо Гантан хүүгээ хайж Хятадын 20 гаруй мужийг мотоциклоор туулжээ. Тэрээр энэ хугацаанд автозамын осолд хэд хэдэн удаа өртөж, яснуудаа хугалж, хулгайчидтай тааралдан дээрэмдүүлж байсан ба нийт 10 мотоцикл сольжээ. Тэрээр алга болсон хүүгийнхээ зургийг мотоцикл дээрээ байрлуулан, Хятад даяар аялж, олсон бүх мөнгөө үрж, гүүрнүүдийн доор унтаж, мөнгөгүй болсон үедээ гуйлга хүртэл гуйж байсан аж.

Түүнээс гадна Гуо Гантан хүүхэд нь сураггүй алга болсон эцэг эхчүүдийн холбооны хүндтэй гишүүн болсон ба өнгөрсөн хугацаанд сураггүй алга болсон 7 хүүхдийг төрсөн эцэг эхтэйгээ уулзахад нь туслажээ.

Уг явдлаас сэдэвлэсэн уран сайхны кино 2015 онд нээлтээ хийсэн ба уг кинонд Хонгконгийн алдартай жүжигчин Энди Лау тогложээ. Хүүхэд хулгайлах гэмт хэрэг нь Хятадад олон арван жилийн турш тулгамдаад буй томоохон асуудлуудын нэг юм.

2015 оны судалгаагаар Хятадад жилд 20 мянган хүүхэд хулгайчдын гарт ордог болохыг тогтоосон ба тэдгээр хүүхдүүдийн дийлэнхийг нь гадаад дотоодын иргэдэд төлбөртэйгээр үрчлүүлдэг аж.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-china

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.