Өмнөд Африкт эмх замбараагүй байдал үүсч, 72 хүн амиа алджээ

Twitter Print
2021 оны 07-р сар 14-нд 13:02 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Жейкоб Зумад хорих ял оноосонтой холбоотойгоор тус улсын зарим хэсэгт эмх замбараагүй байдал үүсчээ. Эмх замбараагүй байдлын улмаас амиа алдагсдын тоо 72-т хүрээд байгаа эдгээрийн 10 нь даваа гарагий шөнө Совето хотод байрлах худалдааны төвд гарсан үймээний үеэр амь үрэгджээ.

Өмнөд Африкийн зэвсэгт хүчний цэргүүд эмх замбараагүй байдал үүсээд буй хотуудад байршиж, цагдаа нарт хэв журам сахиулахад туслахаар болсон байна. Цагдаа нар иргэдийг бослого хөдөлгөөнд уриалж, өдөөн хатгасан гэж сэжиглэгдэж буй 12 хүнийг саатуулсан ба өнгөрсөн долоо хоногоос хойш цагдаа нар 1234 хүнийг баривчилжээ.

Эмх замбараагүй байдал үүссэнээс хойш нийтдээ 200 гаруй том худалдааны төв дээрэм тонуулд өртжээ. Нельсон Мандела агсаны амьдарч байсан Совето хотын худалдааны төвүүд дээрэм тонуулын улмаас хоосорч, босогчид бэлэн мөнгөний автомат машинуудыг эвдэлж, архи согтууруулах ундаа борлуулдаг дэлгүүрүүд болон зоогийн газруудыг ухаж, сүйтгэжээ.

Квазулу-Наталь мужид босогчид түргэн тусламжийн тэрэг рүү халдах явдлууд бүртгэгджээ. Босогчид Квазулу-Наталь мужид хорих ял эдэлж буй Ерөнхийлөгч асан Жейкоб Зумад шүүхээс хорих ял оноосон явдлыг эсэргүүцэж байгаа аж.

Жейкоб Зума Өмнөд Африкийн орчин цагийн түүхэнд хорих ял авсан анхны экс Ерөнхийлөгч болон тэмдэглэгдэн үлдэж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкийн Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч асан Жейкоб Зумад авлигын хэрэгтэй холбоотойгоор 15 сарын хорих ял оноосон юм.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-africa

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.