Барууны орнууд Шиньжааны томоохон албан тушаалтнуудад хориг тавив

Twitter Print
2021 оны 03-р сар 23-нд 11:32 цагт
Мэдээний зураг,

Барууны улс орнууд БНХАУ-ын Шиньжаан мужийн шашны цөөнхүүд болох уйгурчуудын эрхийг зөрчсөн хэргээр Хятадын хэд хэдэн албан тушаалтнуудад хориг тавьжээ.

Хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд болон ажиглагчид Хятадын эрх баригчид Шиньжаан мужийн баруун хойд хэсэгт хорих лагериудад лалын шашин шүтдэг шашны цөөнх болсон уйгурчуудыг олноор нь хорьж, тамлан зовоож, албадан хөдөлмөр эрхлүүлж, эмэгтэйчүүдийнх нь эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэж байна хэмээн мэдээлсээр байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авах шийдвэрийг Европын холбоо, Их Британи, АНУ болон Канад улсын эрх баригчид хамтран гаргасан байна.

Хориг арга хэмжээний дагуу Шиньжаан дахь лалын шашин шүтдэг уйгурчуудын эрхийг ноцтой зөрчсөн Шиньжаан мужийн томоохон албан тушаалтнуудад хилийн хориг тавьж, хөрөнгийг нь царцаах аж. Хятадын зүгээс үүний хариуд Европын холбооны албан тушаалтнуудын эсрэг хориг тавихаа мэдэгдсэн ба шашны цөөнхүүдийн эрхийг зөрчсөн хэмээх мэдэгдлийг үгүйсгэж, Шиньжаанд байрлах лагериуд нь алан хядах үйл ажиллагаатай тэмцэхийн тулд байгуулсан сургалтын төвүүд юм хэмээн онцолжээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб Шиньжаанд болж буй үйл явдал нь "манай цаг үеийн хүний эрхийн хамгийн том хямрал" хэмээн тодорхойлж, Бээжингийн эсрэг хориг арга хэмжээ авснаараа дэлхийн улс орнууд хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа явдлуудыг нүдээ аньж өнгөрүүлэхгүй, хариуцлагатай албан тушаалтнуудын эсрэг арга хэмжээ авах болно гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.