
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Киевт айлчиллаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Украины нийслэл Киевт айлчилжээ.
Айлчлалынхаа үеэр тэрээр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Украинд дайн болохоос сэргийлж чадаагүй мөн тус зөвлөл нь Украинд эхэлсэн дайныг зогсоож чадахгүй байгааг шүүмжилсэн байна. Олон улсад энх тайван, аюулгүй байдал хангах үүрэг бүхий 15 гишүүнтэй НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл ОХУ Украин руу цэргээ оруулсан явдлыг таслан зогсоож чадаагүй хэмээн Украины засгийн газраас шүүмжлэл хүртсэн билээ.
Нөгөө талаас Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн ОХУ Украинд үүсэн нөхцөл байдалтай холбоотой тогтоолуудад хориг тавьсаар байгаа юм. НҮБ-ын тэргүүн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хамтаар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл юу ч хийж чадахгүй байгаа ч НҮБ Украин дахь асуудлыг шийдвэрлэхэд тусламж дэмжлэг үзүүлэхээ хэзээ ч зогсоохгүй хэмээн Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Украины ард түмэнд амлажээ. Ерөнхийлөгч В. Зеленскийн хэлснээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн биеэр ОХУ-ын дайны гэмт хэрэг үйлдсэн газруудыг үзсэн аж.
Түүнчлэн Антониу Гутеррешийн айлчлалын үеэр ОХУ-ын тал Киев хотын Шевченко дүүрэгт байрлах 25 давхар орон сууцны барилгыг бөмбөгдсөн байна. НҮБ-ын тэргүүн ОХУ-ын бөмбөгдөлт, агаарын цохиолтонд өртөж нуранги болсон Киевээс баруун хойд зүгт байрлах Бородянка хотод айлчилж, сэтгүүлчидтэй ярилцжээ. Тэрээр Украинд болж буй зүйлс нь 21-р зуунд байж болшгүй зүйлс хэмээн Украины өмнөд хязгаарын Мариуполь боомт хотод гацсан мянга мянган иргэдийг аюулгүй газарт шилжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.
Украины зүгээс ОХУ-д Мариуполь дахь Азовсталь үйлдвэрт байгаа Украины зэвсэгт хүчний цэргүүд болон энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүсэлт удаа дараа тавьсан ч ОХУ-ын талаас зөвшөөрөхгүй байгаа гэжээ.
Нөгөө талаас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн хэлж байгаагаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэр Оросын төрийн тэргүүн Мариуполь хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг "зарчмын" хувьд зөвшөөрсөн аж. Мариуполь хотоос иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил удаашралтай, гацсан байдалтай байгаа нь ОХУ-ын зүгээс галаа зогсоохгүй байгаатай холбоотой хэмээн Киевийн зүгээс онцолсоор байгаа юм.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn