ОХУ, БНХАУ хоёр барууны орнуудын хоригийг буруушаалаа

Twitter Print
2021 оны 03-р сар 24-нд 11:38 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров БНХАУ-ын Гуйлин хотод айлчилж байгаа билээ. Тэрээр айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзсан ба талууд барууны орнуудын зүгээс хориг тавьж буй асуудалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ.

Европын холбоо, Их Британи, АНУ болон Канадын эрх баригчид хамтран Хятадын Шиньжаан дахь шашны цөөнх уйгурчуудын эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудлаар Шиньжаан мужийн томоохон албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн билээ. Уулзалтын үеэр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Европын холбоо "зөвхөн нэг талыг барьсан шийдвэрүүд"-ээрээ ОХУ-тай тогтоосон харилцаагаа үгүй хийсэн хэмээн мэдэгдсэн бол Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, "Хятадын дотоод хэрэгт дураараа оролцдог цаг өнгөрсөн." хэмээн анхааруулжээ.

Барууны орнуудын хувьд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр гэх хэд хэдэн албан тушаалтнуудад хориг тавьсан ба тэдгээр нь 2014 онд Крымийн хойгийг ОХУ-ын газар нутагт нэгтгэсэн асуудал, Украины зүүн зүгт болж буй иргэний дайн, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн явдал, ЗХУ-д тагнуулчаар ажиллаж байсан Сергей Скрипаль болон түүний охин, Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг тус тус хордуулсан явдал зэрэгт холбоотой албан тушаалтнууд аж. Кремлийн зүгээс дээрх бүх хэргийг үгүйсгэсээр байгаа билээ. Өнгөрсөн мягмар гарагт Брюссельд НАТО-гийн удирдлагуудтай уулзах үерээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Америкийн засгийн газар Оросоос ХБНГУ-д хий экспортлох "Северный поток-2" хийн хоолойг эсэргүүцэж буйгаа дахин дахин онцолжээ. Балтын тэнгисийн доогуур явж буй уг хийн хоолой нь Европын холбоог "хагаралдуулж" байна хэмээн АНУ-ын эрх баригчид үзэж байгаа ба үүнтэй холбоотойгоор Вашингтон ХБНГУ-ын эсрэг хориг арга хэмжээ авна хэмээн заналхийлж байгаа аж.

Сергей Лавров, Ван И хоёр хориг тавих асуудал нь олон улсын харилцаанд байж байж болшгүй зүйл гэдэг дээр санал нийлж буйгаа илэрхийлжээ. Ван И, "Хүчтэй том гүрнүүд өөрсдийн хэм хэмжээгээрээ бусдын дотоод хэрэгт ямар ч үндэслэлгүй оролцож, өөрсдийн нэр нөлөөгөө нэмэгдүүлэхийн тулд ардчилал болон хүний эрхийн нэрийг барих ёсгүй." гэжээ. Барууны орнуудын зүгээс ОХУ болон БНХАУ коронавирусын цар тахлын үед коронавирусын эсрэг вакцинаа ашиглаж дэлхийд ноёрхлоо тогтоохыг оролдож байна хэмээн буруутгаж байгаа асуудлыг ч талууд үгүйсгэжээ. Дэлхийн олон улс орнууд Хятадын Синофарм үйлдвэрийн коронавирусын эсрэг вакцин, Оросын Спутник-Ви вакциныг иргэддээ хийж байгаа ба дээрх вакцинууд нь барууны орнуудад үйлдвэрлэсэн вакцинуудаас илүү хямд бөгөөд хүртээмж сайтай байгаа юм.

Бээжингийн зүгээс зарим улс орнуудад вакцинаа үнэгүй нийлүүлж байгаа ба Ван И Хятад улс анхнаасаа коронавирусын эсрэг вакцинаа аль болох олон улс оронд нийлүүлж, улс орнуудад цар тахлыг давахад туслахыг зорьсон хэмээн дурджээ. Харин Сергей Лавров Спутник-Ви вакцин нь хүмүүсийн амь насыг аврахын тулд бүтээгдсэнээс биш геополитикийн эсвэл ашиг хонжооны зорилготой бүтээгдээгүй гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.