Дасгал хөдөлгөөн нь сэтгэл гутралын түвшинг бууруулдаг

Twitter Print
2021 оны 10-р сар 08-нд 08:16 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хөдөлгөөн заслын өдөр. “World Physical Therapy Day”. Physical Therapy гэдгийг бид Бие Бялдар Засал гэж орчуулж нэрлэж явж байгаа бөгөөд энгийн олон нийтэд ойлгомжтой байлгах үүднээс хөдөлгөөн засал эмчилгээ гэж хэрэглэхээр тогтсон байдаг.

Энэ өдрийг дэлхий нийтэд жил бүр уламжлал болгон 09 сарын 08-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 

Дасгал хөдөлгөөн нь нас ахих тусам нэмэгддэг янз бүрийн архаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй бол коронавируст халдварын хүндрэхээс урьдчилан сэргийлэхэд ч бас үр дүнтай байх магадлалтай тухай судалгааны үр дүн нийтлэгдсэнийг товчхон сийрүүлж оруулья.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ТОГТМОЛ ХИЙХ НЬ КОРОНАВИРУСИЙН ХҮНДРЭЛИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛДАГ/АНУ

Өдөр бүр бие махбодийн хувьд идэвхтэй байсан COVID-19 өвчнөөр өвдсөн хүмүүст эмнэлэгт хэвтэх, эрчимт эмчилгээний тасагт хэвтэх, нас барах эрсдэл бага байгаа болохыг АНУ-ын Кайзер Перманенте Фонтана эрүүл мэндийн төвийн судлаачид тогтоожээ.

Эх сурвалж: Sallis R, et al. Br J Sports Med. 2021 Apr 13.

18 ба түүнээс дээш насны 48,440 насанд хүрсэн (дундаж нас 47, 61.9% нь эмэгтэй) хүнийг хамруулсан уг судалгааны үр дүнгээр биемахбодын хувьд байнгын идэвхитэй бус байсан (7 хоногт 0-10 орчим минут дасгал хөдөлгөөн хийдэг) хүмүүс, тогтмол идэвхтэй байсан (7 хоногт 150 минутаас дээш дасгал хөдөлгөөн хийдэг) хүмүүстэй харьцуулахад COVID-19 эмнэлэгт хэвтэлт (2.26 дахин), эрчимт эмчилгээнд хэвтэлт (1.73 дахин) болон нас барах эрсдэл (2.49 дахин) тус тус өндөр магадлалтай байсан байна.

Эдгээрт үндэслээд судалгааны багаас "Тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс COVID-19-ийг ялж гарах магадлал маш өндөр байгаа нь тогтоогдлоо. Энэ үр дүн зөвхөн цар тахлын үед бус цар тахал дууссаны дараа ч эрүүл амьдралын хэв маяг, ялангуяа дасгал хөдөлгөөн чухал гэдгийг бидэнд дахин сануулж өглөө" хэмээн дүгнэсэн байна.

Судалгааны хамгийн гол ач холбогдол бол хөдөлгөөний хомсдол болон COVID-19-ийн үр дүн муу байх хоёрын хооронд хүчтэй хамаарал ажиглагдсан явдал байлаа. Таргалалт, тамхидалт гэх мэт хүчин зүйлүүдийг харгалзаж үзсэн ч дасгал хөдөлгөөний хомсдол нь эмнэлэгт хэвтэлт, эрчимт эмчилгээнд орох болон нас барах эрсдлийг нэмэгдүүлж буйтай хүчтэй хамааралтай байсан байна.

Долоо хоногийн 5 өдөр, өдөрт 30 минутын турш дунд зэргийн хурдтай алхах гэх мэт дасгал хөдөлгөөн хийж байх нь коронавиурст халдварын эсрэг маш сайн нөлөө үзүүлнэ гэж ойлгоорой.

COVID-19-ИЙН СТРЕССТ АВТАХГҮЙ БАЙХ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙ ЗӨВЛӨМЖ /КАНАД

Дасгал хөдөлгөөн нь коронавируст халдвар (COVID-19) -тай холбоотой стрессийг тайлахад үр дүнтэй байгаа тухай судалгааны үр дүн бас нийтлэгдсэн.

Эх сурвалж: Marashi MY, et al. PLoS One. 2021; 16: e0239244.

COVID-19 цар тахал хүмүүсийн биемахбодийн идэвхитэй байдлын сэдэл, саадыг хэрхэн өөрчилж байгаа болох, мөн эдгээр өөрчлөлтийн сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодруулах зорилгоор хийгдсэн уг судалгаанд цар тахлын өмнөх үеийнхтэй харьцуулахад хүмүүсийн биемахбодийн идэвхитэй байдал эрс буурсан үр дүн гарч.

Жишээлбэл, 1 долоо хоногт оногдох аэробик дасгал хөдөлгөөн хийх хугацаа 22 минут (11%), өндөр эрчимтэй дасгал хөдөлгөөн 32 минут (30%) тус тус буурсан байгаа бол эсрэгээр сууж өнгөрүүлж буй зан үйл 7 хоногт 33 минут болж (11%), мөн цар тахлын улмаас сэтгэлзүйн стрессийн оноо 22%-иар нэмэгдсэн байна.

Царт тахлын улмаас бие махбодийн идэвхитэй байдал ихээхэн буурсан хүмүүсийн сэтгэцийн байдал мэдэгдэхүйц муудсан бол харин биеийн хөдөлгөөнөө хэвийн байлгаж чадсан хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд төдийлөн өөрчлөлт ороогүй болох нь тогтоогджээ. Тухайлбал биеийн хөдөлгөөний өөрчлөлт ба сэтгэлийн хямралын түвшин (r = -0.21) болон сэтгэлийн түгшүүрийн түвшин (r = -0.12) хооронд урвуу хамаарал ажиглагдсан байна.

Эдгээр үр дүнгээс судалгааны баг "COVID-19 тахлын үед ч гэсэн дасгал хөдөлгөөн хийж байгаа хүмүүсийн хувьд сэтгэл зовнил бага байна. Хэдий тийм байгаа ч олон хүмүүст тохиолдож буй сэтгэл зовнил хэтэрхий их байна. Өөрөөр хэлбэл дасгал хөдөлгөөн нь сэтгэл гутралын түвшинг бууруулдаг ч нийгмийн тусгаарлагдмал байдлын нөлөөнөөс болж сэтгэцийн хямралын түвшин буурахгүй байгаа хүмүүст дасгал хөдөлгөөн хийх сэдэл буураад байна. Цар тахлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах, сэтгэцийн эрүүл мэндийн хямралыг бууруулахын тулд биемахбодийн идэвхитэй хөдөлгөөнийг хадгалах шаардлагата байгаа ба биеийн идэвхитэй байдлыг хангахын тулд сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн дэмжлэг мөн хэрэгтэй байна” гэж дүгнэжээ.

Судалгааны баг цар тахлын үед биемахбодын идэвхитэй байдлыг хангахад дорх зөвлөмжийг хүргэж байгаа юм байна.

-ямар нэг дасгал хөдөлгөөн хийх нь юу ч хийхгүй байснаас дээр

-өдөр бүр бага багаар биеэ хөдөлгө

-дасгал хөдөлгөөн хийх явцад сэтгэл түгшиж байгаа бол дасгалын эрчмийг бууруул

-суугаа цагийг багасгаж ойр ойрхон босох, тойрч алхах гэх мэт үйлдлүүдийг оруул

-дасгал хөдөлгөөн хийх цагийг төлөвлөлөгөөндөө тусга гэж зөвлөжээ.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.