Хойд Солонгос Өмнөд Солонгосоос бүхий л харилцаагаа тасалж байгаагаа мэдэгджээ

Twitter Print
2020 оны 06-р сар 09-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгос Өмнөд Солонгостой бүхий л харилцаагаа тасалж буйгаа мэдэгджээ. Үүнд хоёр улсын төрийн тэргүүнүүдийн утасны шууд холбоо ч мөн багтаж байгаа аж. Хойд Солонгосын зүгээс БНСУ-ыг "дайсан" хэмээн тодорхойлж, тус улстай бүх харилцаа холбоогоо таслах нь БНСУ-ын эсрэг авах арга хэмжээнүүдийн нэг хэсэг болохыг мэдэгджээ.

2018 онд хоёр улсын хоорондын харилцааг сайжруулах зорилгоор Хойд Солонгосын Кэсон хилийн хотод харилцаа холбооны төв байгуулагдсан юм. Тэгвэл тус төвөөр дамжуулан хоёр улсын хооронд өдөр тутам хийгддэг дуудлагууд мягмар гарагаас эхлэн зогсоно гэдгийг Хойд Солонгосын Мэдээллийн төв агентлагаас мэдээлжээ. Хоёр Солонгосын дайн 1953 онд галаа зогсоох хэлэлцээрээр төгссөн ба хоёр улс хоорондоо энх тайвны гэрээ байгуулаагүй. Тийм ч учраас Хойд ба Өмнөд Солонгос улс "дайтаж" байгаа хэвээрээ гэж хэлж болох юм.

Хойд Солонгосын Мэдээллийн төв агентлагаас мэдээлж байгаагаар Хойд Солонгосын тал хоёр улсын зэвсэгт хүчний харилцааг ч мөн адил тасалж байгаа аж. Коронавирусын цар тахлын улмаас Кэсон хот дахь харилцаа холбооны төв 1-р сард хаагдсан ч хоёр улсын эрх баригчид утсаар холбогдож байсан гэнэ. Хоёр улс өглөө 9, өдөр 17 цагт хоёр удаа утсаар холбогддог ба БНСУ-ын талаас мэдээлж байгаагаар өнгөрсөн даваа гарагт Хойд Солонгосын тал сүүлийн 21 сарын хугацаанд анх удаа өглөөний дуудлагад хариу өгөөгүй байна. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эгч Ким Ё Жон БНСУ-ын тал Хойд Солонгосын тал руу ухуулах хуудас илгээдэг явдлаа зогсоохгүй бол Кэсон дахь харилцаа холбооны төвийг хаана хэмээн өнгөрсөн долоо хоногт анхааруулсан билээ. Тэрээр ухуулах хуудас илгээх явдал нь 2018 онд Панмунжонд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын байгуулсан энх тайвны зөвшилцлийн гэрээг зөрчсөн, дайсагнасан үйлдэл болохыг онцолжээ.

North Korea halts all communications with South in row over ...

БНСУ-ын иргэд Хойд Солонгосын коммунист дэглэмийг шүүмжилсэн ухуулга хуудсыг хоол хүнсний зүйлсийн хамтаар хийлдэг бөмбөлгийн тусламжтайгаар Хойд Солонгосын тал руу тогтмол илгээдэг аж. Хойд Солонгосчууд мэдээ мэдээллийг зөвхөн төрийн өмчит хэвлэл мэдээллээс авдаг ба дийлэнх нь интернетэд орох боломжгүй байдаг юм. 2018 онд хоёр улсын удирдагчид 3 ч удаа уулзаж, энх тайвны зөвшилцлийн гэрээ байгуулснаар хоёр улсын харилцаа сайжирсан билээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн жил Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын уулзалт амжилтгүй болсоны дараа Пхеньян Сөүлээс харилцаагаа тасалж эхэлжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.