Жеймс Вебб телескопоор авсан сансрын зурагнуудыг танилцууллаа

Twitter Print
2022 оны 07-р сар 13-нд 13:28 цагт
Мэдээний зураг,

Жэймс Вэбб телескопоор авсан сансрын  зурагнуудыг танилцууллаа

Америкийн Үндэсний Агаарын Тээвэр ба Сансрын Нислэгийн Захиргаа буюу НАСА 10 тэрбум ам. доллараар боссон Жэймс Вэбб нэртэй шинэ телескоп шинжлэх ухааны үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсныг онцлон тус  телескопоор авсан 4 зургийг өнгөрсөн мягмар гарагт дэлхий дахинд танилцуулжээ. 

Алдарт Хаббл телескопын залгамж халаа гэгдэх Жэймс Вэбб телескоп нь өнгөрсөн 6 сарын турш туршилтын журмаар ажиллаж байсан ба хамгийн багадаа 20 жил ажиллах чадалтай аж. 

Жэймс Вэбб телескопын төсөлд НАСА-гаас гадна Европ, Канадын сансрын агентлагууд оролцсон байна. 

Жэймс Вэбб телескопын дуран сансрыг  хэт улаан туяагаар харах ба энэ нь орчлон ертөнцийг Хаббл дурангаас илүү гүн харах боломжийг олгож, 13.5 тэрбум гаруй жилийн өмнө сансарт болсон үйл явдлыг тодорхойлоход туслах аж. 

Одон орон судлаачид Жэймс Вэбб телескопын технологийг ашиглаж Сүүн замын гараг эрхсүүдийн агаар мандлыг судалж, амьдрал байж болох шинж тэмдэгүүд олно гэж найдаж байгаа аж. 

Жэймс Вэбб телескопоор авсан зурагнуудаас Дэлхийгээс 7600 гаруй гэрлийн жилд байрлах хий, тоосонцрын бүрдэл, шинэ одод үүсэх таатай орчин болох Карина мананцарыг, галактикуудын бөөгнөрөл, мананцар дотор байгаа мөхөж буй одыг, Стэфаны квинтэт гэгддэг 5 галактикийг маш өндөр нарийвчлалтайгаар харж болох юм.
James Webb телескоп: Одон орон судлалын шинэ эрин эхэллээ

“Stephan’s Quintet” галактикуудын бүлэг

 

Stephan’s Quintet нь Дэлхийгээс 300 сая гэрлийн жилийн зайд оршдог, өөр хоорондоо ойр таван галактик юм. Уг галактикуудын бүлгийг 1877 онд нээн илрүүлсэн бөгөөд зарим тохиолдолд бие биетэйгээ хүрэлцдэг учир “бүжиглэдэг галактикууд” хэмээн нэрлэх нь ч бий. James Webb уг галактикуудыг урьд өмнө нь байгаагүй тодоор авч, галактик хэрхэн хувьсдагийг судлахад том ахиц авчирчээ.

“WASP-96 B” Дэлхий төст гараг​

Хамгийн анх 1992 онд “Exoplanet” буюу Дэлхий төст гараг байдаг гэдгийг баталж, түүнээс хойш энэ төрлийн гарагуудыг идэвхтэй судалж эхэлсэн юм.  James Webb энэ удаад Дэлхийгээс 1,150 гэрлийн жилийн зайд орших WASP-96 B гарагаас ирэх гэрлээр дамжуулан тус гарагийн уур амьсгалыг тодорхойлжээ. Хэдийгээр ихэнх эрдэмтдийн хүлээж байсан шиг үр дүн гараагүй ч тус гараг дээр усны уур байдгийг олж илрүүлсэн байна. Ирээдүйд өөр олон Дэлхийн төст гарагийг судалж, амьдрал үүсэх боломжтой эсэхийг эрж хайсаар байх юм.

Southern Ring Nebula буюу Өмнөдийн бөгж мананцар

Дэлхийгээс 2,000 гэрлийн жилийн зайд орших Өмнөдийн бөгж гэгддэг мананцрыг хоёр төрлөөр харуулжээ. Анх уг мананцрыг сөнөж буй нэг одноос үүссэн гэж таамаглаж байсан бол зүүн талын зургаас мөхөж буй хоёр одноос үүссэнийг олж тогтоосон байна.

Carina Nebula буюу Карина мананцар

Асар олон одод бий болдог мөн мөхдөг уг мананцрыг 1752 онд нээн илрүүлж байсан бөгөөд James Webb-ийн авсан уг зурагт урьд өмнө нь харагдаж байгаагүй, тэр байтугай одоогоор тайлбарлах боломжгүй олон үзэгдлүүд багтсан байна.

James Webb одоогийн нөөцөөрөө 20 орчим жил ажиллах хүчин чадалтай бөгөөд ердөө эхний таван хоногт дээрх үр дүнгүүдийг гаргаж, хүн төрөлхтний одон орон, сансар судлалын ололт амжилтыг нэг шатаар ахиулжээ. Уг телескопын гол зорилго нь ертөнцийн үүсэл гарлыг тольдох, галактик, гараг, одод эрхэс хэрхэн үүсэж бас сөнөдөг, цаашлаад амьдрах боломжтой гарагуудыг судлах юм.  
 

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.