"King Tug" Н.Төгсцогт нэгдүгээр сарын 22-нд ээлжит тулаанаа хийнэ

Twitter Print
2022 оны 01-р сар 16-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

"KING TUG" Н.ТӨГСЦОГТ АТЛАНТИК СИТИД ТУЛАЛДАНА

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимпийн наадам, дэлхийн АШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан, мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж(9КО), хоёр ялагдсан амжилттай яваа "King Tug" Нямбаярын Төгсцогт 2022 оны нэгдүгээр сарын 22-нд рингэнд дахин гарч, ээлжит тулаанаа хийх болсон.

Өнгөрсөн долдугаар сард Төгсөө маань WBA-холбооны 58,9 кг-ийн жингийн Interim champion буюу түр аваргын бүсийг эзэмшигч Крис Колберттой жин өгсөн аваргын бүсийн төлөө тулалдан оноогоор ялагдсан билээ.

Харин энэ удаа манай Төгсцогтын өрсөлдөгч нь АНУ-ын боксчин, энэ жил 29 настай Виктор "Vicious" Пасильяс байх ажээ. Пасильяс нь өдгөөгөөс 10жилийн өмнө мэргэжлийн бокст орсон бөгөөд нийтдээ 17 тулаан хийж, 16 ялж( 9 КО), нэг ялагдсан амжилттай боксчин байна.

Пасильяс өнгөрөгч нэгдүгээр сард WBA холбооны түр аваргын бүсийн төлөө тулалдан ТКО -оор ялагдсанаас хойш рингэнд гараагүй байгаа.

2021 онд түр аваргын бүсийн төлөөх тулаанд ялагдсан хоёр боксчин ийн тулалдахаар болжээ. Хэн ялсан нь цаашид аварга цол, бүсийн төлөө тулалдахад ойртоно.

Төгсцогт-Пасильяс нарын тулаан Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel& Casino , spa" цогцолборт болох бөгөөд энэ үдшийн Co-main event юм.

Энэ үдшийн гол тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель (31 ялалт, 1 ялагдал) болон Филиппиний Марк Магсайо ( 23-0) нарын хооронд болно. Г.Рассель манай Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ.

Мөн энэ үдэш домогт аварга Эвандер Холифилдын хүү Эван Холифилд (8-0) рингэнд Гэри Рассель, манай "King Tug" нарын өмнө тулалдах аж.

Тулааныг Америкийн SHOWTIME тв суваг шууд дамжуулан үзүүлэх юм.

Ц.Энхтүвшин

"Таван цагариг"

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.