Коста-Рика алдсан ой модоо бүрэн сэргээж чаджээ

Twitter Print
2020 оны 07-р сар 28-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

1970-1980-аад онуудад Коста Рика улс Латин Америкийн улс орнууд дундаас ой модоо асар их хэмжээгээр үгүй хийсэн орны нэг байв. 1940-өөд онд Коста Рика улсын нутаг дэвсгэрийн 75 орчим хувь нь ой мод байжээ. Гэтэл газар тариалан, мал аж ахуй эрхлэх зорилгоор иргэд хууль болон хууль бус аргаар ой модыг их хэмжээгээр сүйтгэж, 1987 он гэхэд тус улс нийт ой модныхоо талаас илүү хувийг сүйтгэсэн байв.

Үүнтэй холбоотойгоор Коста Рика улсын засгийн газар ой модыг дахин сэргээх шийдэмгий арга хэмжээ авсан ба 1996 онд модыг тусгай зөвшөөрлийн дагуу тайрах хуулийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн бол 1997 онд газар тариалан эрхлэгчид, газар эзэмшигчдэд ой мод, байгаль орчныг хамгаалсаны төлөө урамшуулал олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Жишээ нь, тариаланчид жилдээ хамгаалсан ой модныхоо 1 га тутамдаа 64 ам. долларын урамшуулал авдаг аж. Өнөөдөр Коста Рика улсын нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь дахин ой модоор бүрхжээ. Коста Рикагийн ой мод 500 мянга гаруй төрлийн амьтан ургамлын эх нутаг болоод байна. Гэтэл Коста Рикатай адил уур амьсгалтай улс орнуудад ой мод хурдацтайгаар устсаар байна. Мэрилендийн Их Сургуулийн хийсэн судалгаагаар 2019 онд л гэхэд халуун уур амьсгалтай орнуудад нийт 12 сая га ой модыг устгасан нь зөвхөн 1 минутад л гэхэд хөл бөмбөгийн 30 талбайтай тэнцэх хэмжээний ой мод устаж байжээ. 

Коста Рикагийн засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн дагуу сүүлийн 20 жилд засгийн газраас тариаланчдад нийт 500 сая ам. долларын урамшуулал олгож, нийт 1 сая гаруй га ой модыг аварч, шинээр 7 сая гаруй мод тарьжээ. Коста Рикаг зорих жуулчдын дийлэнх нь тус улсын үзэсгэлэнтэй байгалийг үзэж сонирхохоор ирдэг ба Коста Рика жилдээ 3 орчим сая жуулчин хүлээн авдаг аж. 2019 онд Коста Рикагийн аялал жуулчлалаас олсон орлого 4 тэрбум ам. долларт хүрсэн ба энэ нь шууд ба шууд бусаар тус улсын ДНБ-ний 8 хувийг бүрдүүлж, аялал жуулчлалын салбар 200 мянган иргэдийг ажлын байраар хангаж байна.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.