
Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадам сайхан бол бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын уугуул, харцага Н.Батсуурь түрүүлж арслан цол хүртсэн. Харин хүчит бөхийн гурвын даваанд улсын начин Б.Сугаржаргал, аймгийн арслан Г.Баасандоржийг амлан авч барилдсан. Гэсэн ч улсын начин маань барьц сонгуулж өвдөг шорооджээ. Энэ байдалдаа уурссан начин Б.Сугаржаргал тухайн барилдааны хөлийн цэцээр ажиллаж байсан, чөлөөт бөхийн Олимп, дэлхийн хүрэл медальт, үндэсний бөхийн улсын харцага Д.Сэрээтэрт гар хүрч, наадамчин олны дургүйг хүргэсэн. Дээрх байдалд нь гомдолтой байгаагаа МҮБХ-нд харцага маань илэрхийлжээ.
Тэрээр “Залуу хүн аль бухимдахыг тэр гэхэв гээд орхитол төд удалгүй Б.Сугаржаргалын ах, дүү нар хүрч ирээд намайг “ална” гэж элдвээр харааж, заналхийлсэн. Уг нь миний харцага цолыг хүндэлдэггүй юм гэхэд насыг нь хүндэлж болмоор. Гэтэл хэлэхэд ч эвгүй маш бүдүүлэг зан гаргалаа. Ер нь Б.Сугаржаргалд гомдоод сүйд болох юм алга. Эрүү амыг минь хугалж сүйд хийчхээгүй болохоор зүгээр орхиё гэтэл янз бүрийн хүмүүс хүрч ирээд намайг элдвээр дарамтлаад байхаар нь гомдол гаргасан" гэж хэлсэн байна. Монголчууд эртнээс нааш өвөг дээдсээ хүндэлж тэдний үгээр хүмүүжиж ирсэн ард түмэн гэдгийг залуу бөхчүүд ойлгож, үнэн хүчийг үзэж барилдахыг наадамчин олон хүсдэг нь дамжиггүй.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505