
Японы армийн түүхэнд гарсан “199 цэргийн амийг авсан цаст уулын осол” гэж сонсож байсан уу? Энэ талаарх түүхийг дэлгэрэнгүй өгүүлье! 1902 он буюу Мэйжигийн 35-р онд Аомори муж дахь Японы хуурай цэргийн анги нэгтгэлээс 210 цэрэг Хаккода(八甲田山) хэмээх уул руу цэргийн сургуулилт хийхээр хөдөлсөн нь аймшигт ослын шалтгаан болсон байдаг.
Энэхүү цэргийн сургуулилтын гол зорилго нь Оросын эзэнт гүрэнтэй хийх дайнд бэлтгэж, өвлийн хүйтэнд цэргүүдээ дасгах бодлоготой байжээ.
1902 оны 01.23-ны өглөө 06.55 минутанд Аомори мужийн цэргийн баазаас 210 цэрэг хоол хүнсээ базаан “Хаккода” уулыг чиглэн хөдөлсөн байна. Энэхүү Хаккодо хэмээх уул хүртэл 20 км замыг явган замаар туулан оройд нь очоод буцаж ирэхээр төлөвлөсөн байна.
Хаккодо уулын өндөр нь 1585м, гэхдээ битүү цасанд хучигдсан уул байжээ. Гэвч тухайн өдрийн цаг агаар бүрхэг байсан бөгөөд уулын талд хүрэх үед цас хаялж эхэлсэн байна. Замын дунд хүрэх үед цасан шуурга эхэлсэн тул цэргийн ахлагч нар зөвлөлдөж буцах эсэхээ ярилцсан ч “зорьсон зорилгодоо хүрэх нь зөв” гэсэн шийдвэрийг гаргаж цааш үргэлжлүүлэн уул руу өгсөж эхэлсэн байна.
Хаккодо хүртэл 3 км хүртэл үлдсэн үед харанхуй болж цасан шуурга ширүүссэн тул өглөө болтол түр амсхийхээр болжээ. Ингээд цэргүүд 4м цас ухан дулаацах төлөвлөгөөтэй байсан ч 4м ухсан ч газарт тулахгүй байсан тул гал түлэх боломжгүй байжээ. Тухайн уул нь нэг ч модгүй нил цасаар бүрхэгдсэн уул байв.
Хунгарласан цасан дунд өглөө болтол амсхийх төлөвлөгөөтэй байсан ч гал түлэх боломжгүй байсан тул улам даарч хөлдөж үхэх аюултай тулгарчээ. Тиймээс цэргийн ахлагч нар шөнийн 2.30 минутанд буцах шийдвэр гарган хөдөлсөн байна. Ингээд уулнаас буух замдаа цэргүүд төөрч, хоол унд идэж чадахгүй байсаар -25 градусын хүйтэнд хөлдөж үхэж эхэлсэн байна.
Энэ цэргийн сургуулилтанд оролцсон 210 цэргээс 199 цэрэг хөлдөж нас барсан бол 11 цэрэг л амьд үлдсэн байдаг. Аомори мужийн цэргийн баазаас сургуулилтанд явсан цэргүүдээс огт мэдээлэл ирэхгүй сураггүй байсан тул аврах анги илгээсэн байна. 1902.01.27-нд хөлдөн амь насаа алдсан цэргүүдийг цасан дундаас хайж олж эхэлсэн байна. Энэ ослын үеэр нэгэн цэрэг хайж ирэх цэргүүдэд замчлах үүднээс босоогоороо хөлдөж үхсэн байдаг.
Энэхүү осол болсон ууланд амиа алдсан цэргүүдийг хүндэтгэж дурсгалын хөшөө босгосон юм байна. Энэхүү осол нь Японы цэргийн түүхийн хамгийн “том осол” хэмээн тэмдэглэгддэг юм байна.
Үүнээс хойш жил бүр Японы цэргийн албан тушаалтнууд энэхүү ууланд очиж амь насаа алдсан цэргүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг болсон.
А.Галбадрах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.