“Эрдэнэс тавантолгой” ХК нэгдмэл ашиг сонирхолтой группт их наядын тендер өгч, Монголын хуулийг уландаа гишгэсэн үү?

Twitter Print
2021 оны 10-р сар 28-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ЭТТ” ХК-ийн тендерийн булхайг дэлгэж байхад манай төрийнхнөөс хэн ч ган гэж үг дуугарсангүй. Намчид өөрсдийнхөө булхайг дуу нэгтэйгээр хамгаалдаг ажээ. “ЭТТ” ХК “Чайна Металлуржикал Инженеринг" хэмээх охин компанид нь нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах 2.4 тэрбум төгрөгийн тендерийг өгч, “Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” гэх толгой компанийг нь их наяд орчим төгрөгийн үйлдвэрийн барилга угсралтын ажлыг хийх тендерт ялуулсан тухай хууль зөрчсөн луйврыг баримттай нь Монголын өдөр тутмын томоохон сонин, томоохон сайтууд илчлээд байхад хэн ч анхаарахгүй юм гэж үү?

Хууль зөрчсөн тендерийн будилаан нь илэрч, нэгдмэл ашиг сонирхолтой компаниудад тендер өгсөн нь тогтоогдонгуут “ЭТТ“ ХК-ийн захирал Б.Ганхуяг энэ мэдээллийг нягтлуулахаар БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд албан бичгээр ханджээ. Дэлхий нийтээрээ цахимжиж, бүртгэлийн системээс тухайн компаниуд хоорондоо ямар хамааралтайг хэн ч мэдэх боломжтой.

Гэтэл манай “ЭТТ " ХК-ийн удирдлагууд ямар ч чадваргүй, наад захын, нээлттэй мэдээллийг хайж олох хэмжээний боловсрол ч үгүй намчид гэдгээ үүгээр батлав. Мэдээж, ТЭЗҮ боловсруулах 2.4 тэрбум төгрөгийн тендерт охин компани нь ялалт байгуулж, өөрсдөө их наяд орчим төгрөгийн тендерт ялсан групп өөрсдийгөө хамгаалах нь зүйн хэрэг.

Тиймээс “Синостийл Экьюпментэнд Инженеринг Групп” нь өөрийн албан ёсны цахим хуудастаа засвар хийж, “Чайна Металлуржикал Инженеринг “ ХХК-ийн хяналтын хувьцааг эзэмшдэг гэх мэдээллээ устгажээ. Гэвч БНХАУ-ын бүртгэлийн мэдээллийн сан бүхий Tianyancha аппликейшн дахь баримтыг устгаж чадахгүй юм.

Монгол Улсын иргэн бүр 1072 ш хувьцааг нь эзэмшдэг хамгийн их нүүрсний нөөц бүхий “Эрдэнэс таван толгой” ХК-ийг ийм хүмүүс удирдаж байгаа нь харамсалтай.Шударга бус тендер шалгаруулсан “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ын дарга нь манай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ байх нь эмгэнэл үү? инээдэм үү?

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.